Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2” тактикийн хээрийн сургууль ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн “Бурдуны” сургалтын төвд амжилттай явагдаж байна. Сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Г.Энхбаатар “Энэ удаагийн хамтарсан сургууль хэд хэдэн онцлогтой явагдаж байна. Тодруулбал, манай их буучид анх удаа хилийн чанадад байлдааны буудлага хийж байна. Сургуульд оролцож буй зэвсэг техникийн хамрах хүрээ өргөжсөн, төрөл мэргэжлийн цэргийн хувьд хими, инженер, холбоо, их буу зэрэг бүх төрлийг хамарч байгаагаас гадна агаарын цохилтын тактикийн болон десантын байлдааны нисэх онгоц оролцож байна. 50 км хүртэлх зайд дайсныг илрүүлэх, марш үйлдэн байлдааны буудлага хийж байгаа нь ч бас нэг онцлог” хэмээн сургуулийн талаар товчхон өгүүлсэн юм. Олон арван жилийн дайчин уламжлалтай Монгол, Орос дайчид ийнхүү мөр зэрэгцэн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай үргэлжлүүлж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )