Өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачлан “Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн О.Энхзаяа нар оролцлоо.
Сүүлийн 10 жилд зүрх судастай холбоотой өвчлөлөөр нас барах явдал нь хоёр дахин ихэссэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдийг өөрийн харьяа дүүрэг, хорооны өрхийн эмнэлгүүдэд хандаж үнэ төлбөргүй үзлэгт хамрагдахыг уриалсан. Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын хөнгөн зэрэглэлтэй 135 хүн, хүнд зэргийн өвчлөлтэй 19 хүн, умайн хүзүүний хорт хавдартай хоёр хүн, хөхний хорт хавдартай хоёр хүн илрээд байгаа аж. Үзлэгт 40-өөс дээш насны 631.960 хүний 83.089 буюу 13.3 хувь нь цусны даралт ихсэлт, 58.259 буюу 9.2 хувь нь чихрийн шижингийн үзлэгт хамрагдсан байна. Энэ нь үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн тоо хангалтгүй байна гэсэн үг юм. ММСС-ын Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул хэлэхдээ “Урьдчилан сэргийлэх үзлэг бол асар том боломж. Бид эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдэхийг хичээж байгаа бөгөөд аймаг сумд, дүүрэг хороодын эмнэлгүүдэд шаардлагатай оношлогооны багаж төхөөрөмж, машиныг өгсөн байгаа” гэж байв. Тиймээс Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс зарим нь тодорхой нэвтрүүлэг, аялал сурвалжлага хийж иргэдэд мэдээлэл түгээвэл дээрх үзлэг шинжилгээнд олон хүн хамрагдах боломжтой хэмээн үзэж байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )