Солонгос сериалуудын бараг зохиолч болохоо шахаад байсан Монголчууд сүүлийн үед өөрсдийн хийсэн олон ангит кинонуудаар бөмбөгдүүлж эхлээд байгаа гэхэд хилсдэхгүй. "Хэцүү анги", "Сонголт", "Тусгай салаа", "Хайрын эрэлд" гээд л гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан олон кинонууд манай уран бүтээлчдэд цаашдаа улам их кино хийх урмыг өгсөн гэхэд болно. Америкийн “Friend’s” цувралын Монгол хувилбар болох “Амьдралд тавтай морил” кино инээдмийн баяраар нээлтээ хийнэ гэж байсан ч үзэгчдийн хүртээл болж амжаагүй байгаа. Уг киноны зураг авалт 50 гаруй хувьтай яваа бөгөөд энэ сарын 28-наас эхлэн цэнхэр дэлгэцээр цацахаар төлөвлөөд байгаа гэнэ. Залуусын амьдралыг харуулах 80 ангитай киноны гол дүрд Г.Эрхэмбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Э.Ууганбаяр нар тогложээ. "Үйл явдлын зөрчил багатай, хүмүүст инээд бэлэглэх, алжаалыг нь тайлах бүтээл хийхийг зорьсон” хэмээн найруулагч Д.Баярсайхан ярьсан юм.
Б.Идэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )