-НОХОЙНЫ ГУЛУУЗ МАХЫГ ХЯТАД, СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗРУУДАД 25-30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛДАГ-
Нохой устгах нэрээр мөнгө олдог бүлэг этгээд нийслэлд цөөнгүй байдаг тухай хэн хүнгүй л ярьдаг. Энэ тухай эрэн сурвалжлах явцад үнэн болох нь тогтоогдлоо. Тэдгээр нохой устгагчид хятад, солонгос хоолны ресторан болон зарим нэг цайны газрууд барилга дээр ажиллаж буй хятадуудад гулуузалсан нохойн мах нийлүүлэх гэрээтэй ажилладаг юм байна. Үнэ нь ямааны нэг гулууз махнаас ч үнэтэйгээр борлогддог байна. Нохойн гулууз мах 25-30 мянган төгрөгийн үнэтэй. Харин ямааны тарган гулууз 20 мянган төгрөгөөр "Хүчит шонхор" зах дээр зарагдаж байна.
Мэдээллийн дагуу Нийслэлийн хот тохижилтын газрын золбин нохой, муур устгалын газрын зарим нэг ажилтан болоод өмнө нь нохой, муур устгах ажилтай байсан анчидтай холбоо барилаа. Тэдэнтэй утсаар холбогдож "Нохойн мах худалдаж авах гэж байгаа юм. Хэдэн нохойн мах нийлүүлэх боломж байна уу. Мөнгө төгрөг дээр асуудалгүй" хэмээв. Гурван ч хүнтэй ярьж үзлээ. Бүгд л "Өө болно ш дээ. Хэдэн мах авах юм бэ. Сайхан янзлаад, бэлтгээд өгнө шүү. Хэрэв мөнгө төгрөг хангалттай өгөх юм бол сайхан тарган нохой өгнө" гэх аж. Ямар үнээр борлуулах талаар асуутал "Арваас дээш нохой авах юм бол 25 мянган төгрөг. Доош авах юм бол 30 мянгаас хөдлөхгүй" гэв. Ингээд нохойн мах зарагчдын нэг болох өмнө нь Нийслэлийн хот тохижилтын газрын нохой, муур устгах ажил хийж байгаад ажлаасаа гарсан гэх залуустай "Хар хорин" захын ойролцоо уулзав. Биднийг 30-35 насны болов уу гэмээр хоёр залуу угтан авч уулзлаа. Тэд бидэнтэй уулзахаас өмнө "Бурзайчихсан" талаар ярив. Нэгдүгээр хорооллын ард шинээр баригдаж буй орон сууцан дээр ажиллаж байгаа хятадуудад 20 гаруй нохойн мах өгөөд 400 гаруй мянган төгрөгтэй болсон юм байх. Хятадууд өөрсдөө нохойгоо шулж, янзлаад арьс, толгойн яс, дөрвөн хөл нь үлддэг гэсэн.
Нохойн анчид нохойг хэрхэн агнаад хаана шулж, хэрхэн борлуулдаг талаар ийн ярилаа. Буудагч, ачигч хоёр өглөө эрт буюу үүр дөнгөж хаяармагц "портер" маркийн ачааны машин болоод тайраад богинохон болгосон калибр маркийн буутай гардаг байна. Энэ үеэр гэр хорооллын айлуудын нохой гудамжаар ид тэнүүчилж байдаг үе гэнэ. Тэгээд л буудаж гардаг гэсэн. Тэд захиалгын дагуу л ажилдаа гардаг билээ. Хятад, Солонгос ресторанууд, барилгын хятад ажилчид байнга нохойн махны захиалга өгдөг юм байна. Хотын гудамжаар айлуудын нохойг буудаад явж байхад цагдаа таарсан ч зүгээр өнгөрөөдөг аж. Цагдаа нар нохойн анчдыг саатууллаа гэхэд хот тохижилтын газраас явж байгаа гээд л мултардаг гэсэн. Өөр тэднийг хууль бус үйлдэл хийж буйг хянах газар огт байхгүй юм билээ. Ийнхүү тарган нохойг буудсан анчид 12:00 цагийн үед нохой шулагч нар руугаа явдаг байна. 32-ын тойрог, Улаан чулуутын хогийн цэг зэрэг газруудад шулаач нар байдаг аж. Тэд гэртээ оруулж байгаад л нохойг бог мал төхөөрч байгаа юм шиг л арьсан дээр нь яанзлаад шуудайлаад өгдөг гэсэн. Шулаач нар нэг нохойг гурван мянган төгрөгөөр язалдаг байна. Ингээд оройхон хэрд түгээлтийн ажилдаа гардаг талаар ярив. Сүүлийн жилүүдэд айлуудын нохойг буудаад эзэнд нь доромжлуулах, зодуулах тохиолдол олон гардаг талаар Хот тохижилтын газрын золбин нохой, муур устгалын ажилтнууд хэлдэг. Иргэдээс ч энэ талаар олон гомдол ирдэг байна. "Нохойгоо буудуулчихлаа" хэмээн ирж буй иргэдийн ихэнх нь нохойндоо улаан даавуугаар хүзүүвч хийчихсэн байсан гэдгээ хэлдэг гэсэн. Гэвч энэ нь айлуудын тэжээмэл тарган нохойны махыг зарж буй хууль бус анчдаас болж буй гомдол юм билээ. Үүнийг холбогдох газрын дарга нар ч мэддэг байна. Гэвч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрч байгаа аж. Хот тохижилтын газрын ажилчид нэг нохой буудаад таван мянган төгрөг авдаг байна. Энэ жилийн оны эхний 11 сарын байдлаар зургаан мянга гаруй нохой устгаад байгаа юм билээ. Нэг анчин өдөрт 12-20 нохой бууддаг байна. Тэгээд хууль журмаар бол Улаанчулуутын хогийн цэгийн дээхнэ байх гүнзгий нүхэнд хар хоншоорыг нь тайрч аваад л хаях учиртай. Харин цалингийнхаа тооцоог хар хоншоороор нь хийдэг байна. Өдөрт анчин, ачигч 100 мянган төгрөгийн цалин авдаг аж.
Сүүлийн жилүүдэд манай оронд барилгын ажил хийхээр жил бүр 100 гаруй мянган хятад ажилчид ирж буй гэх албан бус судалгаа байдаг. Эдгээр хятадууд нохойн мах идэхийн төлөө мөнгө хайрладагүй гэсэн. Үүнээс үүдэн нохойн анчид үргэлж захиалгатай ажиллаж байгаа гэдгийг бидэндтэй уулзсан анчид онцолж байлаа. Мөн захиалга ихтэй сард гурван сая төгрөг чөлөөтэй олдог" гэв.
Томоохон ресторанууд болоод "Хар хорин" захын ойролцоо байх цайны газрууд, цементийн үйлдвэрүүд, 44-ийн зах гээд нохойн мах авах газрууд мундахгүй олон байдаг гэсэн. Мөн ТЭЦ 4-ийн урд талын Туул голд 20 гаруй зэрлэг нугас байдаг гэнэ. Тэндээс уулзсан хоёр анчин захиалга авсан үед зэрлэг галуу агнаж зардаг байна. Мөн тэр хавьд хэд хэдэн удаа дутуу буудаж шархдуулаад хашир болгочихсон эзэнгүй золбин нохойд олон байгаа гэнэ. Ийнхүү тэдэнтэй ярилцаад маргааш нохойны мах авахаар тохиролцоод салцгаасан. Харин маргааш нь утасдаж үзвэл "Өө захиалга их байна. Хоёр хоног хүлээж байгаад махаа авчих. Ах нь нэг том захиалга авчихлаа" хэмээгээд утсаа салгасан юм. Мөн сүүлийн үед нохойн хулгай олон гарч байгаа юм билээ. Саяхан гэхэд Яармагаас айлуудын арав гаруй нохой ачсан машин явж байхад нь цагдаа нар саатуулсан байна. Тэд "Хятадуудад нохой зарах гэж байсан юм" хэмээн мэдүүлжээ. Урд хөршөөс нохой түр мууруулан унагагч бодис байдаг гэсэн. Тэр бодисоор айлуудын өвөрмөц зүстэй нохойг хулгайлж нохой цуглуулагч нар худалдаалдаг бүлэглэл хүртэл бий болсон гэсэн.
Хятад, Солонгос ресторанууд сүүлийн үед ил цагаандаа гарч, хоолныхоо цэсэнд нохойн махан хоолны төрлүүдийг эгнүүлэн бичсэн зөрчил олон гарсан гэдгийг Мэргэжлийн хяналтын нэгэн байцаагч хэлж байсан. Мөн цайны газрууд нохойн махыг нарийн махан хуурга, бууз, хуушуур зэрэг хоолонд хийдэг байна. Нохойн мах өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй. Харин хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг бол нохой нь мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг хэсэг тасархай махтай байдаг гэсэн. Нохойн махыг чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тос нь тал саран хэлбэртэй байдаг гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар хэлж байсан.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
Сэтгэгдэл ( 1 )
shinjilgeetei nohoini mah 2 holoor ni avi