Картын бараанд дугаарлан зогсдог байсан шигээ халамжийн мөнгөнд дугаарлан зогссоор л, хөөрхий Mонголчууд. Монголын төрийн эрхийг барьж байгаа намууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, иргэдэд ээлтэй тэдний төлөө ажилладаг төр байхын төлөө хэмээн уриа лоозон гаргаж ард түмний саналыг эх орны хувь хишиг хэмээн мөнгө олгож буй мөнгөөр худалдаад авчихсан гэхэд болно. Cap бүр авах 21000 төгрөг хэрэгтэй хүндээ их мөнгө.
Үүний илрэл нь cap бүрийн 15-наас хойш банкууд дээр дугаарлан зогсох ард түмэнг харж болох юм. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй гэж хэлж байгаа энэ мөнгө дугаарлан зогсож байгаа хүмүүсээс харахад Монголын бүх хүмүүст хэрэгтэй юм шиг. Cap бүрийн 15-наас хойш банкуудын үүдэнд алалцуулж байгаа энэ мөнгө cap бүр эзэддээ очиж түүнийг Монголын ард түмэн хоног тоолон хүлээж суудаг. Хүний хөгжлийн энэ мөнгө cap өнгөрсөн байж л байдаг нь сайхан.
За энэ Хүний хөгжлийн мөнгө ч яахав өгдөг журмаараа авдаг хүмүүс нь аваад явж байгаа зүйл. Харин УИХ-ын 76 эрхэмтэй, эрхэмгүй Монгол Улсын хуульд заасны дагуу эрхээ эдэлж авах ёстой халамжийн мөнгө хүрэх эзэддээ cap бүр очдоггүйн учир юун. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 200 гаруй мянган хүн халамжийн мөнгө авдаг байна. Өнгөрсөн 2011 онд нийт 43 тэрбум төгрөгийг халамжийн мөнгө өгөхөд зарцуулсан байна.
Харин оны эхний нэг сарын байдлаар 114 мянга 341 хүнд 2.8 тэр бум төгрөгийг өгсөн байна. Гэхдээ дээр дурдсан 200 гаруй мянган иргэн энэхүү халамжийнхаа мөнгийг авах гэж хамаг байдаг чадлаа барж улсаас өгч байгаа халамжийн мөнгөө авахад ихээхэн хүндрэл учирдаг байна. Магадгүй тэр сонгогдсон эрхмүүдийн нөлөөгүйгээр өгөх мөнгө учраас хүндрэл учирч байгаа байх. Миний таньдаг эгч бие давхар болж халамжийнхаа мөнгийг авах гээд 10 дугаар хороололд байрлах Хадгаламж банкны салбарт очсон байна. Хэдэн cap аваагүй халамжийнхаа мөнгийг бөөнд нь авах санаатай очсон эгчид тус банкны теллер "таны мөнгө орж ирээгүй байна" гээд буцаажээ.
Уг нь cap сардаа орж ирэх ёстой мөнгө яагаад банкандаа хадгалагдаж байдаггүй юм бол. Хүний хөгжлийн мөнгө хэмээн cap бүр олгож байгаа 21000 төгрөг тухайн хүний нэр дээр нь хадгаламжинд нь хадгалагдаад дуртай үедээ АТМ-аас очоод авч болоод байхад халамжийн мөнгө авдаг хүмүүс яагаад авч чадахгүй байна вэ. Жинхэнэ утгаараа халамжийнхаа мөнгийг авах ёстой хүмүүс нь мөнгөө авч чадахгүй байгаа гэсэн үг. Энэ халамжийн мөнгийг авдаг хүмүүс нь нийгмийн эмзэг бүлэгт хамаарагддаг эмээ, өвөө, жирэмсэн эхчүүд, тахир дутуу иргэд байдаг. Өгөх ёстой мөнгийг нь авах цагт нь өгчихгүй, авах цагтаа аваагүй бол нэгэнт орж ирсэн мөнгийг хадгалж байхад тэр банк дампуурчихгүй л байлтай.
Халамжийн мөнгө авдаг иргэд мөнгө нь хэзээ орох бол гэж хүлээдэг, хардаг, цөхөрдөг. Халамжийнхаа мөнгийг авах гээд очиж байгаа хүмүүс мөнгөө орсон үгүйг Ванга шиг зөгнөж орсон бол Цеазарь шиг тэмцэж байж авна гэсэн үг. Товчхондоо халамжийн мөнгө авах гэж байгаа хүмүүсийн зургаа дахь мэдэрхүй дээд зэргээр хөгжсөн байхаар зогеохгүй түүнийгээ ашигладаг мэдэрдэг байна гэсэн үг. За тэгээд арван хуруу тэгш хүн байхгүй болохоор зургаа дахь мэдэрхүй нь хөгжөөгүй нэг нь хоцорч очсон тохиолдолд Хадгаламж банкны теллер хөөрхөн гэгч нь хохироосон тайлбарыг хэлээд явуулчихдаг. Тодруулбал, "Мөнгөө тухайн үедээ дугаарлан зогсож авч чадаагүй бол хохь чинь" гээд товч бөгөөд тодорхой хариултыг хэлдэг байна.
Тэгэхээр зургаа дахь мэдэрхүй гэдэг ямар чухал болохыг харж болох юм. Ардчилсан, эрх чөлөөтэй Монголд хуулийн дагуу олгох ёстой мөнгө өгөхөд хүртэл хүнд суртал гэгч байсаар байгаагийн илрэл энэ буюу. Тэгэхээр нярай биетэй эх, таягаа тулсан өвөө эмээ нар эрүүл саруул хүний хөгжлийнхөө мөнгийг авах гэж байгаа хүмүүстэй эр бяраа үзэж мөнгөө авах болох нь. Хүмүүсийн хэлдгээр арчаатай нь мөнгөө авч арчаагүй нь хохирч үлдэнэ гэдэг л болох бололтой. Мэдээж халамжийн мөнгө авах гэж байгаа хүмүүс хохирч үлдэх нь ойлгомжтой. Энд нэг зүйлийг хэлэлгүй өнгөрч болохгүй.
Арчаатай эрч хүчтэйгээрээ бахархан мөнгөө авсан иргэд авсан мөнгөө Хараа Ерөөнөөс дээш архи болгон сольж нэг өдөр зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэн өнгөрөх нь энүүхэнд. Харин арчаагүйд тоооцогдон хохирч үлдсэн иргэд хэрвээ мөнгөө авсан байсан бол цайныхаа сүү, хүүхдийнхээ сүү тэжээлийг авах байсан биз. Товчхондоо гэхэд халамжийн мөнгөөр ард түмэн чүүтэй чайтай амиа зогоож байхад хүний хөгжлийн мөнгө ард түмнийг архинд живүүлж байна. Та ердөө 10 дугаар хорооллын Хадгаламж банкны 68 68 36 гэсэн дугаар руу залгаад үзээрэй. Зөвхөн 10 дугаар хорооллын Хадгаламж банк ч биш өөр бусад газарт байгаа тус банкны салбаруудынх теллер ч гэсэн "Таны мөнгө ороогүй байна. Та тухайн үедээ дугаарлан зогсож байгаад авахгүй яасан юм бэ." гэж хэлнэ.
Энэ бүхнийг харсан хэн ч аль нь зөв тогтолцоо, буруу тогтолцоо гэдгийг хэлээд өгнө биз. Тэгэхээр улсаас зүгээр өгч байгаа гэх энэ мөнгө ард түмний авьяас чадлыг барж бяртай тэнхээтэй нь түрүүлж аваад хамгийн түрүүнд мөнгөө авах ёстой ядарсан нэг нь авч чадахгүй үлдэх нь. Хамгийн гол нь энд нэг шударга бус зүйл байгаа нь cap бүр дансанд нь орж байгаа бэлэн мөнгийг эрүүл саруул иргэд нь cap бүр авч хар ус авч уугаад байхад эмзэг бүлгийн хүмүүс нь юу ч болгож чадахгүй дараа сарыг буюу мөнгө орж иртэл хүлээх болчихоод байна. Улсаас төсөвлөөд өгч байгаа тэр мөнгө дараа ирэхэд ч байж л байх ёстой биш гэж үү. Эсвэл халамжийн мөнгө нэрийн дор мөнгө угаагаад байна уу. Шалгаад үзчихэд буруудахгүй л зүйл. Ванга шиг зөгнөж Цезарь шиг тэмцэж чадаагүй нь тэдний буруу юу.
Тэд харж тэмцэж чадахгүйнхээ хариуд цайны сүүгээр тасалдаж хүүхэд нь сүү тэжээлээрээ дутна. Харин эрүүл иргэд архиар дутагдахгүй ээ. Иргэнээ дээдэлсэн төрийн өгөх хишиг эмзэг бүлгийнхэнд хүрч чадахгүйгээр барахгүй тэдний авах ёстой мөнгөнд авьяас чадварын хязгаар тогтоож байгаагийн тод илрэл энэ юм. Иргэнээ дээдэлсэн төр ийм ч байдаггүй л байхаа. Ер нь халамжийн мөнгө гэдэг хаа ч байдаг л зүйл. Барууны хөгжилтэй орнууд халамжийнхаа мөнгийг өгч чаддаг шиг ээ бас тарааж чаддаг. Ямар нэгэн хүнд суртал үзүүлж гар татдаггүй. Бас мөнгө орсон ороогүй гэж ард иргэдээрээ тоглодоггүй. Хатуухан хэлэхэд хүүхдээ орхиод халамжийнхаа мөнгөнд дугаарлан зогсож байгаа эхийн хөх нь чинэж сүү нь гоожиж байгааг хэн мэдэх юм. Ардчилсан чөлөөт монгол нийгэм болохоос биш зэрлэг балмад нийгэм биш шүү дээ.
Халамжийн мөнгөнд эргэлт хийх цаг нь болсон. Намуудын амлаад байгаа одоо өгөх гээд байгаа энэ мөнгөнүүд иргэддээ хүрэх гэж там болж байгааг тэд мэддэг болов уу. Cap бүрийн 15-наас хойш манай улсын банкнуудад тэр дундаа Хадгаламж банканд жинхэнэ цусгүй дайн болдог. Үүнийг хэн ч хаана ч хэлнэ биз. Цусгүй дайнаас салах цаг манай улсад байхгүй бололтой. Магадгүй ард иргэдээ бэлэн мөнгөөр угжиж тархийг нь угааж байгаа төрийн дээд эрхмүүд хүний хөгжлийн гэх тодотголтой мөнгөнүүдээ өгөхөө байчихвал болох байх. Гэхдээ эх орны хувь хишиг юм хойно авч таараа. Тэгэхээр гол зохион байгуулалтыг банкууд хийх хэрэгтэй болж байгаа биз. Эсвэл ард иргэдийн тэр дундаа эмзэг бүлгийнхний авьяас чадварыг барж байгаа халамжийн мөнгө орсон үгүйг онлайнаар шалгадаг болгож АТМ-аас авдаг болгох хэрэгтэй.
Тэгж байж ард түмний дунд цусгүй дайн өрнөж Ванга эмээ шиг зөгнөж Цезарь шиг тэмцэх шаардлагагүй болох юм. Энэ зөвхөн нэг банканд өгч байгаа халамжийн мөнгөний асуудал. Цаана нь хөдөө орон нутаг сум дүүрэгт хэрхэн хүндрэлтэй олгогддог болох нь тодорхойгүй. Нэг эзэнтэй л юм хойно үйл ажиллагаагаа явуулах дүрэм журам нь ижилхэн л биз. Өгвөл өгсөн шиг өгч сурах хэрэгтэй юм даа. Хошин шогт Орос шиг бай л даа шоглодог ч инээд бүхний цаана гашуун "үнэн байдаг гэдэг дээ. Хэрвээ халамжийн мөнгө хүний хөгжлийн мөнгө тараах байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал тун удахгүй халамжийн мөнгө, хүний хөгжлийн мөнгөн дээрээ дугаарлаж байгаад амь насаа алджээ гэмтэж бэртжээ гэх чимээ сонсдох вий дээ.
Г.Түмэнтогос
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Сэтгэгдэл ( 0 )