БХЯ-ны удирдлагууд видео хуралд оролцов

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхлэснээс хойших хугацаанд хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, цаашид анхаарах зүйлс, яамдын ажил үүрэгтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-аас төрийн бүх яамдтай холбогдон видео хурал зохион байгууллаа. Шинэ Засгийн газраас шинэ арга барилаар, техник технологийн дэвшлийг ашиглан шуурхай ажиллаж буйн нэг хэлбэр нь энэ видео уулзалт ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ видео уулзалтыг цаашид сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гаригийн 13.30 цагаас хийж байна гэдгийг онцлов. Тэрээр энэ хугацаанд гарсан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр яамдад өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцуулж зарим үүрэг чиглэл өгсөн юм.

Видео хуралд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц болон БХЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд тус яам энэ хугацаанд цөөнгүй ажлыг хэрэгжүүлжээ.

Tухайлбал Зэвсэгт хүчний 032-р ангийн хүндэт харуулын дайчид Бямба, Ням гаригт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг болсон, Төрийн далбаа мандуулах, буулгах ёслолыг нэг удаа хийсэн, тусгай төсөл хэрэгжүүлэн яамны албан хаагчдын албан хэрэгцээний компьютерийг интернэтээс тусгаарлах арга хэмжээ авсан, нийслэлд байрладаг Батлан хамгаалах салбарын харьяа анги, байгууллагууд 8-17 цагт үйл ажиллагаа явуулдаг болсон, яамны шинэ бүтэц, орон тоог боловсруулан сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлээд байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top