Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахаар Улаанбаатарчууд бидний ганц шүдний өвчин болсон агаарын бохирдлын асуудал ахиад л яригдах нь. Ноднингоос эхлэн ЗГ-аас санаачлан Цэвэр агаар сан гэж байгуулж гэр хорооллын айлуудад утаа бага ялгаруулдаг зуухыг олгож эхэлсэн. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж нийслэлчүүд ам сайтай байгаа. Тэгвэл Нийслэлийн ЗДТГ болон Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болж тус арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн юм.
Энэхүү арга хэмжээнд агаарын бохирдлын эсрэг тэмцэх иргэд, олон ниийтийн байгууллагууд хүрэлцэн ирж оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэснээс гадна зарим барилгын компаниуд орчин үеийн тохилог амины орон сууцнуудыг танилцууллаа. Тухайн компаниудын танилцуулсан амины орон сууцнуудын дээд талын үнэ нь 30 сая төгрөг бөгөөд төвийн дулаанд холбогдох боломжтой гэнэ. Зарим амины орон сууцны үнэ тухайн байрныхаа хэмжээнээс шалтгаалж хэлбэлзэж байгаа юм байна. Мөн утаагүй зуух төслийн зуухнууд айл өрхүүдэд хэдийнэ олгогдоод эхэлжээ.
Тус арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүрэлцэн ирж оролцож санал бодлоо илэрхийлсэнээс гадна иргэдтэй уулзаж өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар үг солилцлоо. Энэ үеэр түүнээс нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хийгээд цаг үеийн зарим асуудлын талаар тодрууллаа.
-Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар ямар дорвитой ажил хийгдэх вэ?
-Энэ жилдээ хоёр ажил хийгдэнэ. Эхний ээлжинд ер нь зэрэгцүүлж хийх байх. Утаагүй зуух болон утаа гаргадаггүй түлш хоёр нийлүүлнэ. Гэхдээ энэ маань бага зэрэг хязгаарлагдмал байгаа. Нөгөө талаас гэр хорооллынхоо дахин төлөвлөлтийг хурдан хийж өгөөчээ. Тэгвэл бид хөнгөлөлттэй зээл олгож гэр хорооллыг барилгажуулах ажлаа эхэлмээр байна. Хамгийн гол нь дахин төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Тэгэх юм бол байшингаа бариад л түүн рүүгээ дулаан бохир, цэврийн шугам оруулчихна шүү дээ. Ингээд орон сууцаар хангах ажлыг хийнэ. Нөгөө шугамаа тавих зураг төслөө хийх гэхлээр дахин төлөвлөлт хийгээгүйгээс үүдээд гацчихаад байна. Тиймээс иргэд маань бидэнд туслах хэрэгтэй.
-Энэ жил утаа хэр багасах бол. Агаарын бохирдол буурах болов уу?
-Энэ жил утаа арилахгүй шүү дээ. Ямар шидтэй биш. Гэхдээ зохих хэмжээгээр бууруулна. Ер нь бол утаагүй зуух, утаагүй түлшээ нийлүүлнэ. Дахин төлөвлөлт хийсэн гэр хороолол руу амины орон сууц барих дэмжлэг үзүүлж барьж өгнө. Ер нь бол болж өгвөл иргэд өөрсдөө сэтгэл гаргах юм бол бүх юм шийдэгдэнэ.
-Өнөөдрийн байдлаар хаана аль дүүрэгт дахин төлөвлөлт хийсэн бэ?
-Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 11-р хороо гэсэн ийм хоёр газар л дахин төлөвлөлт хийсэн. Энэ Дэнжийн мянга, Гандангийн айлуудыг хийгээч гээд одоогоор хийсэн юм үгүй л байна. Уг нь дахин төлөвлөлтөө хийгээд орон сууцандаа хурдан ормоор байна шүү дээ.
-Энэ жилийн хувьд цахилгааны тарифын асуудал яаж тавигдах вэ? Өнгөрсөн жил гэхэд шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлж байсан.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бүх багц арга хэмжээг авна. Тэгээд ерөнхийдөө асуудлыг нэг мөр шийдье гэж бодож байгаа.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )