10 хоногийн өмнө генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хуулийн 294 буюу Цэргийн гэмт хэрэг гэсэн зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргажээ. Хүсэлтэд мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд албан тоот бичиж өгнө үү хэмээн дурдсан байна. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхийн зэрэгцээ СБД-ийн шүүхэд албан бичиг хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229-р зүйлийн 229.1.3 “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлж байгаа бол” гэсэн заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлдэг журамтай юм. Ингэснээр цагдан хорих, шүүх, таслан сэргийлэх арга хэмжээ байхгүй болдог байна. Энэ талаар өмгөөлөгчөөс цөөн зүйл тодрууллаа.
- Хүсэлтийг шийдвэрлэх хугацааны талаар тодруулахгүй юу?
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 104-р зүйлийн 104.1 “Хүсэлтийг боломжтой бол нэн даруй шийдвэрлэнэ” гээд заачихсан байгаа. Би бол боломжтой гэж үзэж байна. Би хүсэлтээ шүүхэд 16:10 минутад өгсөн. Одоо ажиллагаа шууд зогсох ёстой.
- Цагдаагийн бусад дарга нарын хэргийг мөн түдгэлзүүлэх үү?
- Миний үйлчлүүлэгч болон бусад шүүгдэгчид авсан цагдан хорих, таслан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт тавьлаа. Тэгэхээр хэргийн түдгэлзүүлж байгаа нь цагдаагийн бусад дарга нарт ч хамаарна. Шүүх хуулийг биелүүлэх байх гэж найдаж байна. Шүүх хэн нэгний хараан доор биш, хэн нэгэн улс төрчийн хараан доор биш, хуулийг хэрхэн баримталдагаа харуулах цаг болсон гэж бодож байна.
- Маргааш шүүх хурал болохгүй нь ээ?
- Цэц дээр маргаан үүссэн болохоор маргааш шүүх хурал болохгүй гэж бодож байна.
- Та үйлчилүүэгчтэйгээ уулзсан уу? Биеийн байдал нь тааруу байна гэсэн мэдээлэл ирлээ.
-Өчигдөр эмч нар нь оруулахгүй гээд хаалганы цаанаас уулзсан. Биеийн байдал нь тааруу байгаа болохоор шүүхээс шийдвэр гаргатал нь энд шаардаад зогсдог юм бил үү гэж бодож байна.
-Шүүгчийг заналхийлсэн гэсэн. Энэ тал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Цагдаагийн байгууллага энийг даруй илэрүүлэх ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Хэрхэвч ийм юм байж болохгүй.
- Таны үйлчлүүлэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүхийн үйл ажиллагаанд саад болж болзошгүй гэсэн зүйл яригдаж байсан?
- Өмгөөлөгч нь ирэхгүй, шүүх хурлыг хойшлуулж магадгүй гэсэн үндэслэлээр таслан сэргийлсэн. Одоо нэгэнт шүүх хурал байхгүй юм чинь шүүхийн үйл ажиллагаанд саад болно гэсэн үндэслэл байхгүй.
- Шүүх хурлын үеэр шүүгдэгч Зоригт шүүгчид “Хурдан ялаа өг. Би цагдаа нар хөдөлгөнө” гэж хэлсэн юм биш үү?
- Тийм юм яриагүй. Заналхийлсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Энийг олон хүн батална. Шүүхийн тэмдэглэлээс үзэж болно.
- МоАХ-с цагдаагийн дарга нараас гадна тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг шалгах ёстой гэж мэдэгдсэн. Энэ тал дээр өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?
- Хэрэг өмгөөлж байгаа хүний хувьд тэр гурван хүнийг гэрчээр дуудсан. Хариуцлага хаана байна гэдэг чинь сонин асуудал ш дээ. Онцгой байдлын тухайн хуульд энэ онц байдлын штабыг байгуулсан, үймээнийг таслан зогсоох, энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан. Зөвлөлийн дарга тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэгэхээр асуудлыг ингэж ярьж байгаа тохиололд бүгдтэй нь, Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргилтой нь холбох ёстой. Тэр дундаасаа хамгийн их холбогдох ёстой хүн нь Н.Энхбаяр ерөнхийлөгч мөнөөсөө мөн. Яагаад тухайн үед Хууль зүйн сайдаар комиссыг ахлуулсан юм? Комиссийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүс хууль зүйн сайдын эрхлэх хүрээнийх биш байсан. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Ерөнхийлөгч өөрөө энийг ахалж болохгүй байсан гээд олон асуудал байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )