Малчин эмэгтэйчүүд, ээжүүдийн гавьяа зүтгэлийн жишээг холоос эрэх хэрэггүй юм. Сайн бодож үзвэл манайд ч, танайд ч бэлээхэн жишээ байгаа. Манайх гэхэд л 1-16 настай зургаан хүүхэдтэй ааваас минь хагацаж, биднийг хүний дайтай өсгөж, мал аж ахуйн албан журмын хүнд үеийг туулж, нэгдлийг байгуулалцаж, амьдралын ачааг ганцаараа нуруундаа үүрсэн малчин ээжийн гэр бүл.
Оюутан болж хотод ирээд ХААЯ-ны үүдэн дэх хурга сугавчилж, хувин барьсан малчин эмэгтэйн хөшөөг хараад ээжтэй минь адилхан санагдаж билээ. Тэр бол мянга мянган малчин эмэгтэйчүүддээ зориулж маршал Чойбалсангийн үед босгосон хөшөө гэж сонссон. Харин түүнээс өөр малчин эмэгтэйчүүдэд зориулсан хөшөө дурсгалын тухай сонсоогүй. Харин Говь-Алтайн Чандманьд Аавуудын хөшөө босгосныг үзсэн. Гэтэл ерээд оны эхээр Дорноговийн Дэлгэрэх сумын "Алдарт эх" Норжмаагийн хүүхдүүд нийслэлийн Хүүхдийн төв больницын өмнө ээждээ зориулж сайхан хөшөө босгосон. Тэр хөшөө бас алдар хүндтэй малчин ээжийнх нь дурсгал юм.
Ерөнхий сайд С.Батболд санаачилж, орон даяар шилдэг малчин эмэгтэйчүүдийг тодруулж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нийслалд урьж, хүндлэл үзүүлж байгаа тухай мэдээг сонсоод би энэ бүхнийг дурсаж сууна. Ерөнхий сайдын энэ санаачлагаас үүдээд улс орныг минь үеийн үед авч яваа малчин түмний дотроос малчин эмэгтэйчүүддээ төрийн хайр хүндлэл тэгш хүртээж чадсан юм болов уу хэмээн бодохын учир үзэг цаас барьсан ньэнэ.
Нэлээд эртний "Элбэг дээл" гэж кино бий. Малчин айлын амжилт бүхэн өрхийн тэргүүний нэр дээр данслагдаж байсан цаг. Амжилтаараа тодорсон малчдыг нийслэлд болох зөвлөлгөөнд урихад гэргий нь хэзээний л нөхрөө явна гэж бодоод шинэ дээл оёж өгнө. Гэтэл гэргийнх нь нэр дээр урилга ирж, цагт хавчигдаад нөхөртөө оёсон том дээлийг өмссөн гэргий нь хот орно. Жаахан адал явдалтай боловч малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр бүтээлийг зөв зүйтэй үнэлэхийг сануулсан анхны бүтээл байжээ.
Өнөөдөр өрх толгойлсон эхчүүд гэж их ярих болж. Үнэн чанартаа айлыг өрхийн тэргүүнээр нэрлэдэг ч ачир дээрээ анхиа муутай, архи балгачихдаг нөхрөөсөө илүү гэр орноо авч яваа гялалзуур бүсгүйчүүд хөдөөд олон бий. Нөхөр сүүдэр нь байсаар байхад, тэр ажилсаг гэргийн нэрээр айлыг дууддаг тийм нутаг орон ч байдаг. Алтан Хандынхны удам гэж зартаи малчин хүүхнүүдиин удам манаи говьд одоо ч бий. Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү асан, Бүсгүй хүн хорвоогийн Бүх ачааг үүрэлцээд Бүлтгэр үрээ дээрээснь Нэмж бас үүрдэг ... гэж их онож бичсэн юм.
Өнөөдөр Эрээнээс хэн гахай зөөж явааг, эмч, багш нарын хэдэн хувь нь бүсгүйчүүд байгааг, хүүхдийг хэн өсгөж, хөгшид настанг хэн асарч тойлж суугааг нийгмээрээ мэдэрч байна. Cap шинэ сайхан болж өнгөрлөө л гэнэ. Айраг, сүү цагаан идээний зах гарч гэнэ, тэндээс хэрэгтэй юмаа авлаа л гэнэ. Тэгээд тэр их бялхаад байгаа идээ цагааг хэн бэлтгээд байгаа хэрэг вэ. Малчин эмэгтэйчүүд.
Ерөнхий сайдын санаачлагыг гардан зохион байгуулж байгаа ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "...Малчдын 46 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний дундаас 21 хүнийг шалгаруулж, нийслэлд урьсан. Гавьяат болон аймаг, сумын сайн малчин, эмнэг сургалтын аварга, 4-14 хүүхэд төрүүлж өсгөсөн "Алдарт эх"-чүүд, 3000-аас дээш малтай, есөн хүүхдээ малчин болгосон, ядуу буурай өрхийг малжуулсан хүмүүнлэг, үйлэнд уран, спортын аварга эзэгтэй нар байгаа..." гэж зурагтаар ярихыг сонслоо. АИХ-ын депутат байсан хүн ч бий гэнэ.
Тиймээ, Монгол Улсын түүх бол малчин түмний түүх. Малчин түмнээ ярихдаа бид малчин эмэгтэйчүүдээ ярих учиртай. Монголын төр нэг хором ч амгалан байгаагүй тэр түүхэн он жшгүүдэд малчин эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ л хамт байсан. Өүлэн эх, Сорхогтонбэхи, Мандухай сэдэн цөм малчны гэрт төрсөн. Ойрхны түүх сөхвөл Дондогдулам, Сүхбаатарын Янжмаа, араас нь залгаад Сономын Удвал, Н.Норовбанзад асан цөм малчин ээжийн охид. Тэгвэл Г.Хайдав гуай, Л.Цогзолмаа гуай, Н.Жанцанноров цөм малчин ээжийн хүүхдүүд.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрөө малчин байсан хүн. Хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд, Хомбоодой, тэмээчин Эс, Жижээ гэвэл санах хүмүүс ч бий, үр хүүхэд нь ч байгаа. Алдарт уяач Хорлоодой гэж өндөр настан байгаа. Манай дэлхийд данстай нэртэй эрдэмтэд, ардын уран зохиолчид, ардын жүжигчид цөм малчин ээжийн хүүхдүүд. Харин мал аж ахуйгаас төрсөн алдартнууд, улсын аваргуудын дотор эмэгтэйчүүдийн эзлэх жин ямар байсныг эрэгцүүлбэл тун сэтгэл гонсойлгосон тоо гарах вий.
Цагтаа мандаж явсан Хөдөлмөрийн баатар Доржханд гуай саяхан болтол өөрийн гэх орон байргүй, бяцхан мухлагт сүү зараад, тэндээ голцуу амьдарч байхыг хараад, даанч дээ гэж бодогдсоноо нуугаад яахав. Шинэ цагт ч гэсэн "Улсын сайн малчин" алдар хүртсэн эмэгтэйчүүд гэж ер нь санаанд буухгүй л байна. Ардчиллаа л гэнэ, хүйсийн тэгш эрхийг хангалаа л гэнэ. Үнэндээ энэ нийгэмд ч гэсэн эмэгтэйчүүдээ спортоор юм бол орлон тоглогчийн байр сууринд тавьсан хэвээрээ л байгаа бус уу.
Ерөнхий сайд санаачилж, ХААН банк ивээн тэтгэж шилдэг малчин эмэгтэйчүүдээ тодруулан хүндлэл үзүүлж байгаа энэ арга хэмжээ нь дээрх байдлыг өөрчлөхийн эхлэл байгаасай гэж хүсэх юун. С.Батболд "Монголын шилдэг 1000 хүүхэд" номын оршилд "Эмээгийн олгосон хүмүүжил намайг эх үрсийг хайрлах сэтгэлтэй болгосноос манайх үеийнхэн дотроо хамгийн өнөр гэр бул болсон" гэж бичсэн байсан. Тэрбээр говийн малчин эмээгийн удам гэдгээ харуулж, мянга мянган малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож шилдэг 21 эмэгтэйг сайхан баярлуулж чадлаа.
Эмээ нь баярын энэ өдөр тэнгэрээс хараад зээ хүүдээ баярлаж байгаа биз ээ. Монгол Улс хэчнээн хөгжлөө ч, бүр бар арслан боллоо ч мал, малчид, малчин удмаасаа салахгүй. Тэр удмын уг сурвалж нь малчин ээжүүд. "Хонио хариулахдаа хоёулаа болоосой, ходоодоо идэхдээ гандаараа болоосой" гэж үг бий. Төв суурингийнхан бид "Малчин түмэндээ гялайлаа" гэж хэлж сурмаар байгаа юм. Харин энэ Засгийн газар "Монгол мал" хөтөлбөр батлуулж, мал эмнэлгийг сэргээж, ноолуур, ноосонд мөнгө өгч малчдаа баярлуулсан гавьяатай.
Малчид маань бас "Төр засагтаа гялайлаа" гэж хэлж суугаа биз ээ. Хорин нэгэн дар эхийн тоотой шилдэг малчин эмэгтэйчүүд нийт малчин ээжүүдийг төлөөлөн нийслэлд маартлахдаа зүгээр л нэг дарс, бялуу хоёр амсаад буцсангүй. Эрүүл мэндээ хянуулж, гоо сайханд орж, дээдсийн жаргадаг буудалд тарвалзаж, малчдыг харьяалдаг яамныхаа сайдтай уулзаж, Ерөнхий сайдындаа зочлон, гэргийнх нь гарын цайг ууж, чухамдаа юм үзэж нүд тайлаад буцаж байна.
Энэ удаад нийслэлийн "Маартын" хамгийн хүндтэй зочид нь малчин эмэгтэйчүүд байлаа. Тэд ингэж төрдөө эрхлэх хүндтэй хүмүүс. Өрөөлийн төлөө өр зүрхээ өвтгөж, өглөө оройгүй хэдэн малаа гэж явдаг тэд бусдын хайр энхрийллээр ямагт дутаж байдгийг бид анзаардаггүй. Энэ сайхан эхлэл уламжлал болоосой билээ. Хорин нэг биш 200, 300-гаараа ирж баярлаж байгаасай. Шилдэг малчин эмэгтэйчүүдийн тухай нэвтрүүлэг зурагтаар гарахыг үзэж суусан зуун насыг шүргэж яваа ээж минь "Эд чинь л ёстой 21 дар эх байна даа" хэмээн залбиран наманчилж харагдана. Малчин ээжүүддээ мөргөмү.
СГЗ, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд
Сэтгэгдэл ( 0 )