Иргэдийн зүгээс боловсролын салбарт шууд муу дүн тавина. Бүр муугаас муу гэж тодотгох биз. Монгол Улсад ус агаар шиг дутагдаж байдаг зүйл бол нэгдүгээрт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж ар, өврийн хаалгаар танил тал хайж гүйдэг жишиг манай улсын хөрсөнд хэдийнэ нутагшжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ тааруу байдлаас өдөрт гурван ээлжээр, нэг ширээнд гурван хүүхэд тохой нийлүүлэн суух болсон нь ч энгийн жишээ. Ингэж суралцсаны эцэст замбараагүй олон их, дээд сургуулийн аль нэгэнд нь мөнгө цацаж орно. Их, дээд сургуулиудын хувьд жилийн жилд аль болох элсэлт авахыг чухалчлан шалгалтын босго оноог доошлуулах, эсвэл шалгалтын хамгийн хөнгөн хэлбэр болох тестийн аргыг ашиглах болсон нь үүний баталгаа. Иймд мөнгө л байвал их, дээд сургуулийн босго алхах тун амархан. Цаашлаад сурсан, сураагүйгээсээ илүүтэй ирцээ бүртгүүлж явсаар нэг л мэдэхэд дөрвөн жил ард хоцорч, диплом өвөртөлнө. Эцсийн бүтээгдэхүүн нь ажилгүйчүүд. Өнөөдөр Монгол Улсаар дүүрэн дипломоо тэвэрсэн ажилгүйчүүд бий. Эс бөгөөс үйлчлэгч, баарны зөөгч хийх болсон нь амьдралын үнэн. Түүнчлэн багш нарынх нь мэргэжил боловсрол ч гологдох болсон билээ. Товчхондоо, Монгол Улсын боловсролын салбар шоконд орж, зогсонги байдалтай болжээ.
Манай улсын хүн амын бараг тал орчим хувь нь 25-аас доош насныхан байна. Ингээд харахаар тэдний ирээдүй ямар байх, цаашид ямар хүн болж төлөвших нь боловсролын салбарын бодлогоос шууд хамааралтай. Харамсалтай нь, боловсролын чанар жинхэнэ утгаараа асуудал болж, улсын хөгжлийг чөдөрлөх боллоо. Тухайлбал, чанаргүй боловсрол эзэмшиж, төгссөн багш нар ЕБС, их, дээд сургуульд багшилж, дутмаг мэдлэгтээ тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Уг нь хөгжилд хүрэх гарц нь ганц уул уурхайгаас илүүтэй эрдэм боловсролтой Монгол хүн. Харамсалтай нь, ирээдүйгээ биш өнөөдрөө харсан эрх баригчид уул уурхайгаа шүтэж, орж ирсэн хөрөнгөөр нь барилга байгууламж барихад голлон анхаарах боллоо. Бидэнд Оюутолгой, Тавантолгойгоос илүүтэй Монгол хүний толгой илүү чухал гэдэг ч хачир дээрээ хийгдсэн ажил хуруу дарам.
Хэрэв бид өнөөдөр боловсролын салбартаа шинэчлэл хийж чадахгүй бол харанхуй нийгэм рүү хөтлөгдөнө. Бичиг үсэг мэдэхээс цаашгүй хоосон толгойтнууд хотоор дүүрч, хөдөөгүүр баялхах биз. Суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар нь өнөөгийн нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангахгүй байгааг одоогийн Боловсролын яамныхан толгой дохин хүлээн зөвшөөрдөг. Энэ нь сурагчдын оюуны болон бие бялдрын хөгжил сул, техник сэтгэлгээ төлөвшөөгүй, эрүүл аж төрөх ёсны зөв дадал хангалтгүй байна гэсэн үг. Мөн бие даан амьдарч хөдөлмөрлөх, техник технологи, инженерийн чиглэлийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдалд хүрснийг мэргэжлийн байгууллагынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхнээс гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай. Энэ нь боловсролын салбарын бүтэц учир дутагдалтай, нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. Иймээс оновчтой бодлого явуулж, тогтвортой хэрэгжих нөхцөл, бололцоог нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, багшийн нийгэм дэх байр суурь үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш бэлтгэх бодлогыг өөрчлөх зэрэг асуудлыг тусгасан төрийн тусгай бодлого, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэрвээ бид энэ чигээрээ яваад байвал ямар ч боловсролгүй тэгсэн атлаа боловсролын үнэмлэхтйэ сул боловсон хүчнээр ирээдүйгээ мөхөөх нь. Им бодлого барьж байгаа эрх баригчидад хариуцлага тооцсон ч багадна. Тиймээс одоо л энэ чигээрээ байх уу эсвэл огт өөрөөр амьдрах уу гэдгээ шийдэх цаг болжээ.
Боловсролтой Монгол хүн улсын ирээдүй
Ардчилсан нам боловсролтой Монгол хүний тухай бодлого гаргах талаараа мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 21 аймаг, сум, дүүрэг, хороогоор өртөөлөн иргэдийн санаа бодлыг сонсч, санал санаачилгыг нь бодлого болгон дээрх хөтөлбөртөө шигтгэж өгсөн тул цоо шинэ зүйл биш юм. Мөн энэ салбарын эрдэмтэн багш нар, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн бэрхшээлээс гарах гарцыг нь эрэлхийлсэн. Гол нь энэ бүхэн хоосон амлалт биш ажил хэрэг болох алхмаа хийгээд эхэлсэнд байгаа юм. Нийгэмд хэрэгцээгүй мэргэжлээс илүүтэй захиалгатай, эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд агаарт биш хөрсөнд буусан олон заалт бий. Жишээ болгох тайлбарлахад, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед гаднаас мэргэжилтэн импортлохыг зогсоож, дотооддоо бэлтгэн нийлүүлэх нь нэн тэргүүний хийгдэх ажил. Цаашлаад баар, цэнгээний газрын тоог олшруулахаас илүүтэй сургууль, цэцэрлэгийн барилгажилтыг барьж байгуулах ажлыг ч тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )