1960-аад оны сүүлч үеэс Нанзадын Чулуунхүү гэдэг цээл сайхан хоолойтой нэгэн дуучин гэнэт тодрон "Араажав"-аар ард зонтойгоо учран золгосон билээ. Тэр цагаас хойш сэтгэл сэргээм сайхан дуунуудыг нь олон ч жил амтархан сонссон доо. Хорь гаруй жилийн хойно энэ дуучинтай Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байрлалд хамт офицерын албанд хүчин зүтгэж явлаа. Цэргийн жагсаалаас Монгол Улсын гавьяат жүжигчин болтлоо өсөн дэвжсэн хурандаатайгаа хожмоо уран бүтээл хамтран туурвиж, "Зүүдэнд тодрох ээж минь", "Ханийн дуу", "Газраас цойлсон галт сумны эзэд", "Авралын бурхан их буу" зэрэг цэрэг эх орны сэдэвтэй болон хайр энэрлийн дуу зохиох завшаан тохиосон юм. "Морин хуур" наадамд хоёр ч удаа аман хүзүүдсэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч, гавьяат жүжигчин, бэлтгэл хурандаа Нанзадын Чулуунхүүтэй "Монгол цэргийн өдөр"-ийн босгон дээр уулзаж, хуучилснаа уншигч олондоо толилуулж байна.
Нэг. ҮҮХ, ТҮҮХЭЭ ДУРСАХУЙ
-Дуучин Н. Чулуунхүүг Зэвсэгт хүчнийхэн төдийгүй Монгол даяар андахгүй. Харин үүх, түүхийг нь юу л бол...?
-Тийм байхыг үгүйсгэхгүй ээ. Би Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг "Бага бэрх" гэдэг газар мэндэлжээ. Уул нь манайх Сантмаргац сумын айл. Цэцэн-Уул сум шинээр байгуулагдаж, Сантмаргацын хэсэг өрх айл шилжсэн юм билээ. Энэ хоёр сум хоёулаа л намайг үндсэн иргэнээ гэдэг. Би ч хоёулангийнх нь харьяат гэж боддог. Миний аав нутаг усандаа "Өндөр Нанзад" хэмээн алдаршсан, уртын дууг сайхан дуулдаг, дэндүү сайхан исгэрдэг хүн байсан. Цэцэн-Уул сумын 10 дугаар багийн даргаар олон жил ажилласан даа. Ээж Б.Роломсүрэн маань ч сайхан дуулна. Ялангуяа "Талын таван толгой", "Шалзад баахан шарга" зэрэг ардын болон уртын дууг мөн ч сайхан дуулдагсан.
-Та багаасаа л дуулдаг байсан байхдаа?
-1950-аад оны сүүлчээр Завхан аймгийн 18 сумаас шалгарсан сурагчдын урлагийн наадам боллоо. Тэр наадамд би "Цомбон туурайтай хүрэн", "Хүрэн толгойн сүүдэр" зэрэг уртын дуу дуулж тэргүүн байранд шалгарч, хэрхэндээ л цээж түхгэр явлаа. Дараа нь бас юуны ч билээ нэг үзлэгт мөн л тэргүүн байр эзэлчихдэг байгаа. Ихэвчлэн ардын дуу дуулж байсан санагдана. ...Аглаг сайхан хангай минь, Ан гөрөөсөөр элбэг дээ, гээд л авч байлаа шүү дээ. Би бүжгэнд бас муугүй. Аравдугаар ангиа төгстөл Нөмрөг сум, Завханы арван жилийн сургуулийн шилдэг бүжигчин байхав дээ.
-Авьяас билиг тань багаасаа л илэрч байсан юм байна. Урлагийн хүн болно гэж боддог байв уу?
-Үнэндээ тийм бодол байгаагүй шүү. Миний аав мал хатгаж эмнэдэг хүн байсан юм. Тийм болоод ч тэр үү, малын эмч болох сонирхолтой байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд 10 дугаар ангиа төгсгөөд ХААДС-ийн малын эмчийн ангид орж суралцсан. Гэтэл хоёрхон ч cap болоогүй байтал эр цэргийн зарлан ирдэг байгаа.
Хоёр. БАГА ДЭСЛЭГЧИЙН МӨРДЭС ЗҮҮЖ ГАНГАРЧ ЯВЛАА
-За тэгээд цэргийн хүн болох зам тань шулууджээ. Дурсах дурсамж бишгүйдээ л байгаа даа?
-Тэр намар манай улсад Агаараас эсэргүүцэн хамгаалахын цэрэг шинээр байгуулагдаж, их, дээд сургуулиудын сурлага сайтай оюутнуудаас цэрэгт татаж, карантинд ч гаргалгүй шууд орос мэргэжилтнүүд хичээл зааж эхэлсэн. Яруу найрагч Д.Отгонсүрэн, Б.Хүрэлбаатар, хурандаа Д.Налжир, Ч.Ядамсүрэн, Ша.Батбаяр гээд 200-аад цэрэг, арай хожуу ирсэн нь утга зохиол шүүмжлэгч, доктор Х.Сампилдэндэв, жүжигчин Б.Цэвээнравдан, найруулагч Г.Доржсамбуу нарын олон арван чадвартай хүмүүс байв.
Тэр үед ротын захирагчаар С.Улаан, Бямбаа, Бямбасүрэн нарын оросод цэргийн сургууль дуургэж ирсэн жавхалзсан сайхан дарга нар ажиллаж байлаа. Тэд мөрөвчтэй бүстэй, цэргийн хувцас нь ямар жавхаатай гэхэв. Эдэн шиг тас няс хийсэн цэргийн дарга болох юмсан гэсэн битүүхэн мөрөөдөл сэттэл эзэмдэх болов. Мөрөөдөл маань ч биелсэн.
"Р-102", "Р-118" зэрэг радиостанцын нэвтрүүлэх төвийн мэргэжлээр "онц" төгсөж, цэргийн баяраар бага дэслэгч цолоор шагнуулж, салааны захирагчаар томилогдсоноор офицерын амьдралын гараагаа эхэлсэн туүхтэй. Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа манай ротын цэрэг байсан юм шүү дээ. Хааяа тааралдахаараа намайг "ротын захирагчаа" гээд л сүйд болдог доо.
Гурав. ААВЫН ХӨВГҮҮДТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН АЛТАН МОСКВАД ХӨЛ ТАВЬСАН НЬ
-Алтан Москвад хөл тавина гэдэг, тэр үеийнхний мөрөөдөл байсандаа...?
-Тэгэлгүй яахав. 1969 онд Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотын Ар тал, тээврийн академид явж суралцсан. Сургуулиа дүүргэж ирээд Зэвсэгт хүчний 016, 065, 120, 013 дугаар ангиудад ар тал хангалтын орлогчоор ажилласан даа.
-Академийг хамт дүүргэсэн найз нөхдөө дурсвал сонин байх болов уу?
-Нэг хэсэг армийн шатахууны хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Батцэнгэл бид хоёр ХААДС-аас хамт цэргийн албанд ирсэн юм. Намайг салааны захирагч байхад манай салааны орлогч байлаа. Бас манай академийг дүүргэсэн. 016 дугаар ангид бас л дарга, орлогч явлаа. Ер нь бид хоёрын ганзага их нийлнэ. Бид хоёр цэргийн ансамблиар их явдаг байв. Батцэнгэл маань хотынх болохоор хүн их танина. Намайг симфони хөгжмийн хөгжимчин Банзрагч, гитар хөгжмийн анхны ном бичсэн Нацагдорж нартай танилцуулж, гитар тоглох анхны мэдэгдэхүүнтэй болгосон хүн дээ. Манай академийг ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, орлогч сайд агсан, хошууч генерал Б.Мөнхдорж, нэг ангийн анд, хошууч генерал Г.Баасанжав агсан (бид хоёр 719 дүгээр тасгийн хамт төгсөгчид) нарын олон сайхан хүмүүсээрээ бахархдаг юм.
Дөрөв. АРД ТҮМЭНТЭЙ МИНЬ ТАНИЛЦУУЛСАН АНХНЫ БҮТЭЭЛҮҮД
-Бид цэргийн амьдралаар багагүй хоромд хөөрөлдлөө. Одоо уран бүтээл рүү чинь оръё. Хойно сурч байхдаа уран бүтээлийн олзтой л байсан байх?
-Гадаадын 40-өөд орны оюутнуудын дунд жилд нэг удаа болдог фестивальд хоёр удаа l,ll байр эзэлсэн. Тэр үед Рафелийн "Пусть говорять" киноны дууг их дуулдаг байлаа. Цэргийн академиа дүүргэж ирсний дараа "Соёмбо" хамтлагт Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн найруулгаар "Юу л болбол болог" испани дууг эх хэлээр нь дуулж багагүй урамшсан. 1970-аад оны дунд үе шиг санаж байна. Монголын радиогийн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Бүргэд гуай миний дуулсан "Ванлий", "Өдтэй бичиг" ардын хоёр дууг анх удаа радиод бичиж авсан юм. Анх удаа радиогоор өврийнхөө дууг сонсоно гэдэг их сонин санагддаг юм билээ. Ер нь Монголын радио, телевизэд мииий олон арван концерт хадгалагдаж байгаа. Тийм ч учраас намайг монголын ард түмэнтэй танилцуулж, нэр хүндийг минь өөд нь татсан газар гэж миний бие Монголын радио, телевизийг сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэж явдаг юм даа.
-Та зөвхөн дуучин биш, хөгжмийн зохиолч гэдэг эрхэм алдрын эзэн болсон. Анхны аяаа дурсвал...?
-Яруу найрагч П.Сандуйжавын "Настан буурал эмээ", Сангидансранжавын "Нэг ангийнхны уулзалтын дуу" зэргээ нэрлэж болно. "Настан буурал эмээ" маань 1988 оны "Морин хуур" наадмын дэд байрын шагнал хүртэж, ихээхэн урам хайрлаад зогсоогүй, араасаа олон сайхан дуу төрүүлсэн дээ. Олон улсын тоймч, яруу найрагч Б.Дашзэвэгийн "Хүмүүс минь амьдрах сайхан", "Морытой сүлдний Мөөеө", Д.Дашдондовын "Дуутай хорвоо", Б.Явуухулангийн "Завхан нутаг минь жаргалын орон", Ц.Сайннямбуугийн "Ээж таныгаа үгүйлнэ", "Бор аяга", "Хүнгийн гал", "100 наслаарай ээжээ", Ү.Хүрэлбаатарын "Тэнгэр уулын янзага" гээд л хөвөрч өгнө дөө.
Тав: ЦЭРЭГ ЭРЧҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН "МИНИЙ АЯЛГУУ" ХОС ЦОМОГ БЭЛЭН БОЛЖЭЭ
-Одоо хоёулаа яг өнөөдрийн бүтээлийн чинь талаар хөөрөлдөе. Та "Цэрэг эрчүүддээ зориулсан миний аялгуу" хос цомог гаргаж байгаа юм байна. Өмнө нь ч цэргийн сэдэвтэй дууны цомог гаргаж байсан шүү дээ?
-Тийм ээ. Арваад жилийн өмнө "Цэрэг эрсээ дуулъя" CD-гээ гаргаж, аль хэдийн борлогдоод дууссан. Одоо бол "Цэрэг эрчүүддээ зориулсан миний аялгуу" хос цомгон дээрээ ажиллаж байна. Энэ цомог миний олон жилийн хөдөлмөр юм. Миний бие арми, Ззвсэгт хүчинд жагсаалын цэргээс хурандаа болтлоо салаа, ротын захирагч, хороо, бригадын орлогч, цэргийн музейн захирал зэрэг чамлахааргүй албан тушаалд 30-аад жил ажиллажээ. Ер нь миний ажил, амьдралын ихэнх хугацаа хийморлиг цэрэг эрстэй холбоотой билээ. Тийм учраас цэрэг эрсийнхээ хүчинд жагсаалын цэргээс хурандаа болтлоо салаа, ротын захирагч, хороо, бригадын орлогч, цэргийн музейн захирал зэрэг чамлахааргүй албан тушаалд 30-аад жил ажиллажээ. Ер нь миний ажил, амьдралын ихэнх хугацаа хийморлиг цэрэг эрстэй холбоотой билээ. Тийм учраас цэрэг эрсийнхээ тухай сайхан дуу зохиохоор шамдан хөдөлмөрлөж, 50 гаруй дуунаасаа эр цэргийн амьдралтай хамгийн ойрхон дуунуудаасаа сонгон авч 20-иод дуутай "Хос цомог" гаргаж, Зэвсэгт хүчнийхээ 91 жилийн ойгоор бэлэг барих юм.
-Та 20-иод дуутай, "Хос цомог" гэдгээ тодруулна уу?
-Энэ бол арми, Зэвсэгт хүчиндээ төдийгүй Монголдоо анх удаа гаргаж байгаа өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж хэлж болно. CD №1 нь 13 дуутай, бүр дуулах фонограммтайгаа, зарим шинэ дуунууд нь дуулагдсан байгаа. Харин VCD (видео) №2 нь мөн 13 дуутай, дүрсжүүлэгдсэн учраас "Хос цомог" гэж нэрлэсэн.
-Миний хувьд дууны шүлэг бичдэг, тантай цөөнгүй дуу зохиож байсны хувьд нэг дууны хөгжмийн найруулга (понаерамм)-ыг хийхэд чамгүй хөрөнгө шаарддагийг мэднэ л дээ?
-Тийм ээ. Нэг дууны хөгжмийн найруулгыг хийхэд хамгийн наад зах нь 300 мянган төгрөг шаардлагатай болдог. Тэгэхээр 13 дууны хөгжмийн найруулгыг хийхэд дор хаяж 3 сая 900.0 мянган төгрөг болно гэсэн үг. Дээр нь яруу найрагч, хөгжмийн зохиолч, студийн мастер, хоолойны бичлэг гээд л талийж өгнө шүү дээ. Ер нь аливаа уран бүтээл өндөр үнээр бүтдэгийг хүмүүс ойлгодог болсонд баяртай байгаа.
-Таны дээр хэлсэн өгөөмөр сэтгэлээр хандаж байгаа гэдгийн учир нь энэ байх нь ээ? Өөрийнхөө дуулдаг дууны понаграммыг хүнд өгөөд байдаг дуучид байхгүй шүү дээ. Нэг ёсондоо оюуныхаа өмчийг зүгээр л тараагаад байгаа юм биш үү?
-Таны хэлдэг үнэн л дээ. Би яагаад ийм шийдвэр гаргах болов оо гэвэл цэрэг эрчүүддээ зориулж зохиосон миний дуунуудыг эрчүүд маань дуулаг. Өөрөөр хэлбэл миний дуулсан ориг фонограмм дээр манай ЦДБЭЧ-ын болоод цэргийн чуулга, Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучид дуулж л байг. Тэдэнд фонограмм хийлгэхэд мөнөөх л мөнгө хэрэгтэй болно шүү дээ. Нөгөө талаар хугацаат цэргийн алба хаагчид, байлдагчийн дуугаа, шинэ цэргийн вальсаа, халагдах цэргийн вальсаа, тасаг, салаа, их буу, зенитийн дуугаа, генерал, офицерууд, чөлөөнд болоод бэлтгэлд байгаа цэргийнхэн маань амралт, чөлөөт цагаараа хурандаа, генерал дуунуудаа хаана ч дуулах боломжтой гэсэн үг. Чухамдаа энэ нөхцлийг бурдуулэхийн тулд л "Хос цомог"-ийг гаргаж байгаа юм.
-Та цөөнгүй дуугаа дүрсжүүлсэн гэж ярьсан. Заримаас нь тодруулна уу?
-Хээрийн салхи шиг дэндүү омголон, Хэдэн бор цэргүүд минь ... дуугаа хийж байхдаа сэтгэл их хөдөлсөндөө. 90 гаруй жилийн түүхгэй энэ орны маань тусгаар тогтнол чухамдаа энэ хэдэн бор цэргийн л цус, хөлс юм шүү дээ. Хэрвээ хэдэн бор цэрэг маань байгаагүй бол юуны улс орон, юуны офицер, генерал, хурандаа нар байхав дээ. Одоо бодохнээ хурандаа дуугаа зохиохдоо хамаг анхаарлаа төвлөрүүлж, бараг орчлон ертөнцөөс тасарсан санагдана. Хурандаа дууны маань шүлгийг тэрлүүлсэн бэлтгэл хошууч Д.Самданбазар санааг нь дажгүй сайн гаргасан. Гэхдээ л олон удаа засвар хийж байж бүтсэн дуу даа.
Хилийн Мөрдэст офицеруудын мөрөөдөл болсон
Мөрийг нь чимсэн сайхан цолоо
Ахлах офицеруудын магнайд жагссан
Армийн хурандаа хүндтэй цолоо ... гээд л явж өгнө дөө. Үнэндээ хурандаа цол бол дэлхий нийтэд хүндлэгдсэн хамгийн сайхан цол шүү дээ.
-Та бас генерал цолтнуудад ч дуу зохиосон байх аа?
-Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол үнэхээр сайхан шүлэг бичиж өгсөн. Хөөрхий дөө! Хэдхэн сарын өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсзн, нэрт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Чимиддорж бид хоёр "Халагдах цэргийн вальс"-аас эхлээд мөн ч олон дуу зохиожээ. Монгол Улсын баатар, армийн генерал Б.Дорж гуайд зориулж бид хоёр "Босоо хийморьтой армийн генерал" дууг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын захиалгаар бүтээсэн юм, Генерал маань ч сайхан дуу болжээ гэж урам хайрлаж хүлээж авсан.
-Та бас сонин, сонин санаа ярьдаг нийгмийн идэвхтэй хүн. Төгсгөлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Дорнод аймгийн Сүмбэр дахь цэргийн музейг БХЯ, ЗХЖШ мэдэлдээ авч, тэр сайхан газар орныг түшиглэж аж ахуй, аялал, жуулчлалын томоохон сүлжээ байгуулж болмоор санагддагаа энэ завшааныг ашиглаж сонордуулмаар байна. Монголын төмөр зам ахмадууддаа зориулсан тохилог сайхан ордонтой. Түүн лугаа манай Зэвсэгт хүчинд офицер, генерал, гавьяаныхаа амралтад гарсан цэргийнхэндээ зориулсан ордонтой байж болох шүү дээ. Эхний удаад аль нэг цэргийн ангийг түшиглэж байгуулаад аажимдаа Офицеруудынхаа ордонд өргөтгөл хийж төвлөрүүлж болох шүү дээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл ( 0 )