Найруулагч С.Баттулга: Би кинонд дурласан учраас “сохорсон” байна

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 20


 

Бид энэ удаа кино урлагийн “хөшигний ард” байдаг ч, хамгийн хариуцлагатай үүргийг хүлээдэг найруулагчтай ярилцлаа.  С.Баттулгыг бид “Ийм нэгэн дурлал 1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг” киноны найруулагч гэдгээр нь мэднэ. Мөн “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны зохиолыг бичсэн юм билээ. Түүний шинэ бүтээл “Худалч залуу” киноны нээлтээс урьтаж бид ийн ярилцлаа.


-Энэ л нэг бүтээл боллоо доо гэж бодсон киноны чинь тухай яриагаа эхэлье.
-Би залуу хүн. Тийм болохоор энэ л миний бүтээл боллоо гэж бодож цадах, онгирох болоогүй байна. Үзэгчдэд хүрээд удаагүй байгаа “Худалч залуу” кино надаас хүч шаардсан, хийх гэж зүтгэсэн, илүү их ажилласан уран бүтээл болсон. Тэрнээс биш жинхэнэ “брэнд” болох бүтээлээ хийгээгүй л явна.

-Жүжиглэх, өөрөө кино найруулах хоёрын хооронд хэр том ялгаа байна вэ?
-Мэдээж ялгаа байлгүй яахав. Бие биедээ шүтэлцээтэй ч хоёр өөр мэргэжил шүү дээ. Жүжигчин хүн найруулагчийн юу хүсч байгааг мэдрэх, тухайн дүрийг хэрхэн амилуулах зэрэг дээр ажилладаг бол найруулагчийн хувьд зохиолоо бүхэлд нь харж, тухайн зохиолоор үзэгчдэд юу хүргэх, дүрүүдийг ямар ямар шугамаар явуулах, киноны хэллэг, хийц гээд энэ бүх зүйл дээр ажилладаг. Тэгэхээр ажиллагааны хувьд маш том ялгаа бий.  

-Жүжигчин, найруулагч, зүгээр л энгийн үзэгч гурвын аль нь танд илүү ойр санагддаг вэ?
-Цаашдаа найруулагчаар ажиллаж ур чадварын хувьд өсөж дэвжиж, хүчирхэг хүн болох юмсан гэсэн зорилготой явдаг. Жүжигчний мэргэжилдээ ч гэсэн дуртай. Би бас сайн үзэгч. Сүүлийн үед гарсан сайн кинонуудыг алдалгүй үзэхийг хичээдэг. Тэгэхээр энэ гурав гурвуулаа надад ойрхон санагдаж байна.

-Таны “Юуны төлөө” нэртэй богино хэмжээний бүтээлийг үзэж байсан юм байна. Богино хэмжээний бүтээлээс бүрэн хэмжээнийх рүү урвахад хэцүү зүйл тохиолдов уу?
-Тухайн зохиолдоо дурлаж, бүрэн автана гэдэг утгаараа төдийлэн хүндрэл гараагүй. “Юуны төлөө” богино хэмжээний киногоор хүний төлөө гэсэн нандин сайхан сэтгэлийг харуулах гэж зорьсон нь надад их “амттай” байсан. Харин “Худалч залуу” дээр тэр дотоод ритм, комедийг хүмүүст хүргэх юмсан гэсэн хүсэл байсан. Тэгэхээр зохиолдоо дурлаж, хүсэж тэмүүлж орсон бол хүндрэл гээд
байхаар зүйл гарахгүй ээ.

-“Худалч залуу” кино хэрхэн бүтсэн түүхээс яриач. Дүрийн сонголт их өвөрмөц санагдсан?
-Энэ киног хийх саналыг тус киноны продюсерээр ажилласан “Х-ТҮЦ”-ийн жүжигчин Т.Бархүү анх гаргасан. Ганхуягийн “Ааваа” жүжгээс санаа авч, кино зохиол болгон бичсэн нь надад их таалагдсан. Дүрийн сонголтыг манай Т.Бархүү их нарийн гярхай гаргасан. Тухайн дүрийг хэн сайн амилуулж чадах вэ гэдэг шугамаа барьж л дүрүүдээ сонгосон доо.

-“Худалч залуу” таны өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог вэ. Найруулагчийн талаас илүү өсөж дэвжиж, туршлагажсан байх л даа.
-Зохиол маань өөрөө их онцлогтой. Хоёрхон өдөрт болж буй үйл явдлыг харуулж байгаа учраас нар сар, гэрэл гэгээ гээд цаг хугацааны баримжааны хувьд маш тооцоотой байхыг шаардаж байсан. Би түрүүн хэлсэн. Залуу хүн учраас болоогүй байна аа гэж. Өөрийнхөө хүчийг үзье, сорьё гэж би энэ бүтээл рүү орсон. Мөн олон хүний итгэлийг алдахгүйн тулд тэмцэж, хичээж байна.

-Та энэ кинонд өөрийн бүхий л авьяас, мэдрэмж, чадлаа гаргасан гэж баттай хэлж чадах уу?
-Яг одоо бол би энэ кинонд дурласан байгаа учраас “сохорсон” байна. Харин хэсэг хугацааны дараа өөрөө өөрийгөө зэмлэх зүйл гарч магадгүй. Тэгэхээр цаг хугацаа л надад том сургамж өгөх байх даа.

-“Төрөөд үхэх хорвоод гомдоллоод би яах билээ” гэдэг үг “Юуны төлөө” киноноос торж үлдсэн хүчирхэг утга санаа бүхий мөр. Танд авьяасын хувьд бурханд ч юм уу гомдоллох зүйл байдаг уу?
-Би дуулж чаддаггүй. Хөгжмийн мэдрэмж тааруу болохоор бүжиглэхдээ ч маруухан. Тэгэхээр авьяасын хувьд, дээрх мэтийн шалтгаар гомдоллох зүйл надад байна (инээв.)

-Найруулагчид их өвөрмөц зан араншинтай хүмүүс байдаг. Харин та их л аядуу зөөлөн харагддаг.
-Миний ойр дотнын хүмүүс намайг найрсаг, нийтэч хүн гэж дүгнэдэг. Би ч өөрөө тийм байхыг хичээдэг. Гэхдээ бага зэрэг огцом зан бий.

-Хамгийн сүүлд найруулагчийн ажлын хувьд таалагдсан ямар кино үзэв?  
-Энэ онд “Оскар”-ын шагнал хүртсэн “Луугийн шивээстэй бүсгүй” (The Girl with the dragon tattoo) хэмээх киног үзээд сэтгэл их гэгэлзсэн. Ямар гоё юм бэ, ийм кино хийх юмсан гэсэн оргилуун хүсэл төрсөн. Зохиолын тайлал, эргэлтүүд нь их гоё, өвөрмөц санагдсан.

-Монголын кино урлагийн одоогийн хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ, Холливуд биднээс хэтэрхий хол байгаад нь гомдох тохиолдол байсан уу?
-Маш олон кино нээлтээ хийх өдрөө хүлээн кино театруудад дугаарлаж байна. Би энэ тал дээр жинхэнэ алга ташдаг. “Сааль нь бэлэн байхад сав нь багадаад” байгаа биз дээ. Зарим хүн чанаргүй кино ихээр төрж байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Магадгүй ээ, гэхдээ чиний яриад байгаа тэр Холливуд хүртэл жилд хоёр мянган кино хийдэг шүү дээ. Тэрний хэдийг нь та бид үздэг билээ. Холливуд дандаа сайн кино хийдэг гэвэл бас биш. Тэглээ гээд бид тэдэнтэй яг эн тэнцүү гэж хэлж болохгүй. Гэхдээ Монгол Улс дэлхийн тавцанд гарах кино үйлдвэрлэх бүрэн боломжтой.

-Тэгвэл Монголоос өнөө хэр дэлхийг донсолгосон кино, нэртэй жүжигчин төрөөгүйн шалтгааныг та юу гэж боддог вэ?
-Азийн кино урлаг дотор хятад, солонгос, япон кинонууд юугаараа дэлхийд илүү танигдаад байна вэ гэвэл үндэснийхээ онцлогийг түлхүү тусгадагт л байгаа юм. Үүнтэй адил бид ч гэсэн өөрсдийн үндэсний онцлог, зан заншлыг харуулсан кино бүтээвэл дэлхийн тавцан тийм ч хол биш байна. Харин Монголын жүжигчдийн тухайд гарц нь их бүрхэг байна. Зам нь нээлттэй болчихвол авьяасын хувьд дутаад байх зүйлгүй байх. Жаахан туршлагагүй л байж мэднэ.

-СУИС төгсөөд мэргэжлийн талбарт гарахдаа та өөртөө ямар зорилго тавьж байв, нууц биш бол тэр зорилго тань биелсэн үү?
-Яг СУИС төгсөөд кино л найруулчих юмсан гэж бодож байлаа. Харин одоо бол хэд хэдэн сайн бүтээл хийчих юмсан гэсэн бодол бий. Гэвч санхүү энэ тэр гээд “хувьсгалын тохироо” нь бүрдээгүй байна. Ингэж бодож л өөрийгөө өршөөж байна даа. Тэрнээс биш дэврүүн хүсэл надад бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top