Улс төр
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам үйлчлүүлэгчдэдээ зогсоол гаргаж өглөө
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагуудын удирдлагууд, Замын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газарт зогсоолын талбайд хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Энэхүү санаачилгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анх дэмжиж “хотын соёлыг хэрэгжүүлэхэд хамт олноороо үлгэр жишээ үзүүлэх”-ээр шийдвэрлэсэн бөгөөд даваа гаригаас эхлэн автомашины зогсоолын талбайгаа иргэд, үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөөд байна.
УИХ-ын 2012 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа тогтоолоо
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай“ Захирамж гаргалаа. Захирамжид намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна.
Нийслэлийн шүүх Н.Энхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ долоо хоногт Нийслэлийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралд Н.Энхбаяр өөрийн биеэр оролцоогүй. Түүнийг, яллагдагчаар татахад таван хэргээр буруутгаад байсан бол гурвыг нь хэрэгсэхгүй болгон үлдсэн хоёр хэрэгт нь буруутай гэж үзэн дөрвөн жилийн ял оноогоод буй. Одоо түүнд үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хоёр шатны шүүхэд хандах эрх үлдсэн. Тодруулбал, улсын дээд шүүхийн хяналтын шатанд хандах бол дараа нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандах юм байна. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэлийн мэдээлж буйгаар “уг хоёр шатны хурлаар хэрэг шийдэгдэхгүй бол Хүний эрхийн олон улсын шүүхэд хандана” гэдгээ мэдэгдээд байна.
Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаанд үг хэлж, CNN-д ярилцлага өгөв
“Үндэсний болон олон улсын түвшин дэх хуулийн засаглал"-ын асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ ”Ардчилалд шилжих явцад Монгол улсын дэвшүүлсэн эрхэм зорилтуудын нэг нь нийгэмдээ хуулийн засаглалыг цогцлооход оршиж байсан. Ганц ч цонх хагалалгүйгээр өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойш хорь гаруй жилийн дараа ч бид хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэгээ би өнөөдөр итгэлтэйгэээр нотолж байна. Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан нь юм. Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай юм.
Нийгэм, эдийн засгийн хөгжил болон авлигын хооронд нягт харилцаа холбоо бий. Хаана их авлига байна, тэнд хөгжил сул дорой байна. Тиймээс хуулийн засаглалыг төлөвшүүлэхийн төлөөх тэмцэл нь эдийн засгаа илүү тунгалаг болгон, амжилттай хөгжүүлэхийн төлөө тэмцэл юм. Монгол Улс бол ардчиллын замаар замнаж буй залуу орон. Бид улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй хууль эрх зүйн салбарт ч дэвшил гаргах учиртай юм. Бидэнд бие даасан шүүхийн байгууллага хэрэгтэй бөгөөд улс төрийн дарамт, нөлөөөллөөс ангид шүүхийн тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа билээ. Хуулийн засаглалыг дэлгэрүүлэх нь бидний хувьд тэргүүлэх ач холбогдолтой зорилт байх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бид талархан дэмжиж байна” гэжээ.
“Хуулийн засаглал” сэдэвт өндөр түвшний уулзалтад үг хэлснийхээ дараа дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх агентлаг болох Нью-Йорк хотноо байрлах CNN-ийн төв байранд зочлон ярилцлага өгсөн юм. /ярилцлага.../
НИТХТ-ын нарийн бичгийн даргаар Б.Энхболдыг томиллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор, НИТХТ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд албаны ажлын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхболдыг томиллоо.
Иргэдийн төлөөлөгчид зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэр гаргав
Нийслэлийн иргэдийн хурлаас түүхэн шийдвэрүүд гаргалаа. АН-ын бүлгээс хотын төвийн 1300 орчим га-д дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр хотын "А" зэрэглэлийн бүсэд ойрын хугацаанд газар олгохгүй болж байна. Уг шийдвэр нь хэдий болтол хүчинтэй байх нь тодорхойгүй байгаа юм.
НИТХ-аас гаргасан хоёр дахь "түүхэн" шийдвэр бол явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох юм. Харин энэ шийдвэрийг ажил болгож хууль зөрчин, иргэдийг хохироож байгаа хүмүүсийн газрыг чөлөөлж, барилга байгууламжийг нь нураах том ажил эхэлж байна.
Хуульчдын танхим нээлтээ хийлээ
Өнгөрөгч мягмар гаригт Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гуравдугаар давхарт "Хурлын танхим"-ын нээлт боллоо.
Энэхүү Хуульчдын танхим нь Хууль зүйн яамнаас боловсруулсан хууль тогтоомжийн болон бусад шийдвэрийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох замаар оролцоог нь нэмэгдүүлэх, мөн түүнчлэн хууль зүйн салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад тогтмол байдлаар мэдээлэх юм байна.
“Шударга ёс” эвслийн гишүүд осолд орж, нэг хүн амиа алдлаа
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, МҮАН-ын ажлын албаны ажилтан, сэтгүүлч Н.Мөнхжаргал амиа алдлаа. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсний улмаас осол гарсан хэмээн таамаглаж байгаа аж. Хамт осолд өртсөн гурван иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Нийгэм
Троллейбусны чиглэлийг сэргээлээ
Энхтайваны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замын зорчих нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус, троллейбус явуулах шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байсан ч “Төв шуудан”, “Монгол улсын боловсролын их сургууль”-ийн уулзвар орчимд нийтийн тээврийн зарим чиглэлийн “зүүн” эргэх хөдөлгөөнийг бууруулж, аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлүүдэд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, хот орчмын “Налайх-Вокзал”, “Ургах наран-Вокзал” чиглэлүүдийг Баруун дөрвөн замын уулзвараар буцааж явуулах, “Био-МУБИС” чиглэлийг “Төв номын сан”-аар эргүүлэх, “Городок-МУБИС” чиглэлийг “Ард” зогсоол хүртэл, “Хонхор-Вокзал” чиглэлийг Халдвартын эмнэлэг хүртэл сунгахаар болсон. Мөн троллейбусны Тр:3 буюу “3,4-р хороолол-БММЗ“ чиглэлийг сэргээхээр болжээ. Харин троллейбусны Тр:6 буюу “Офицеруудын ордон-БММЗ“ чиглэлийг Улаанхуаран хүртэл сунгаж “МУБИС” зогсоолоос “МУИС”, Сүхбаатарын гудамжаар Төв шуудангийн уулзвар хүртэл явуулах шийдийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Шийдвэр лхагва гаригаас эхлэн хэрэгжээд байна.
ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-аас дараах зөрчил, хууль бус үйлдэлд 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэхдээ энэ удаад 2-2,5 хувиар найман компани, байгууллагад 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Үүрэн телефон хэрэглэгчдийн нэгж секундээрээ тооцогдон унана
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн долоо хоногт үүрэн телефоны дөрвөн компани болон Харилцаа холбооны зохицуулах хороотой уулзан ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн секундээр тооцон нэгж унадаг болгохоор болжээ. Өмнө нь хэрэглэгчид хэдэн ч секунд ярьсан минут ярьсанд тооцогдон нэгж унадаг байсан билээ. Ингэснээр ШӨХТГ-ын судалгаагаар хэрэглэгчдийн зардал 30 хүртэл хувиар буурна гэж үзээд буй. Мөн дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгө дээр хүү бодон тухайн хэрэглэгчийн сарын төлбөрөөс хасахаар болсон байна.
Пиво үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийн талаар санамж өгдөггүйгээсээ болж торгууль төлөхөөр боллоо
Монгол улсад мөрдөгдөж байгаа зар сурталчилгааны тухай хуулиар бага градустай буюу алкохол багатай пиво сурталчлахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ үүнийхээ хажуугаар заавал тухайн бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийн талаар санамж өгөх ёстой. Гэтэл пиво үйлдвэрлэдэг компаниуд ямар нэгэн санамж явуулахгүй байгаа тул торгууль ногдуулжээ. Тухайлбал, АПУ ХХК-д 10 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Одоогоор торгуулиа төлөөгүй байгаа юм байна.
Сүү үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг үнэн зөвөөр бичнэ
ШӨХТГ-т байгаа мэдээллээр Монголын нийт сүүний хэрэглээний 10 орчим хувь нь л үнээний сүү. Үлдсэн 90 хувь нь хуурай сүүгээр найруулж хэрэглэгчдэд хүргэж байгаа гэжээ. Тэгсэн хэрнээ цэвэр үнээний сүү гэж сурталчилдаг. Харин одоо хуурай сүү найруулчихаад үнээний сүү гэж бичиж сурталчлахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл энэ бол найруулсан хуурай сүү юм гэдгийг бичиж зарах аж. Иймд хуурай сүүгээр найруулчихаад “үнээний цэвэр сүү” гэж бичиж худалдаалсан компаниудад торгууль тавьжээ.
Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол 170-180 гаруй нэр төрлийн эмийг 93 хүртэлх хувийн хямдралтай авна
Эрүүл мэндийн даатгал төлөгчид 170-180 гаруй эмийг худалдан авахдаа 93 хүртэл хувиар хямдруулан авах боломжтой юм байна. Энэ онд гэхэд 12 тэрбум төгрөг төсөвт тусгуулсан ч үүнийг иргэд мэдээгүйгээсээ болоод мөнгөө төлөөд авдаг ажээ.
Төрийн өмчийн их, дээд сургуулиуд хуйвалдааны зарчмаар төлбөрөө нэмсэн нь нотлогдож, торгуулжээ
Их дээд сургуулиуд дунджаар 1.200.000 орчим төгрөгийн төлбөртэй байсан бол одоо 1.600.000 болсон байна. Зах зээлийн шаардлагаар сургуулиуд төлбөрөө нэмж болох боловч төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд тойрч суун хоорондоо ярилцан нэмж болохгүй. Ингэж нэмсэн хууль бус үйлдэлд нь торгууль ногдуулсан байна.
Эдийн засаг
Монголбанк 21 сая юань худалдлаа
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Мягмар гаригийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 20 сая ам.долларыг 1402.68 ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 ханшаар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 222.00-222.49 ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 222.39 төгрөгийн хаалтын ханшаар 21 сая юань худалдлаа.
“Бэрх-Уул” жоншны 2.1 сая тонн нөөц тогтоов
Монголын жонш, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Бэрх-Уул” хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших жоншны ордынхоо нөөцийг батлуулжээ. Ашигт малтмалын газар тус ордын ашигтай нөөцийг 50,52 хувийн агуулгатай 2.13 сая тонн гэж баталсныг тус компани албан ёсоор мэдээллээ.
ТББ болон Иргэний нийгмийн байгууллагууд нөөцийн маханд хяналт тавих боломжтой
Ирэх өвөл манай улс 12 мянган тонн мах нөөцлөхөөр болсон бөгөөд нөөцлөх зоорь хангалттай хүрнэ хэмээн тооцоолжээ. Харин хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээ 144.799 тонн. Гэтэл тооллогод хамрагдсан бүх зоорь уг хэрэгцээний 33 хувийг хадгалах хүчин чадалтай юм байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг уралдаант сонгон шалгаруулалтаар тодруулахаас гадна төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудад хяналт тавих боломж олгоно гэдгээ Хотын ерөнхий менежер Ч.Бат илэрхийллээ.
Долоо дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна
Жил бүрийн намар ургац хураалтын үеэр “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж, нийслэлчүүддээ шинэ ургацын ногоогоо худалдаалдаг уламжлал тогтоод долоо дахь жилээ угтаад байна. Жил ирэх бүр уг үзэсгэлэн худалдаа өргөжиж, түүнд оролцох бараа бүтээгдэхүүний төрөл, чанар, өнгө үзэмж өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, энэ жил “Алтан намар-2012” төмс хүнсний ногоо, үр тариа, байгалийн жимс жимсгэнэ, эмийн ургамал, “Шилмэл мал-2012” буюу манай улсаас шалгарсан шилдэг 130 гаруй хамгийн сайн хээлтэгч, хээлтүүлэгч, хамгийн их сүүтэй, хамгийн их жинтэй үхэр, хонь, ямаа, гахай оролцож байгаа бол “Эрүүл хүнс-2012” Монголын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна.
Монгол улс хөгжиж буй зах зээлийн зэрэглэлтэй улсын тоонд багтжээ
Их Британийн FTSE группээс энэ сарын 26-нд Монголын хөрөнгийн биржид албан тоот ируүлжээ. Тус групп улс орнуудын хөрөнгийн зах зээлийг хөгжиж буйгаас өндөр хөгжсөн хүртэл дөрвөн ангиллаар маш нарийн шалгуурын дагуу жилд нэг удаа шалгаруулдаг байна. Манай улс хөгжиж буй зах зээлийн зэрэглэлтэй болсноор мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах боломжтой болж байгаа гэнэ.
Спорт
Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёд озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Ингэснээр тэрээр сүүлийн барилдаануудаасаа уналгүй 31 давлаа. Барилдааны сүүлийн өдөр тэрээр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр ялсан юм.
О.Бурмаа “Голден Гран-При” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд Г.Алиевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын “Голден Гран-При” тэмцээн гурван төрлөөр болж 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд өнгөрсөн жилийн ДАШТ, энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон “Гран-При” тэмцээнүүдэд медаль хүртсэн бөхчүүдийг нэр заан урьсан бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 11 бөх уригдсанаас гавьяат тамирчин О.Бурмаа ганцаараа оролцсон. Түүний хувьд 2008 онд тус тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан юм.
Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ
Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ өчигдөр эхэлж манай улсын тамирчин ОУХМ Т.Мөнхтуяа 59 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
“Хүч” спорт хорооны захирлаар Б.Пагва томилогдлоо
ЦЕГ-ын “Хүч” спорт хороог жудогийн ОУХМ Б.Пагва удирдахаар болжээ.
Б.Пагва нь Прагийн их сургуулийг төгссөн, Шинжлэх ухааны докторын зэргийг Москва хотод хамгаалсан, Олон улсын жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, шүүгчийн зөвлөлийн дарга, энх тайвны хорооны дэд даргын албыг хашдаг, Монгол-Чех улсын жудогийн спортын мастер цолтой тамирчин аж.
Олимпийн наадмаас хойшхи дэлхийн жүдочдыг эрэмбэлжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпийн наадмаас хойшхи жүдочдын шинэчилсэн чансааны жагсаалтыг гаргасан байна. /Дэлгэрэнгүй.../
Боловсрол
Сурагчид тусгай автобусаар зорчиж эхэллээ
Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу Ерөнхий боловсролын 17 сургуулийн I-V ангийн сурагчдыг тусгай автобусаар тээвэрлэж эхэллээ. Тодруулбал, “Олонлог”, Орос 14 дүгээр сургууль, Плехановын нэрэмжит сургууль, “Эрэл”, “Шинэ Монгол”, “Радуга”, 38 дугаар сургууль, “Американ”, “Internatinoal”, Нэгдүгээр дунд сургууль, “Сант”, “Орчлон”, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль, Монгол, Оросын хамтарсан сургууль, “Улаанбаатар Элит”, “Ноbbу", “Шинэ үе" сургууль багтжээ.
Гэмт хэрэг
Дөрвөн настай охин таван давхрын цонхноос унаж амиа алдлаа
Энэ долоо хоногт орон сууцны таван давхрын цонхноос дөрвөн настай охин санамсаргүй хөл алдан унаж амиа алдсан хэрэг гарлаа. Энэ хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулсан аймшигт хэрэг боллоо.
89.24 метрийн өндрөөс үсэрч амиа хорлохыг завдав
Даваа гаригт Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг, эмнэлгийн 25 дугаар гудамжинд байрлах хуучин цэргийн зориулалттай ашиглаж байсан 89.24 метрийн өндөртэй төмөр баганын орой дээрээс хорооны иргэн 22 настай, эрэгтэй М үсрэхийг завджээ. Харин “Шуурхай бүлэг 105”-ын тасаг, нийслэлийн аврах салбарын аврагч нар аюулгүй ажиллагааг ханган түүнийг буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )