Сонгуулийн мөнгөний амлалт

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Энэ он гарсаар  МАНАН-гийн засгийн газар сарниж, нийслэл утаагүй болохтой адил зүйл болох шахсан ч МАН нь үлдчихээд ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээнд хутгаж бордооны гахай болгох бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

Манай улсын амьжиргааны түвшин, нийт хүн амын бодит орлого сонгуулиас сонгуулийн хооронд улам бүр муудсаар байна. 

1990-ээд оны дунд үеэс Монгол орон ардчилсан нийгэмтэй болж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн уриатай болсноор ийм үр дагаврууд бий болсон гэж үзэх хүмүүс олон байдаг. Нээрээ ч бодоод байхад тэр цаг үеэс ажилтай байсан иргэд ажлын байргүй болж, үйлдвэрийн газрууд хаалгаа нэг нэгээр барьсаар гудамжинд тэнүүчлэх, ажилгүй, архи дарс уусан шиг бор хоногийг өнгөрөөх хүмүүс гудамжаар мэр сэр үзэгдэх болж харин өнөөдөр тэд угаас байсан зүйл мэт дасал болжээ. Ардчилал цаг үеэ олсон хэдий ч ардчилсан орнуудтай харьцуулахад буруу утгаараа хөгжөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөгөө эдлэж байна гээд дэндүү аашилах, эргээд үүргээ ухамсарлахгүй байдал нийгэмд бий болж хүн болгон л өөрийнхөө эрхийг ярьдаг болсон. Нөгөө талаар улс төрийн эрх мэдлийг гартаа авч үүгээрээ дамжуулан ашиг хонжоо олох, харийн орны бодлогыг дэмжих, хэрэгжүүлэх үйл явц Монголын парламентад хүчээ авч эхлэв. Ингээд Улсын Их Хуралд суудал авахаар улайран шунагчид дэндүү ядуурч байгаа ард иргэдийн амин гол судлыг олж хараад түүгээр тоглож эхэлсэн нь 2003 оноос эхтэй гэж үздэг. Өмнө нь хоёр ч удаагийн Их хурлын сонгууль тэгсгээд л мөрийн хөтөлбөр тараах байдлаар өнгөрсөн бол 2004 оны сонгуулиар итгэлийн 10 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянга гэхчлэн бэлэн мөнгөний амлалтаар бялхаж энэ бүхнийг авах хүсэлдээ автсан иргэд их тоо амлаж байгаа руу нь хошуурч эхэлсэн. Монголчуудын сэтгэлгээ мөн хэцүүеэ. Зүгээр юмаа өгдөг хүн гэж энэ нийгэмд хэзээ ч байдаггүйн адил зүгээр л бидэнд мөнгө тарааж байгаа хэрэг биш шүү дээ. 2005 оны 1 сараас эхлэн Монгол улсад нийгмийн халамж, төрийн тусламж хүртдэггүй хүн гэж байхгүй болж 2008 онд улс төрийн намууд амласан мөнгөнийхөө хэмжээгээр уралдаж санал түүсэн бол, энэ удаагийн ээлжит парламентын сонгуулийг жинхэнэ мөнгөний сонгууль болно хэмээн хөндлөнгийн ажиглагчид, улс төр судлаачид үзэж байна. Хамгийн хатуу хууль баталсан сонгууль энэ удаагийнх, тэгсэн хирнээ хатуу хуулийг нь яаж л бол яаж зөрчиж уландаа дэвсэж болно, харин дараа нь хэн ч хэнд ч хариуцлага тооцохгүй.

Саяхан 2012 оны сонгуульд мөнгө тараахгүй гэсэн гэрээнд намууд гарын үсэг зурсан. Харин энэ мөнгөө хороодын дарга нарын халаас руу шургуулж эхэлснийг гэрчлэх хүмүүс, хэлэх эх сурвалжууд байна. Энэ мөнгийг одоогоор СХД-ийн хороодын дарга нар хүртээд байгааг ч эх сурвалж хэлж байгаа юм. Энэ нь төрийн албан хаагчдын амьжиргааг дэмжих бодлого юм гэсэн. Хороон дарга Монголын төрийн албан хаагчдыг бүгдийг нь төлөөлж чадах уу? Монгол улс халамж хэлбэрээр тарааж байгаа мөнгөөр юу хийж болох вэ? Өнөөдөр иргэдийг юу бухимдуулдаг вэ? Тэдэнд тогтмол цалинтай ажлын байр, тэтгэвэрт гарахад эрсдэлгүй ирээдүй, тэргээр зорчиход донсолгоогүй зам, гэрээсээ агаар уужуу тэнүүн амьсгалах цэвэр агаар, химийн бодисоор бохирдоогүй цэвэр ус гээд нэрлээд байвал нийтийн маш олон зүйл бий...Харин эсрэгээрээ байгаа энэ цаг үед иргэд хамгийн ихээр бухимддаг. Манай улс нийгмийн халамж хэлбэрээр гавьяат цолны мөнгө,”Алдарт эх”-ийн одонгийн мөнгө, тэтгэврийн мөнгө, групптэй хүмүүсийн тэтгэмж, эхийн сүүний мөнгө гэхчлэнгээр 17 нэр төрлийн халамжийг мөнгөн хэлбэрээр тарааж байна. Ийм халамжууд байж болно. Гэхдээ авах хүмүүс нь яасан их гээч! Мөнгөн халамжийг бүх улс оронд л тараадаг, гэхдээ манайх шиг хавтгайрч биш, бас хоёрын хооронд хоолны мөнгө биш дориун их мөнгө тараадаг. Жишээ нь Солонгост амаржсан эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл сар бүр 800 мянган вонны тэтгэлэг авдаг байхад манайд мөнгөний ханш ижилхэн хирнээ амаржсан эхчүүд сард 26 мянган төгрөгийг хүүхдээ 9 сар хүртэл авдаг. Энэ хоёрын хооронд хэдэн төгрөгний зөрүү байгааг, бас улс орнуудынх нь хувьд эдийн засгийн хөгжил ямар байгааг харьцуулаад харж болно.

Харин өөр нэгэн халамжийн хэлбэр нь сонгуулийн амлалт. Бэлэн мөнгө тараалтын энэ бодлого ардчилсан оронд хэзээ ч байх боломжгүй бодлого. Хэдхэн тоо толгой үлдсэн индианчуудыг Америкийн төр засгаас онцгой анхаарч, халамжилж амьдрах орчныг нь тордож, өөрсдийг нь борддог. Тэр бүхний цаана индианчуудыг мөхөл рүү нь хурдан тэр дундаа оюун санааны мөхөл рүү явуулах бодлого цухалзаж байдаг. Тэгвэл Монголыг нэг хэсэг Кремлиэс удирдаж яг л ийм бодлого хэрэгжүүлж байсныг бидний аав ээжүүд сайн мэднэ. Гэхдээ тэр үеийнх нэг давуу талтай нь хүн болгон цалинтай, амьжиргаандаа санаа зовох зүйлгүй, бүгд ажилтай, архи бага уудаг байж. Бэлэн мөнгө тарааж байгаа энэ үйлдлийг  аль нэгэн нам, улс төрийн байгууллага руу энэ удаад чихэхгүйгээр яръя гэж бодоход эдийн засгийн тооцоолол талаас нь дараах байдлууд харагдана. 

Сүүлийн 6 жил ямар нэгэн байдлаар 2.5 сая гаруй иргэнээс хүүхэд, хөгшин давхарсан тоогоор 1.5 сая орчим нь, өнгөрсөн 2011 оноос 2.7 сая хүн ам бэлэн мөнгө тараалтанд хамрагдаж энэ хэлбэрийн тэтгэмжийг авсан байна. Өнөөдөр тэр мөнгийг улсын хөгжил болон бусад зүйлд зарцуулсан бол бид ямар баялагтай болох байсан бэ? Баялаг биш юмаа гэхэд хөгжилдөө зарцуулсан бол юу хийж болох байв? 2005 оноос эхлэн хүүхдийн мөнгө сар бүр тарааж байлаа. Энэ үед 1 сая 450 мянган хүүхдэд мөнгө тараана гэсэн тооцоолол хийсэн байдаг. Тухайн жилдээ хүүхдийн мөнгийг 954 мянган хүүхэд авсан нь жилийн 120 орчим тэрбум төгрөг болж байжээ. Энэ мөнгийг 4 жил тараагаад 2009 оноос хэлбэрийг нь өөрчилсөн. Энэ хугацаанд 480 тэрбум төгрөг зарцуулсан гэж тооцъё. Харин залуу гэр бүлийн мөнгийг 2006 оны 1 сарын 1-ний өдрөөс олгохоор хэрэгжүүлж тус өдрөөс хойш гэр бүлээ анх удаа бүртгүүлж байгаа залуу хосод 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг төрөөс олгож эхэлсэн.

Өмнө нь манай улсад жилдээ 15 мянган залуу гэр бүл гэрлэлтээ бүртгүүлдэг байсан бол 500 мянгыг авахаар залуу хосууд, найз нөхөд ч хамаагүй гэрлэлтээ баталгаажуулж жилд 30 мянган хос төрийнхөө халамжийг хүртэв. Энэ бол статистик мэдээллээс авсан тооцоо судалгаа юм. Жилд 30 мянган хосод 500 мянган төгрөг тараасан гэж үзвэл 15 тэрбум болно. Энэхүү мөнгийг 2009 оны 12 сарын 31-нээр тасалбар болгосон. Энэ хооронд гэрлэлтийн тоо өссөн үү гэхээс буураагүй. Иймд анхны жилийн олголтоор 4 жилийг тооцоход 60 тэрбум төгрөг болно. Хүүхдийн 480 тэрбум, залуу гэр бүлийн 60 тэрбумыг нийлүүлэхэд 540 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө байдлаар тараасан байгаа юм. Энэ бол 2004 оны сонгуулийн амлалтын нэг хэсэг нь. Ингээд 540 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааснаар хилийн чанадаас орж ирэх хүнсний болон хувцас, бараа бүтээгдэхүүний худалдан авалтанд зарцуулагдсан гэж үзвэл энэ мөнгөний 50-80 хувь нь урд хөршийн эдийн засгийг дэмжиж, 540 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байх юм. Нөгөө талаар дүүргүүдийн шүүхээр яваад тооцоо судалгаа цуглуулбал залуу гэр бүлийн мөнгөн тэтгэмжинд хамрагдсаныхаа дараа гэрээ бүлээ цуцлуулсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байхыг харж болно. Жилд 1500 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байсан бол энэ тоо хэдхэн сарын дотор 4000-д хүрсэн харамсалтай тоог ч дурдаж болно. Нэг талаар залуу гэр бүлийг дэмжсэн юм шиг харагдавч нөгөө талаар мөнгөний төлөө гэрлэлтээ батлуулж, эргээд салсан гэр бүлийн тоо үүнээс ч илүү өссөн сөрөг үр дагавар эндээс харагдаж байгаа юм.

Нөгөө талаар одоогоос 5 жилийн өмнө нийслэлийн утааг бууруулах, утаагүй хот болоход 450 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байсан бол дээрх 540 тэрбумаас хангалттай утаагүй болох ажлын мөнгө гарч болох байлаа. Тухайн үеийн ханшаар барилгын материал болон үнэ ханшийг тооцож нийслэлийн иргэдийг хүү багатай урт хугацааны байрны зээлд хамруулсан бол 1 өрөө байраар тооцоход 42 мянган айл өрхийг орон сууцжуулах боломж байлаа. Ядаж л 1980-аад оны үед тавигдсан жил бүр нөхөж төсвийн мөнгийг борооны усанд урсгадаг энхэл донхол болсон хэдэн замаа шинэчлэх, шинэчлэх шинэчлэхдээ Япон, Солонгосын технологиор чанартай замуудыг барих боломж нөхцөл байсныг дурдах хэрэгтэй.  Дээрх мөнгийг тарааснаараа дараагийн сонгуульд ярих зүйлтэй, амлалтаа хэрэгжүүлсэн мэт тайлбар хийх нь ердөө л сонгуулиас сонгуулийн хооронд дахь шоу юм.
Үргэлжлэл бий…
Г.Тэгшжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top