Хүүхэд харах үйлчилгээг хуульчлах шаардлагатай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байдгаас 120 мянга нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. Эдгээр хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэвэл 1,8 их наяд төгрөг шаардагдах тооцоо байдаг аж.

Тэгвэл энэ  их хэмжээний мөнгийг улсаас гаргахын оронд эцэг эхчүүд “харилцан ашигтай” хамтран ажиллахад болох нэгэн зохицуулалт байна.  Өөрөөр хэлбэл “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа хүнд асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болох юм.

Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээ нь  гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эх, эцэг болон хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ. Хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж болох бөгөөд энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломж юм.

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хараа хяналтгүй хүүхдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэх, сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжрах давуу талтай юм.  

Энэ чиглэлд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг анхааран ажиллаж байгаа бөгөөд  тэрбээр “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хууль эрх зүйн таатай орчин бий болно гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд буйгаа дуулгалаа.

Энэхүү хуулийн төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм байна. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтанд хамрагдах бөгөөд энэ үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхэр тусгасан байна. Мөн хүүхэд харж байгаа тус айлд улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70,000 төгрөг, хоолны зардлын 40,000 төгрөгийг сар бүр олгох талаар хуулийн төсөлд тусгажээ.

Өнөөдөр ийм хуулийн зохицуулалт байхгүйгээс “азтай” нэгэн нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Хэрвээ хуулийн зохицуулалтыг хийж өгвөл “азтай” эцэг эхчүүдийн тоо нэмэгдэж, өрхийн орлого өсөх зэрэг олон эерэг талтай юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top