Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн Оюутны спорт урлагийн XV Их наадам Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өнөөдөр эхэлж байна.
Наадмыг Монголын Оюутны Спортын Холбоо, орон нутгаас аймгийн ЗДТГ, БТСГазар, Цагдаагийн хэлтэс, Архангай аймаг дахь МУБИС-ийн харьяа Багшийн сургуулийн удирдлагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Уг наадам нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, коллежийн оюутан залуусыг спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвх сонирхлыг өрнүүлэх, авъяаслаг ур чадвартай оюутан залуусыг дэмжих, биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Оюутны спорт урлагийн наадам үндсэн гурван төрөл буюу спорт /сагсан бөмбөг, волейбол, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг/, урлаг болон оюутны Эрдэм шинжилгээний бага хурал гэсэн төрлөөр явагдах бөгөөд нэгдсэн дүнг гаргахдаа наадмын төрөл тус бүрт оролцсон байдал, эзэлсэн байр зэргийг харгалзан цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм байна. Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд “Орон нутгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр сургууль бүрээс нэг оюутан, залуу судлаач багш илтгэл тавьж оролцох ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )