Олуулаа хөгжье

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Олуулаа байх сайхан шүү.  Газар нутгийнхаа хэмжээтэй харьцуулбал монголчууд маань цөөхөн л дөө. Гэхдээ л энэ их баялагтай газар нутагт хэдүүлхнээ амьдардаг гэхэд олонхи нь ядуу, цөөнх нь бэлжүү амьдарч байгаа нь дэндүү шударга бус явдал. Ийм болохоор л энэ удаагийн сонгуульд Ардчилсан намынхан “Олуулаа хөгжих үү, цөөхүүл нь хөлжих үү” гэж асуугаад дэлгэсэн тэрлэг шиг эх орондоо “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гээд байгаа юм. Би ганцаараа ч биш олон хүн үүнийг хоёр гараа өргөн дэмжиж байгаа нь гоё байна. Далай шиг их газар нутаг байна, газар дор алт, мөнгө, зэс гууль гээд байхгүй юм алга. 40 сая толгой мал байна. Нүүрсний их ордууд байна. Ийм байхад энэ улс гүрэн маань яагаад хөгждөггүй юм бол. Хэдхэн хүн нэг, хоёроороо дугаарлаж сууж байгаад л идэж, хөлжиж байгаа болохоор яаж ч хөгжих билээ дээ. Дэндүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ мөртлөө хоногийн хоол, өмсөх зүүхээр дутмаг нь хэт олон байгаа нь гутамшиг. Иргэн нь Арабын шейх шигээ байг гэхэд улс орон нь арлын Япон шиг хөгжилтэй болох боломж бидэнд бий. 1920-иод онд бид дөнгөж 600 мянгуулаа байлаа. Энэ үед улс орон мөхлийн ирмэгт байсан. Хоёр их хөршийн үе үеийн улстөрийн бодлого “Чингисийн Монголыг олшруулж болохгүй” гэдэгт чиглэж байв. Хятад, Манжийн үед ч тэр. Москва, Бээжин хоёр Монгол Улсыг хоорондоо падаан бичээд л хувь заяаг нь шийдэж байсан цаг бий. Их гүрнүүдэд эрдүүлж, дээрэлхүүлж байсан гашуун сургамжийг бодож, тэр тусмаа байгаа баялгаараа илүүрхэж хөгжих ёстой, бид. Тэднийг өмнөө сөхрүүлсэн ч чадахаар тийм боломж, баялаг манайд байна. 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл манайх “тоглоомын тусгаар тогтнол”-той улс орон байсан болохоос улсынхаа төрийн бодлогыг, ард түмнийхээ идэж уухыг, сурч боловсрохыг, эрүүл энх байхыг, ажилтай, орлоготой байхыг өөрсдөө шийдэж үзээгүй улс шүү дээ. Харин цагаан морин жилийн хувьсгалаас хойш алдаг оног ч гэлээ төрийн жолоог ардчилагчид атгалцаж явсны буянд  Монгол Улс гадаадад нэртэй, мөртэй болж,  Москва, Бээжин шиг биш юмаа гэхэд хэрэндээ хөгжиж л байна.  Гэхдээ л бид улс шиг хөгжиж, хүн шиг амьдарч чадаагүй. Одоо харин тийм болох боломжийн өмнө ирчихээд байна. Бид ирэх сонгуулиар зөв сонголт хийж чадвал жинхэнэ хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж олуулаа жаргах цаг ирнэ гэдэгт найдаж байна.

Жижиг орноо том гэж сэтгэж, цөөхөн монголчуудаа олон хэмээн бодож хөгжих цаг одоо л ирж байна. Алсын Америк, тэр Европт зүсэн зүйлийн хүмүүс нэг оронд холилдон сайн, муу, сайхан муухай амьдралыг туулж л байна. Нэг аймаг, сумын дайтай нутаг дээр арав хорин саяулаа дутагдаж гачигдах юмгүй амьдарч болоод л байна. Дэлхийд хүн нь олондож, хүнс нь ховордоод байхад манайд хүнс нь их мөртлөө хүн нь цөөхөн. Энэ хэдхэн хүнийг гэдэс цатгалан, мөр бүтэн аваад явчихад уг нь ядах юмгүй л дээ. Гагцхүү манай төрд суугаа эрхмүүдийг ард түмнээ гэсэн бодол бус амин хувиа гэсэн увайгүй зан нь ийм болгочихоод байгаа юм. Төрд суугаа тэр эрхмүүд өөрсдөө үсэрч очоод дээшээ суучихаагүй, бид л өөрсдөө сонгосон. Харин сонголт маань буруу байжээ.  Ирэх дөрвөн жилд улс орны амьдрал уруудах уу, урагшлах уу,  баян орны ядуу ард түмний амьдрал дордох уу, дээрдэх үү гэдгийг хэдхэн хоногийн дараа шийдэх гэж байна. Товчхон хэлбэл, бид түүхэн сонголт хийх болчихоод байна. Өмнө нь бид төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргах уриалгад хулхидуулсан.

Энэ удаа Ардчилсан намынхан “Олуулаа хөгжье” гэж уриалж байна. Тэд алт, зэсийн үнэ унах болов уу гэж айдаггүй буюу ганцхан уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бий болгоно гэнэ. Солонгын долоон өнгө шиг олон тулгууртай эдийн засгийг байгуулна гэнэ. 1,5 тэрбум төгрөг олж байгаа хүмүүсийнхээ орлогын албан татварыг нэг хувь болгож, есөн хувийг нь буцааж өгнө гэнэ. Халамжийг хавтгайруулалгүй халамж шаардлагатай хүнд нь хүргэнэ гэнэ. Дэмжиж байна. Өнгөрсөн таван удаагийн нэгээс бусад сонгуульд МАН ялж байсан. Эрх барьж байсан энэ намаас бурууг эрэх үү, эсвэл хамтрах үедээ хамтарч, сөрөх үедээ сөрж, бас нэг удаа эрх барьж явсан АН-аас асуух уу. Бурууг хайхаас илүү төсөөлснөөс гажиж орхисон энэ нийгмийг, улстөр, эдийн засгийг тогтолцоог өөрчлөх үүргийг Ардчилан нам ийнхүү өөртөө хүлээж байна. 22 жилийн өмнө хувьсгал хийхдээ мөрөөдсөн шиг, Үндсэн хуульдаа тусгасан эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулах бодит нөхцөлийг ирэх дөрвөн жилд бүрдүүлэхээ, тэр боломжийг эхлүүлэхээ амлаж байна. Гажсан хөгжлийг ирэх дөрвөн жилд л зөв зам руу нь чиглүүлэхгүй бол оройтно гэдгийг АН-ынхан ухамсарлажээ. Дэмжиж байна. Цөөхүүлээ ард түмэнд олуулаа хөгжиж, баяжих шиг амархан юм байхгүй. Цөөхөн ард түмнийг өөд нь татаад явчих ухаан сийрэг улстөрчид Ардчилсан намд олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.

                                                                                                                                                                    Б.Оюунгэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top