Засгийн газрын “захиас”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Оросын эрх баригчид газрын тосны компаниудтай тохиролцож, сонгууль хүртэл нефтийн бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хазаарлах “даалгавар” өгсөн тухай “Коммерсант” сонинд мэдээлжээ.

Тус улсын Шадар сайд Игорь Сечин өнгөрсөн нэгдүгээр сард ийм шийдвэр гаргасан хэмээн эх сурвалжид онцолсон байна.

СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ТЭСЧИХ...

Оросын Эрчим хүчний сайд Сергей Шматко орон нутгийн удирдлагатай уулзах үеэрээ энэ тухай мөн дурдаад амжив. “Хавраас газрын тосны үнэ өсөж магадгүй ч бид шатахуун, түлшний бөөний болон жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд барихыг нефтийн компаниудтай тохиролцсон” гэж тэрбээр мэдэгдсэн юм. Энэ тохиролцоог зөрчихгүй байх талаар хяналт тавина гэдгээ ч Эрчим хүчний яам орон нутгийн удирдлагад амлаж байв. Түүнээс гадна нефтийн бү- тээгдэхүүний дотоодын нөөцийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа ч тэрбээр нуусангүй. Нефтийн компаниуд ч Сергей Шматкогийн хэлснийг баталж байна. Гэхдээ энэ бүхэн эрх баригчдын хэлснээр тохиролцоо биш, даалгавар гэд гийг нефтийн компаниуд мэдэгдэж буй. Өнгөрөгч оны байдлаар ОХУ-д нэг литр А95 бензиний үнэ дунджаар 28.4 рубль байсан нь Европтоо хамгийн хямдад тооцогдож байсан. Гэвч энэ үзүүлэлт энэ онд, тодруулбал сонгуулийн дараа өөрчлөгдөх нь бараг тодорхой боллоо. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өсвөл нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор хазаарлаж байгаа компаниуд алдагдалд орох нь мэдээж. Хамгийн гол нь өнгөрсөн нэгд үгээр сард Игорь Сечин нефтийн компаниудын удирдлагатай уулзахдаа сонгуулийн дараа алдагдлаа нөхөх боломжийг тэдэнд олгохоо амлажээ.

ЭКСПОРТООС “ШАРХАА НӨХНӨ”

Яаж, ямар механизмаар нефтийн компаниуд алдагдлаа нөхөх нь одоогоор “тодорхойгүй”. Эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ Засгийн газрын “захиас”-аар нефтийн бүтээгдэхүүний үнийг царцааж буй компаниуд экспортоосоо “шархаа нөхөх”-ийг илүүд үзнэ. Учир нь бензинээ экспортлох нь дотоодын зах зээлд хямд үнээр зарснаас илүү ашигтай тул монополь компаниуд бүтээгдэхүүнээ гадагш гаргахыг хүсэх нь ойлгомжтой. Гэтэл дотооддоо шатахууны нөөцийг нэмэх, үгүйдээ л өнгөрсөн оны түвшинд барихын тулд эрх баригчид нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг хязгаарлаж магадгүйг шинжээчид онцлов. Эрх баригчидтай тохиролцсон компаниуд алдагдлаа нөхөхийн тулд гадагш гаргах бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх нь л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” хувилбар болж таарах нь.

БАС Л ТҮГШҮҮР ЗАРЛАХ УУ

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь гадаадаас хангадаг, түүнийхээ 90 гаруй хувийг ганцхан хойд хөршөөсөө авдаг Монголын хувьд энэ таамаглал дахиад л түгшүүрийн дохио болж байна. Оросын Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сар хүрэхгүй хугацааны дараа манайд Парламентын сонгууль болно. Энэ хугацаанд дотоодын зах зээлд үнийг тогтвортой байлгахын тулд импортын бензин, дизель түлшний онцгой албан татварыг дахиад л доошлуулах уу? 2008 оны хавар нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж эхэлмэгц импортлогчдыг татвараас чөлөөлж, татаас ч өгсөн удаатай. Тэглээ гээд үнэ өсдгөөрөө өссөн. Энэ удаад ч гэсэн түүх давтагдаж магадгүй нь.

Х.ОДОНЧИМЭГ

mongolnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top