Монголчууд гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн баяр хэмээн тэмдэглэж, баглаа цэцэг, хундага дарс задлан баярлацгаадаг. Уг нь бол гуравдугаар сарын 8 нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Нийгэмд эмэгтэйчүүд хэрхэн аж төрж байна, эрх нь хаана, хэрхэн зөрчигдөж буй талаар энэ өдөр л хамгийн түрүүнд дуугарах ёстой биз ээ. Тийм ч учраас бид энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны дэд дарга, Эмэгтэй хуульчдын холбооны тэргүүн Б.Долгор, Хүний эрхийн Үндэсний комиссын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Мөнхзул нартай ярилцсан юм.
-Бид энэ удаа хүчирхийлэгч нөхрөө хөнөөчихөөд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн асуудлыгхөндөх гэсэн юм. Зарим оронд үүнийг гэмт хэрэг гэж үздэггүй бол Монголд хамгийн хүнд гэмт хэрэг гэж ял оноодог. Ийм үед эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагууд байр сууриа илэрхийлдэг үү?
-Хүчирхийлэлд хохирогчдын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд. Үүн дотор гэр бүлийн хүчирхийлэл хэтэрхий газар авчээ. Хохирогч нь ихэвчлэн хүүхдүүд, өндөр настнууд, эмэгтэйчүүд. Гэр бүлийн хүчирхийллийн дарамтаас болж гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй олноороо ял эдэлж байна. Бүх насаараа нөхөртөө дарамтлуулж, агсам согтуу тавиулж, зодуулж нүдүүлсэн хүн сэтгэлзүйн хувьд маш хүнд байх нь ойлгомжтой. Заримдаа бүр согтуу хүн үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд заналхийлэх нь ч энүүхэнд. Эмэгтэй хүн ийм үед аргагүй хамгаалалт хийж, нөхрийнхөө аминд хүргэх тохиодол гардаг. Ийм тохиолдолд Монголд “санаатайгаар хүний амь хөнөөсөн” хэмээн зүйлчлэгдэж бүх насаараа хорих ял эдэлдэг. Хэзээ ч өршөөлд хамрагддаггүй зүйл анги шүү дээ. Ийм тохиолдпыг манайхаас өөр оронд бол аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгодог. Монголд уг нь ийм хууль байдаг ч, харамсалтай нь хэзээ ч хэрэгждэггүй.
-Яагаад хэрэгждэггүй гэж...?
-Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буйн ноцтой илрэлийн нэг нь энэ. Эмэгтэйчүүдийг гэмт хэрэгтэн гэдэг өнцгөөс хардаг л гэсэн үг. Аав нь амиа алдаж, ээж нь ял эдэлснээс болж харгалзах хүнгүй үлдэж, траншейнд орсон хүүхэд олон. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд хуулийн хамгаалалт үнэхээр сул байна.
-Эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг өөр нэг том бэрхшээл бол ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг. Тэгэхээр таны харьяалагддаг байгууллагуудын зүгээс сүүлийн үед энэ тухай судалгаа хийв үү?
-Эмэгтэйчүүдийн асуудлын цаана дандаа нийгмийн бусад асуудал давхар сөхөгддөг. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан бэрхшээлийг ярихын тулд боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт гээд олон зүйлийг сөхөх ёстой. Ажлын байран дахь бэлгийн дарамт бол өчүүхэн нэг хэсэг нь. Сүүлд хийсэн судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамт их дээд сургуулиудад хамгийн их гардаг хэмээн тогтоосон. Багш нар оюутнуудыг бэлгийн дарамтанд оруулах, тэр ч байтугай охидыг насан туршийн амьдралаар нь хохироох явдал ч их байна. Энэ бол хамгийн их санаа зовоож буй жишээ.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )