-Таван хүн тутмын нэг нь архинд донтох өвчнөөр өвчилдөг-
Архи хэмээх нэртэй “шидэт ус” улс, үндэстэнг мөхөөх хүч чадлыг агуулдаг. Сархад савнаасаа бусдыг дийлдгийн үлгэрээр өнөөдөр архины хэрэглээ хүрээнээсээ хальж хойч үед маань хар сүүдрээ тусгах боллоо.
Монголчууд аливаа баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэнэ гэж үгүй. Идээний дээд эрдэнэ хэмээгээд л хүртэнэ. Эмийн тун таарвал эмчилгээ тун нь хэтэрвэл хор болдог гэх үг бий. Гэтэл архины хэрэглээ хор болсоор удаж буй. Үүний балгаар нийгмийг цочирдуулсан бараан үйл явдал олон гарч, иргэд ч тоохоо больсон.
Нэг хүнд ногдох архины хэмжээ жилдээ найм эсвэл есөн литр болж өсөхөд “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээ” гэж үзэн яаралтай арга хэмжээ авдаг олон улсын жишиг бий. ДЭМБ-аас саяхан хийсэн судалгаагаар манай улсын нэг хүнд жилд дунджаар 28 литр архи, 270 хүний дунд нэг архины дэлгүүр ногддог.
Таван хүн тутмын нэг нь архинд донтох өвчнөөр өвчилдөг болохыг тогтоожээ. Үндэсний хэмжээнд аюулын харанга дэгдээд буй энэ тоо юуг илэрхийлж байна вэ. 1992 онд Франц Улсад нэг хүнд ногдох архины хэрэглээ 24.6 литр байсныг төрөөс зохицуулалт хийн 15 литр болтол бууруулж чадсан баримт бий. Үүнтэй адил манайд ч архины хэрэглээг хязгаарлаж, зүй зохис, ёс журамтай болгох, цэгцлэх зүй ёсны шаардлага аль хэдийнэ бий болжээ.
Гэхдээ дээрх зүйлсийг ажил хэрэг болгоход иргэд, төр, хувийн хэвшил гээд олон талт байгууллагын идэвх оролцоо чухал. Сүүлийн долоон жилийн хугацаанд хоёр мянга гаруй аж ахуйн нэгжид согтууруулах төрлийн ундаа худалдаж, борлуулах зөвшөөрөл олгожээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 80 гаруй согтууруулах төрлийн ундаа зарах зөвшөөрөлтэй дэлгүүр байдаг бол улсын хэмжээнд хэд байдаг нь тодорхойгүй.
Харин энэ чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архины 91, спиртийн 12, шар айргийн 24 үйлдвэр байдаг. Үүнээс гадна шагийн худалдаа ч газар авсан. Хоёр сая гаруй хүн амтай манай улсад энэ бол дэндүү ахадсан тоо. Зуу хол давсан эдгээр үйлдвэр бүтээгдэхүүнээ стандартын дагуу үйлдвэрлэж байгаа нь бас л хуруу дарам цөөхөн.
Тодруулбал, эдгээрийн 10 хүрэхгүй хувь нь чанар, стандартын дагуу үйлдвэрлэдэг аж. Архины хор хөнөөл, түүнээс үүдэн гарч буй гэмт хэргийг энд дурьдах илүүц биз. Сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд 13-хан настай хүү архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан.
Мөн архи гэгч нь хүний удмын санд нөлөөлж, архи уудаг эцэг, эхээс төрөлхийн гажигтай, оюун санаа сэтгэцийн эмгэгтэй хүүхэд төрдөг. Хорвоод хүн болж буй бяцхан үрс ч архины золиос болж байгаад харамсмаар. Өнгөрсөн оны найман сарын байдлаар 12 мянга гаруй гэмт хэрэг үйлдэгдсэний 26 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарчээ.
Баяр ёслолыг “архигүй тэмдэглэе” хэмээн уриалга гаргадаг ч бас л хэрэгжиж байгаа нь үгүй. Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. Оны босгон дээр эрүүлжүүлэх, түргэн тусламжийн төвд хандагсдын тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Хэдийгээр архины хор уршгийг хүн бүр мэддэг ч түүнээс татгалзах сонголтыг хийж чаддаггүй нь монголчуудын дутагдал.
Тэр ч байтугай сүүлийн хэдэн жилд сархад хэмээх идээг хэрэглэгчдийн нас залуужин, архины төрөл нь ч олширсон. Арга ч үгүй биз. Бага насны хүүхдээ архинд гүйлгэдэг эцэг, эх тэдэнд худалддаг дэлгүүр газар авсан. Архины хэрэглээг хувь хүний ухамсартай холбон тайлбарлахаас илүүтэй төрөөс дорвитойхон бодлогын зохицуулалт хийх нь зүй ёсны хэрэг мэт.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон хууль байдаг. Угтаа сурталчлахыг хориглохоос илүүтэй үйлдвэрлэгчид болон худалдан борлуулж буй аж ахуйн нэгжийн тоог багасгах талд арга хэмжээ авбал дуугаар эхэлж уйлаанаар төгсдөг архидалт багасах нь лавтай. Уг нь сардаа нэг удаа архигүй өдрийг тэмдэглэдэг ч тэр өдөр нь халамцуу, хөлчүүхэн хүн хаа нэгтээ явж л байдаг.
Жилд дунджаар 140 мянган хүн эрүүлжүүлэгдэн, архидалтын улмаас тогтмол 1800 орчим хүн нас барсаар байна. Дэлхий дээр жилд мөн л архинаас болж 1.8 сая хүн хорвоог орхидог гэх харамсалтай тоо бий. Архи иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ийн ноцтой занал учруулсаар. Харин нөгөө хэсэг нь түрийвчээ түнтийлгэж, үндэсний аюулгүй байдлыг үл ойшоон архидалт газар авах арга замыг бий болгосоор.
Эх сурвалж:Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )