1. Социализм яагаад хэрэгтэй байв
Нэрт эдийн засагч А.Смит “Хоол хүнс хямд, амьдрал тав тухтай байх нь улс орны баялаг юм” гэж хэлсэн байдаг. Учир утгагүй олон тоо яриад, ард түмний толгойг эргүүлээд, эсвэл би макро эдийн засагч микро эдийн засаг мэдэх шаардлага байхгүй гэхчилэн томроод байх нь хэнд ч хэрэггүй. Тухайн төр засаг ард иргэдээ идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байлгаж чадаж байна уу гэдгээрээ л сайн эсвэл муу ажилласнаа дүгнүүлнэ. Чухамдаа социализм Монголчуудад асар их боломжийг, ирээдүйг өгч чадсан учраас л Монголын ард түмэн өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлдээ түүнийг тээсээр байгаа юм.
Бид социализмийг хичнээн муулаад ч, үгүйсгээд ч энэ бол бидний туулаад өнгөрсөн түүх. Социализм ийм л байсан, харин ардчилал ийм л байна гэж дүгнэх цаг нь болсон. Социализм бидэнд юу өгөв бас бидэнд юуг өгч чадсангүй вэ? Ардчилал бидэнд бас юу өгөв бас бидэнд юуг өгч чадсангүй вэ?
Манжийн дарлалд(колончилолд)220 дарлагдсан Монголын ард түмэнд итгэл найдварын гэрэл гэгээ хамгаас хэрэгтэй байсан ба тэр гэрэл гэгээг социализм бидэнд өгч чадсан. Тухайн үедээ Монголчууд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч, ажиллаж байсныг бид маш сайн мэднэ. Манж ноёдуудад дарлуулж, Хятад худалдаачдын хүүнд шулуулж, Монгол феодалууддаа зарцлагдаж, лам нарт хувь заяагаа даатгаж байсан Монголын ард түмэн социализмын буянаар итгэх найдах өөр зүйлтэй болсон. Дов даваад л хорвоо дуусдаг төсөөлөлтэй, дөч хүрээд л нас эцэслэдэг эмгэнэлтэй хувь тавилангаас Монголчууд бид социализмын буянгаар л аврагдсан. Эсгий гэрээсээ гарч дэлхий ертөнцтэй танилцаж, ээтэн гутлаа тайлан хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхах болсон.
Бүхэл бүтэн 220 жил хүн төрөлхтнөөс тусгаарлагдан шоронд амьдарч байсан Монголын ард түмэн гэрэл гэгээтэй золгов. Аж үйлдвэржилт, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, мэдлэг, соёлын хувьсгалууд өрнөж Монгол улс улс шиг оршин тогтнох, Монгол хүн хүн шиг амьдрах боломжтой боллоо.
Социалист Монголд өрнөсөн аж үйлдвэржилтийн хувьсгалаар дамжиж Монголд дэлхийн мэдлэг орж ирсэн. Мухар үсэг, шашны номлол биш мэдлэг боловсрол л улс орныг өөрчилж хөгжүүлдэг гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрцгээсэн юм. Ерөөсөө л хүн төрөлхтний бүхий л хөгжил дэвшилийг хөдөлгөгч хүч нь цаг ямагт мэдлэг байсаар ирсэн юм. Хүн төрөлхтний энэ л мэдлэг боловсрол цаашлаад морал, гоо зүйн боловсролыг бид социализмаас авсан. Эрүүл мэндийн салбар хөгжөөгүй, бие нь өвдөхөд лам дээр очин аз эзээр л амь насаа дэнсэлдэг байсан, утгыг нь ч ойлгохгүй түвд бичиг суран, учрыг нь ч ойлгохгүй хүмүүсийн хувь заяаг таадаг байсан, бичиг үсэгтэй хүн л төрийн сайд хийж, харь хүнээр удирдуулж байсан Монголын төр эзэнтэй болсон.
Малаас өөр эдийн засаггүй, ламаас өөр нийгмийн давхраагүй, мухар сүсгээс өөр мэдлэггүй, феодалаас өөр элитгүй байсан Монголыг өөрчилж, Монгол хүнийг хүн шиг амьдрах бололцоотой болгосон социализмд баярлалаа гэж хэлэхийн оронд “социализм шорон байсан” гэж хэлж байгаа хүнийг ямар эрүүл ухаантай хүн гэх вэ дээ.
Алдаа хийвэл зэмлүүлдэг, хулгай хийвэл шийтгүүлдэг, худал хэлвэл анхааруулга авдаг, олигархи гэж байхгүй, баян ядуугийн ялгаагүй, өндөр ёс суртахуунтай, өргөн мэдлэгтэй тийм л нийгэм байлаа. Тэмүүлэх зорилготой, хөдөлмөрлөх иргэдтэй, хөгжлийн бодлоготой л байлаа.
Эдийн засгийн дэд бүтэц ерөөсөө хөгжөөгүй, улс төрийн талаар ямар ч төсөөлөлгүй, нийгмийн орчин бүрэлдээгүй, үнэндээ Монголчууд бид ардчилалын 22 жилийг эс тооцвол түүхийхээ хамгийн эмгэнэлтэй үедээ ирээд байлаа. Монгол үндэстэн мөхөх үү? Орших уу? гэдгээ шийдэх эгзэгтэй цаг тохиосон юм. Мэдээж тухайн үед Монгол улсыг аваад явчих мэдлэг боловсролтой хүмүүс маш цөөхөн бараг байхгүй байлаа. Тиймээс бидэнд барууны улс төрийг, эдийн засгийг, нийгмийг шууд л хуулбарлахаас өөр арга зам үлдээгүй. Монголчууд бидэнд нэгдэл, хоршоолол, артель, мануфактурын аль нь ч байгаагүй. Таван хошуу малаад идэж, өмсөж, зарж л Монгол хүн амьдархаас биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь тухайн үедээ ямар ч боломжгүй байсан. Ийм л хүнд хэцүү цаг үед бид эргэлт буцалтгүйгээр социализмийг сонгосон юм. Социализм шорон байгаагүй, социализм Монголын хөгжүүлсэн болхоос уруудуулаагүй. Социализмийн аж үйлдвэржилт түүхий эдэд тулгуурласан Монголын эдийн засгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгож өгсөн. 100% импортлогч байсан Монголчуудыг экспортлогч улс болгож өгсөн. Аж үйлдвэржилтийг даган техник технологийн хувьсгал давхар явагдан, чадварлаг Монгол мэргэжилтнүүд бэлтгэгдсэн юм. Феодализмаас дөнгөж салж байсан Монголчуудад ямар ч мэдлэгийн бас шинжлэх ухааны талаарх төсөөлөл байгаагүй учраас капитализм дэндүү хол байлаа. Капитализм дэндүү хол байсан учраас, капитализм бүрэлдэх үндэс суурь байгаагүй учраас бид социализмд орхоос өөр арга замгүй байсан. Мэдээж социализмын үед хохирсон ганц нэг хүн байхыг үгүйсгэхгүй, харин Монголын ард түмэн ямар ч байсан хожсон гэдгийг хэн ч хэлнэ.
Социализмын үед Монголчууд Африк шиг өлсгөлөндөө баригдсан, ядуу улс болоод үлдсэнгүй, Латин Америкийн орнууд шиг дайны хөлд нэрвэгдсэнгүй. Өлсгөлөнгөөс, гуйланчлалаас, архидалтаас, худал хуурмагаас ангижирч, эрүүл нийгмийг байгуулж чадсан. Хүн болгон ажилтай, зорилготой бас хүсэл тэмүүлэлтэй байж чадсанаар өөрийгөө бүрэн дайчилж, хөдөлмөрлөж бас эх оронч байж суралцсан юм. Аливаа улс орон ард иргэдээс бүрэлддэг, тэгвэл ард иргэдээ боловсруулж, мэдлэгжүүлж, ухамсаржуулж, чадваржуулж байх ёстой. Тэгж чадвал тухайн улс орон хүчирхэг бөгөөд ирээдүйдээ итгэлтэйгээр оршин тогтнодог. Ерөөсөө л улс орныг оршин тогтноход улс төр нь эрүүл, эдийн засаг нь хүчирхэг, нийгэм нь хангалуун байх тэргүүний шаардлага байдаг. Социализмын үед бид ийм байж чадсан учраас Монгол оронд хөгжил дэвшил явагдсан гэж хэлээд байгаа юм.
Тариагаа тариад гурилаа хийгээд идчихдэг, малын шинэ үүлдэрүүдийг гаргаад ашиг шимийг нь өсгөчихдөг, нэхийгээ боловсруулаад өмсчихдөг, гутлаа хийгээд углачихдаг бараг л гаднаас гуйх зүйлгүй байлаа. Хүн бүр эх орныхоо төлөө гэсэн ухамсар, хүмүүжлийг бага наснаасаа ухаарч ойлгон, юу хийхээ, яаж амьдрахаа тодорхойлж болдог тийм нийгэм байсан юм. Өнөөдөр зарим хүмүүс социализмийг үгүйсгэдэг зарим хэнээтнүүд нь бүр шорон байсан гэж хэлдэг. Бид үсрэнгүй хөгжил дэвшлийг авчирсан өнгөрсөн түүхийн үнэт зүйлээ үгүйсгээд байвал хэзээ ч хөгжихгүй.
Социализмийг муулаад хөгжихгүй бас сайлаад ч хөгжихгүй гэдгийг бид сайн мэднэ. Харин социализмд бид юуг бүтээсэн, түүнийгээ яаж бүтээсэн бэ гэдгээ эргэж ахрах хэрэгтэй. Аж үйлдвэржилтийг, мэдлэгийн хөгжилийг, шинжлэх ухааны дэвшлийг бид социализмаас л олсон шүү дээ. Монгол улс НҮБ-д элссэн, Монгол хүн сансарт ниссэн гээд л энэ бүхэн социализмийн жилүүдэд болсон.
“ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭ МАРТДАГ, ҮГҮЙСГЭДЭГ УЛС ҮНДЭСТЭН ХЭЗЭЭ Ч ХӨГЖДӨГГҮЙ ”гэж нэгэн нэрт хүний хэлсэнээр энэхүү нийтлэлээ өндөрлье.
Д.Санчир
Сэтгэгдэл ( 0 )