Монголчуудын битүүлэх ёс

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 21

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороож, сэмжээр нь бүтээн, дал, дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж, эрүүг нь зааснаар битүүлгээ эхлүүлдэг байна. Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь алга мэлхий өрж тоглох юм. Алга мэлхий өрж тоглох наадгайд хожсон хүн тэр жилдээ олз омог ихтэй байхыг билэгшээдэг байна. Дашрамд дурдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top