Монголын эдийн засаг хөдөлгөөнд ордог улирал ирлээ. Малчны хотонд төлийн дуу цангинаад эхлэв. Удахгүй газар тариалан, уул уурхайн ажил оволзоно. Үүнтэй зэрэгцээд шатахуун тойрсон асуудал үүснэ. Импортлогчид дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтворгүй байна, оросууд татвараа нэмчихлээ, ховордчихлоо, алдагдалтай ажиллаж байна гээд л түмэн зовлон тоочдог учраас төрөөс татварыг нь тэглэхээс гадна нөхөн олговор өгсен удаа ч бий. Тухайлбал, 2008 оны хавар нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод 15 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон удаатай. Тэр үед дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж буй улсаар Монгол нэрлэгдэж байсан билээ. Өнөөдөр ч хэвээрээ. Гэтэл манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр огцом нэмэгдсээр. Үүнд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлж буй. Өнгөрсөн онд нэг сая гаруй тонн шатах, тослох материал импортолж. Энэ нь сүүлийн хоёр жилд 61.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Газрын тосны газраас гаргасан тооцоогоор 2015 онд 1.5 сая тоннд хүрэх нь. Хэрэглээ ингэж өсч байгаа өнөө үед дан ганц импортоор, тэр дундаа нэг улс, үйлдвэрлэгчээс хараат байдлаар амьдрахад бэрх. Шатахуун бол манай эдийн засгийн гол суурийн нэг яах аргагүй мөн. Үнэ нь тогтвортой, хомсдолгүй байвал иргэдийн сэтгэл амар, халаас түнтгэр байх үндэс. Манайх шиг тархай, бутархай алслагдмал улс оронд шатахууны үнэ хямд байх тусам үйлдвэрлэлийн өртөг бага эдийн засгийн үр өгөөж нь өндөр байх учиртай. Өнгөрсөн хавар шатахуун хомсдож газар тариалангийн ажил бараг зогсоход хүрч байв. Уг нь, хаврын тариалалт, уринш хийхэд нийтдээ ес орчим мянган тонн шатахуун шаардлагатай гэсэн судалгаа бий.
Импортлогчид 10-26 хоногийн нөөцтэй
Монголчууд газрын тосны хэрэглээнийхээ 98 хувийг ОХУ-аас хангадаг. Хятадаас нэг, БНСУ-аас 0.6 хувийг нь авч байна. Хойд хөршийн “Роснефть” компани манай улсад сард нийлүүлэх шатахууны хамгийн бага хэмжээг заажээ. Жишээ нь, АИ-92 бензин 10 мянга, зуны дизель түлш 40 мянга, өвлийнх нь 30 мянган тонн хэмээн тогтоосон аж. Энэ жилийн улсын төсөвт шатахууны нөөц бүрдүүлэхэд таван тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Гэвч энэ нь хоёр хоногт алга болчихно. Одоогийн байдлаар улсын нөөцөд нэг ч литр шатахуун байхгүй. Импортлогчдын агуулахад л нөөц байгаа гэж үзэж буй. Тэдэнд АИ-92 бензин 26, А-80 бензин 20, дизелийн түлш 10 хоногт хүрэлцэх нөөц бий гэнэ. Хэрэв шатахууны нийлүүлэлт тасалдвал хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхгүй гэх баталгаа алга. Засгийн газар шатахууны үнийг зохицуулахын тулд Гааль болон Онцгой албан татварыг бууруулж ирсэн. Гэвч өнгөрсөн оны долдугаар сард дээрх татварыг тэглэсэн. Тэгэхээр үнэ нэмэхгүй барих бүхий л арга хэмжээгээ авчихсан. Шинэ он гараад удаагүй байхад импортлогчид нэг литр шатахууны үнийг 300 орчим төгрөгөөр нэмж, Монголын эдийн засгийг хүчтэй доргиогоод авсан. Энэ нь халуунтай, үнийн хөөстэй манай эмзэг эдийн засагт инфляц хөөрөгдөж, 18 хувьд хүргэж орхив. Дахин ийм үзэгдэл давтагдвал монголчууд ядуурлын намагт улам лав шигдэх нь.
Монголын эдийн засгийн чуулган боллоо. Мэдээж энэ чуулганаар ярьсан гол асуудал бол нефтийн бүтээгдэхүүн, түүний хараат байдлаас гарах арга замын тухай. Уг чуулганд оролцсон эдийн засагчцд, эрдэмтэн мэргэд аль болох дотоодын түүхий эдэд тулгуурлаж шатахуун үйлдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн.
ҮХШХ-ны газрын дарга Ж.Жаргалсайхан “Явж явж дотоодын нөөцөд тулгуурлаж үйлдвэр байгуулах асуудал гарц болно. Энэ талаар олон жил ярьж байна. Гэтэл өнөөг хүртэл биеллээ олсонгүй. Үүний шалтгааныг ба томилон тодруулах хэрэгтэй. Яам, агентлаг эсвэл Төрийн өмчийн хороон дээр очоод ажил гацаад байна уу, шалтгаан нь юу вэ гэдгийг тодруулах шаардлагатай" хэмээсэн. Түүнчлэн, иргэн Энхтүвшин “Сар бүр хилээр урсгаж буй 200 мянган баррель тосоо дотооддоо боловсруулах хэрэгтэй" гэсэн. Ерөнхийдөө оролцогчид нефтийн хараат байдлаас гарах гарцыг дотоодынхоо нөөцийг ашиглах явдал хэмээн тодорхойлж байна. Харин богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд дотооддоо дор хаяж 2-3 сарын нөөц бүрдүүлэх явдал гэдгийг санал нэгтэйгээр онцолсон юм. Гэвч энэ боломж нь импортлогчдод маань байхгүй л болов уу. Тэгэхээр төр засаг л үүнийг анхааралдаа авах нь илүү оновчтой биз.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )