Үйл ажиллагаа нь амжилттай явдаг хэрнээ нийгмийн даатгал төлдөггүй хууль бус үйл ажиллагаа явуулдаг зарим нэг байгууллагын булхай ил болж эхэллээ. Хэдийгээр хөдөлмөрчид ажил олгогч эздээс нийгмийн даатгалаа хууль журмын дагуу төлүүлэх хүсэлтэй байдаг ч эзэд нь асуудалд өөрсдийн үзэмжээр хандах явдал газар авчээ. Энэ талаар МҮЭХ-ны /Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/ ерөнхийлөгч, НДҮЗ-ийн гишүүн /Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөл/ С.Ганбаатараас тодрууллаа. Энэ талаар олон баримтыг бид цувралаар нийтлэх болно.
- Сүүлийн үед нийгмийн даатгалын асуудал хурцаар хөндөгдөж эхэллээ. Байгуулагдаад 10 жил үйл ажиллагаа явуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлах компани ажилчдынхаа нийгмийн даатгалыг огт төлж байгаагүй жишээтэй. Энэ талаар МҮЭХ ямар арга хэмжээ авах боломжтой байна?
- Хөдөлмөрчид энэ асуудалтай холбоотой гомдол манай байгууллагад ирүүлж байгаа. Бид иргэдийн ирүүлсэн санал гомдолыг авч үзээд тухайн байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг хийх эрхтэй байгууллага. Эрхийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байна. Зарим иргэд нийгмийн даатгалын талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байсан бол сүүлийн үед арай өөр болсон. Нийгмийн даатгал нь засгийн газар авч байгаа татвар биш хүмүүс хэлж ирдэггүй хийсч ирдэг аливаа хүчин зүйл ямар нэг эрсдлээс өөрийгөө хамгаалах үүднээс ирээдүйгээ даатгаж идэх талх, эмчилгээний зардлаа нөөцөлж санхүүгийн батaлгaa гаргаж байгаа хэрэг. Товчхон хэлэхэд хүн хөгширч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд. Мөн хэлж ирдэггүй хийсч ирдэг элдэв өвчин зовлон тохиолдлоо гэж бодоход санхүүгийн батaлгaa болох учиртай. Хүн болгоны санхүүгийн баталгааг хангана гэдэг бол нийгэм өөрөө ирээдүйн баталгаатай байна гэсэн үг. Үүнийг өнөөдөр бид маш сайн ойлгох хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад иргэдээ амгалан тайван аж төрөх талаар баримтлах хоёр томоохон бодлого байдаг. Нэн тэргүүнд ажлын байр бий болгох түүний дараагаар нийгмийн даатгалыг инфляцийн өсөлтөөс илүүтэй өсгөж өгөх л байдаг. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө тараах гэсэн үг биш. Гэтэл нэг хэсэг нь нийгмийн баялагаа шударгаар бий болгож байхад нөгөө хэсэг нь хууль зөрчөөд хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг төлөхгүй луйвардаад байж яавч таарахгүй.
- Гэтэл Үл хөдлөх хөрөнгө зуучлах ОСМО зэрэг зарим нэг байгууллага бүхэл бүтэн 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй өнөөг хүртэл ажиллаад ирсэн байна?
- Ажил олгогч нийгмийн даатгал төлөөгүй байлаа гэхэд ажил олгогч хохирдоггүй. Гэтэл тухайн байгууллагад ажилласаныхаа хариуд хөдөлмөрчид хохирч үлддэг. Иймээс байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороод ажилчдынхаа өмнөөс хяналт тавих ёстой. Байгууллагын дотоодод ажиллаж байгаа үйлдвэрчнйи эвлэлийн хороо ажилчдын эрх ашгийн төлөө дуyгарч чадахгүй байна гэж үзвэл эхлээд ажилчид өөрсдөө үйлдвэрчний эвлэлдээ шаардлага тавих хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэл нь хариуцлага хүлээх ёстой.
- Шаардлага тавих нь байтугай энэ талаар асуудал хөндөх юм бол ажлаасаа халагдах дарамтанд ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлах ОСМО гэх компани нийгмийн даатгал 10 жил төлөөгүй хэрнээ 10 жилийн дараа төлөх болсон чинь ажилчдаа шинэ хуучнаар нь ялгаж байна. Хуучин ажилчдийнхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөөд шинэ ажилчдад болохоор 50 хувь төлнө гэж?
- Ийм асуудал гардаг. Ажил олгогч нийгмийн даатгалыг төлөхгүй байх магадлалтай. Татварын байцаагч хэн нэгэнтэй хуйвалдах зэрэг. Энэ тохиолдолд ажилчин хүн нийгмийн даатгалаа төлүүлэх талаар даргаасаа эсвэл нягтлангаасаа асуугаад явах нь ажлын байрны дарамт шахалт ирэх эрсдэл байдаг. Ийм нөхцөлд тухайн ажилчны эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэл мөнөөх байгууллагад байхгүй бол салбарынхаа үйлдвэрчний мэргэжлийн холбоонд хандах нь зүйтэй алхам юм. Энэ тохиолдолд бид очиж шууд шалгаж өгнө. Тухайн байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй байх юм бол бид бүрэн эрхийнхээ хүрээнд акт тогтоогоод өндөр торгууль тавьж арга хэмжээ авах эрх нь үйлдвэрчний эвлэлийн хороонд бүрэн бий. Манай байгууллагад хүсэлт гаргасан тохиолдолд бид шалгаад таны ажилласан жил цалингийн хэмжээ болон нийгмийн даатгалын төлбөл зохих хувь хэмжээг харьцуулаад ядах юмгүй асуудлыг шийдэх болно. Тухайн байгууллага бизнесийн нэр хүндээ бодолгүй хууль тогтоомжыг үл тоож байхад авах ёстой арга хэмжээг нь авна.
- Зарим ажил олгогчид ажилчдын нийгмийн даатгалыг төлөхөөс бултаж байна. Хууль зөрчиж хөдөлмөрчдийг хохироож буй аж ахуй нэгжийн хууль бус үйлдэлийг таслан зогсоох тухайд цаашид ямар ажил хийх гэж байна?
- МҮЭ-ийн байгууллага энэ талаар ойрын үед НДЕГ-тай /Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар/ хамтраад томоохон ажил эхлүүлэх болсон. Үүнд улсын хэмжээний нийгмийн даатгалын хамрагдалтын улсын үзлэгийг хийхээр төлөвлөж байна. Хэрэв таныг ажиллуулж байгаа байгууллага таны нийгмийн даатгалыг төлөхгүй байвал, ямар нэг эргэлзээтэй байгаа тохиолдолд та цаг алдалгүй манай байгууллагад хандаад өгөөч ээ. НДЕГ-тай хамтарч багагүй ярилцаж ажилласаны үр дүнд хэн нэгэн ажилчин цалингаасаа төлсөн нийгмийн даатгалынхаа хувь хэмжээг мэдээлэл технoлоги ашиглан өөрөө шалгах боломж бүрдлээ. Жишээлбэл та сар бүр нийгмийн даатгалын санд төлж байгаа шимтгэлээ гар утсаараа шалгах боломжтой болж байна гэсэн үг. Энэ асуудалд бид онцгой анхаарч байна. Харин бидний хийж байгаа ажлыг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань бушуухан өөрийн болгоод хүлээгээд аваач гэж хэлэх байна.
- Ер нь нийгмийн даатгал төлөөгүйн улмаас тухайн байгууллагын ажилчин болоод НДС-нд ямар хохирол учирч байна вэ?
- Жишээ нь Дорж 25 жил багшилсан бол түүний нийгмийн даатгалын санд дундажаар 21 сая төгрөг байх ёстой. Энэ бол нийгмийн даатгалын мэргэжилтэнүүд олон жилийн үзүүлэлтэд тулгуурлан гаргаж өгсөн судалгаа. Энэ 21 сая төгрөг бодитой байгаад арилжааны банкинд хууль ёсоор байрших юм бол жилд доод тал нь 10 хувь болон түүнээс дээш 13 хувь хүртэл өсөлт байх. Түүнийгээ Монгол Банкны үнэт цаасанд байршуулах юм бол 10 хувь. Засгийн газрын бонд худалдаж авах юм бол 7,8 хувь. Тэгэхээр жил болгон үндсэн мөнгө болох 21 сая төгрөгөнд хүрэлгүйгээр даатгуулагч хувьдаа авах жил болгоны 10 хувь дунджаар бодоход 2,1 сая төгрөг авах боломж байхгүй болж байна гэсэн үг. Үүний төлөө би тэмцдэг. Энэ нь алсуураа их хортой гэмт хэрэг.
Мөн НД-ын олон тэр бум төгрөгийг 1990-ээд оны үед Засгийн газар цалин тэтгэвэрт тавьж өгсөн байдаг. Энэ бол хууль бус зүйл. Гэхдээ энэ асуудлыг шийдүүлэхээр 2008 онд жагсаж байгаад 2015 он хүртэл хугацаанд 2,1 ихнаяд төгрөгийг графикийн дагуу эргэн төлүүлэх болсон. Үүнийхээ дагуу Монголын Засгийн газар 2,1 ихнаяд төгрөгийн өрийн бичиг гаргасан. Одооргоор 180 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөөд явж байна. Засгийн газар хангалтгүй ажиллаж байна. Гэхдээ хоосонгүй.
- Хувийн компани нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд татварын байцаагч нараар татварын тайлан тооцоогоо аргалуулдаг гэх юм. Энэ талаар ямар нэг тодорхой ажил байна уу?
- Энэ талаар бүр нийгмийн даатгалын сангаас хувиараа зээл авсан дарга нарын асуудлыг хөндсөн. Хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн шуухэд өгсөн одоогоор шүүхийн шатанд байгаа болохоор мэдээлэл өгөх боломж алга шүүхийн шийдвэр гарсан хойно бүх мэдээллийг ил болгох болно. Өнөөг хүртэл энэ асуудлаар хөөцөлдөөд явж байна. Сонгууль дөхсөн байгаа болохоор хүмүүсийг цоллоод байх хэрэггүй биз. Ямартай ч асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхээр зарга хийж байна.
Харин хууль бус авилгал авдаг байцаагч нарын хууль бус үйл ажиллагааг шалгуулахын тулд бид Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан. Үүний үр дүнд өнөөдөр бид нар улсын байцаагч нэр, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан 47 улсын байцаагчдын эрхийг аваад байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )