“Номин талст”-ыг үзэгчид буцахыг хүссэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 30

Монголын анхны Boy band хамтлагийн нэг “Номин талст”-ын “Номин талст 15” тоглолт өчигдөр “UB palace”-ийн концертийн их танхимд боллоо. Өнгөрсөн жил тус тоглолтын тухай яриа гарсан даруйд л сонсогчид нь яг хэзээ, хаана болохыг асуугаад тус хамтлагийнхны амар заяаг нь бараг үзүүлээгүй гэсэн. Тиймдээ ч тоглолт эхлэхээс цаг хэртэйн өмнө үзэгчид цуглачихсан утас, бугуйн дахь цагаа байн байн харан товлосон цагийг нь хүлээнэ. Үүгээрээ энэ тоглолтыг ямар их хүлээснээ илтгэнэ. “UB Palace”-ийн өмнөх машины зогсоол дүүрсэн байсан болохоор цагаасаа хоцорч ирсэн машинтай үзэгчид авто хүлгээ түр зогсоох газраа хайж нэлээд мунгинасан. Энэ мэт зүйлсийг ажиглах зуур аль хэдийнээ 19:00 цаг болжээ. Үзэгчид хамгаалагчаар тасалбараа шалгуулан нэг нэгээр яарамгүй орно.

 

Харин хөшигний ард орж тус хамтлагийнхныг юу хийж байгааг нь ажиглавал нэг их сандарсан шинжгүй ус, ундаа, кофе ууж сууна. Зарим нь хувцсаа дөнгөж өмсч байгаа бололтой харагдана. Гэвч Т.Дэлгэрмөрөн харагдсангүй. Асуухад “Одоо ирж байна гэсэн” хэмээн хамтлагийн ахлагч Д.Батсүх хэлсэн. Энэ яриа бараг дуусаагүй байхад “Sweetymotion” хамтлагийнхан ирлээ. Тэд нэлээд яарсан бололтой орж ирж А.Хаянхярваагаас “За бэлэн үү. Амжилт хүсье” хэмээн гар барьж мэндэллээ. Үзэгчдийг харвал хоосон суудал бага үлджээ. Тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой шүгэлдэх нь шүгэлдэж, хашгиралдаж байв. Ингээд 20:00 цаг болоход үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт эхэллээ.

Хөтлөгч Анхаа тоглолтын эздийг ичээв


Хөтлөгчөөр “C1” телевизийн хөтлөгч Анхаа ажилласан. Тоглолт амьд хөгжимтэй дуулагдсан болохоор улам их сүрийг бадруулна. Нүргэлсэн хөгжим дугарч олон өнгийн гэрэл цацрахад хөтлөгч гарч ирж үзэгчдийн оройн мэндийг эрэн мэндчилнэ. Түүнийхээ дараа тус хамтлагийнхны тухай хошноор хэлж танилцууллаа. Нэгдүгээрт мэдээж тус хамтлагийн ахлагч С.Батсүхийг хэлнэ. Түүнийг “Хүмүүс амьдралаа Амбийгийн нүүр шиг барзгар хэмээн төсөөлдөг. Тэгвэл нөгөө талаар Д.Батсүхийн нүүр шиг гөлгөр, гөлчгөр байна гэх болсон. Тийм ч учраас Монголын ихэнх охид, бүсгүйчүүд түүнийг хайрлах зүрхээ тэсэн ядан цээжиндээ авч яваа. Харин Хаянаагийн хувьд дуугаараа бүсгүйчүүдийг уяраадаг. Тэгээд ч зогсохгүй рок попын залуухан бүсгүйчүүдтэй хамтарч уран бүтээл хийдэг. Тодруулбал Маралжингоо, Номинжин, Номин, Оюунтүлхүүр нарыг нэрлэнэ. Тэднээс ч өөр дуучин бүсгүйчүүдийг нэрлэж болно. Харин түүнтэй хамтарч дуулаагүй эмэгтэй дуучин байвал өөрийгөө "мараалын элэгдэл"-д орчихсон байна гэж ойлго. Ерөнхийдөө Хаянаа рок попын эмэгтэй уран бүтээлчдийг сорчилж дуулдаг гэхэд хилсдэхгүй. Хаазаагийн хувьд “Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг” хоббитой. Тэгсэн хэрнээ удаанаараа Геннисийн номонд бүртгэгдэхэд ойртоод байгаа. Үүнийг илтгэх нэг зүйл нь хамтлагийн гурван гишүүн нь 15 жилийнхээ ойноос өмнө тус бүр нэг цомог гаргачихаад байхад тэр гаргаагүй. Хэдэн жилийн өмнө “Нэг цомог гаргая даа” гэж сонсогдтол өнөөдрийн тоглолт болчихож байгаа юм. Дэлхий сөнөлөө яанаа Хаазаа гэвэл “Өө тийм үү” л гэх хүн. Тэгвэл Дээгий 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг нээж байсан хийморьтой эр. Энэ бол түүний зөвхөн жишээ. Бусдыг нь та нар мэднэ” гэв. Үүнийгээ Анхаа тус хамтлагийнханд хэлээгүй гэсэн. Тиймээс магтуулсан нэг нь онгирсон бол ихэнх нь ичиж байгаа бололтой тайзны ард зогсч байсан. Ингээд тоглолт эхэллээ. Дэлгэцэнд дүрс гарч тус хамтлагийнхны “Би гэртээ” дуугаар тоглолтын салхи хагарав. Үзэгчид хашгиралдах нь улам ихэсч жинхэнэ сэтгэл огшив. Хүрэн өнгийн хослолоор жигдэрсэн дөрвөн залуу нэгдүгээр хэсэгтээ дээрх дуунаас гадна “Чинийх”, “Би түүнийг харахаараа”, “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”, “Дурласан сэтгэл”, “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ”, “Цас хаялсан үдэж”, “Дурлачихжээ” зэрэг дуугаа багтааж үзэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мэндчилгээ дэвшүүлэх үед хамтлагаасаа хамгийн даруухан гэгддэг Хаазаа мөн л нэг их зүйл хэлсэнгүй. Өөртөө оногдсон хувиа дөнгөж өнгөрөөсөн төдий л болов. Яриа муутай болохоор нь хамтлагийнхан нь түүнийг “Дахиад юм ярь л даа” хэмээн үзэгчдийн өмнө ичээнэ. Гэсэн ч тэр үл тоов.

Хоёрдугаар хэсэг нь тэдний хувьд үзэгчдэдээ барьж буй номер байв

Тэд тус бүр өөрсдийн бие даан гаргасан дуугаа дуулсан. Хаянаагийн хувьд дуучин Д.Оюунтүлхүүртэй хамтарч дуулдаг “Зүүдний учрал”-ыг охин Анхилуунтайгаа дуулсан. Учир нь Д.Оюунтүлхүүр гадаадад яваа тул охинтойгоо дуулсан аж. Энэ нь ч үзэгчдэд маш том гэнэтийн бэлэг болсон. Түүний дараа С.Батсүх, Б.Амархүүтэй дуулсан “Татар ажиллагаа” уран сайхны киноны дуугаараа тус кинонд тоглосон хувцастайгаа гарч ирж мэндчилгээ дэвшүүлсэн. Гэхдээ Б.Амархүү мөн л ирсэнгүй. Харин тус кинонд хамтран тоглосон Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү нар тайзнаа гарч ирж тус киноны хэсгээс тоглож үзүүлсэн.

Түүнийг дуулсны дараа Хаазаагийн ээлж болжээ. Тэр нүцгэн шахуу олон бүсгүйчүүдтэй гарч ирж бүжиглэж “Захиа” дуугаа дуулахад үзэгчид улам их шүгэлдэж байв. Учир нь түүнийг ичээд нэг их юм ярихгүй байсан болохоор тэгж бүжиглэнэ гэж үзэгчид яахан санах билээ. Тайзнаас буухад нь буулгахгүй гэсэндээ нэлээд хашгиралдаад авна билээ. Тэгсэн ч нэмэр үл болно.

Хамгийн сүүлд Дээгий өөрийн зохиосон найзын тухай шүлгээ уншиж тайзны араас гарч ирэхэд фенүүд нь “Буруу эргэлт” уран сайхны киноны андын тухай дууг дуулах байх гэж бодож байсан. Тэрбээр тэр дуугаараа үзэгчдийг уяраагаад авсан. Ингээд тус тоглолт өндөрлөхөд үзэгчид тэднийг буцахыг хүссэнгүй. Дахин дуулуулахыг хүсч хэрэндээ л шуугиад авсан. Тэд ч тайзнаасаа бууж хөшигний араар оров. Тэгсэн ч үзэгчид суудлаасаа боссонгүй. Тиймээс “Номин талст”-ынхан арга буюу дахин тайзнаа гарч хоёр дуу дуулаад үзэгчдийнхээ гомдлыг тайлав.  

Азтай үзэгчээр Н.Халиун тодорлоо


Тус тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolian airlines” групп ажилласан. Тус тоглолт нь азтай үзэгчийг хосоор нь “УБ-Шанхай” руу үнэ төлбөргүй аялуулна хэмээн амлаж байсан. Тэр амлалтаараа азтай үзэгчийг шалгаруулж СХД XIX хороо 21 хорооллын оршин суугч Н.Халиун тодорсон. Тэрбээр тун удахгүй маамуулах гэж байгаа гэсэн. Тиймээс гэр бүлийнхээ хүнтэй гурвуулаа явах болж байгаа юм.

Тоглолтын дараа тус хамтлагийнхны сэтгэгдлийг сонссон юм.

Д.Батсүх: Сүүлийн сар бараг нойргүй ажилласан болохоор нэлээд ядарч байна

Тоглолтын эхний өдөр бидний эрч хүч оршдог бол хоёр дахь өдөр үнэ цэнэ үлддэг. Тоглолтын бэлтгэл ажил таван сарын өмнөөс эхэлсэн болохоор бүрэн хангагдсан. Гэхдээ сүүлийн сар бараг нойргүй ажилласан болохоор нэлээд ядарч байна. Гэхдээ үзэгчид маань санаснаас илүү сайхан хүлээж авч алга ташилтаараа сэтгэл сэргээсэнд бид маш их урам орлоо. Үзэгчдээ би “Гэрэл сүүдэр” цомогт багтсан дуунуудыг илүү сонсох байх гэж бодсон болохоор энэ цомгийн дуунуудаа голчилж дууллаа. Тоглолтын дараа хамтлагаас гарч байгаа найм дахь цомог үзэгчдийн хүртээл болно. Продюссероор нь гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ажиллаж байгаа. Одоогоор цомогтоо нэрээ өгч амжаагүй байна.

Т.Дэлгэрмөрөн: Энэ удаагийн тоглолтоороо бид өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөнөө харуулахыг зорьсон

Бидний тоглолтууд байнга сайхан болдог. Энэ удаагийн тоглолтдоо бид өмнөхөөсөө хөгжим хэрхэн хөгжиж вэ, хэрхэн өөрчлөгдөж чадсан бэ гэдгээ үзэгчдэдээ шалгуулах гэсэн бодлого тавьсан. Үүнээс дараа дараагийн рок попын халаа болон гарч ирэх дүү нар маань ч мэдрэх байх. Бас хамтлагаараа “лаг” байхын утгыг мэдрээсэй гэж хүсч байна. Мөн чадварлаг хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийг өчүүхэн ч өөрчлөлгүй олонд хүргэсний минь ач ийм хэмжээнд хүргэдгийг харуулах гэсэн юм. Харуулж ч чадлаа. Би маргааш (өнөөдөр) болох тоглолтдоо хайрын бурхандаа 999 сарнай бэлэглэнэ. Тэр мөч зөвхөн намайг биш үзэгчдийн сэтгэлийг огшоох биз ээ. Яагаад сарнай бэлэглэж байгаа юм бэ гэхээр надад хүү төрүүлж, миний жаргал зовлонг хуваалцдагт нь маш их баярладаг. Тэр баярласан сэтгэлээ би өмнө нь хэлж байгаагүй болохоор цэцэг гардуулахдаа хэлэх гэж байгаа. Үүнийг би тэсэн ядан хүлээж байна. Танай сайтаар дамжуулж тоглолтонд ирсэн үзэгчдэдээ хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Улам их аз жаргал хүсье.

Т.Хангэрэл: Баярласандаа би юм ярьж чадахгүй нь

Эхний өдрийн тоглолт сайхан боллоо. Хамгийн гол нь бидэнтэй хамт байгаа үзэгчдэдээ талархсанаа илэрхийлье. Бид хамтлагийнхаа арван жилийн ойд дуулагдаагүй дуугаа голчилж дууллаа. Энэ нь оносон сонголт болсон болов уу. 1997 оны дууг ч сайхан хүлээн авч хамтдаа дуулсанд нь баярлаж байна. Би баярласандаа юм ярьж чадахгүй байна, ойлгоорой.

А.Хаянхярваа: Миний охин аавынхаа дуунуудыг мэддэг болохоор нэг их бэлдээгүй

Миний сэтгэлд хүрэхээс илүү бидний тоглолтыг үзэх гэж ирсэн үзэгчдийнхээ сэтгэлд хүргэж чадсан бол болох нь тэр. Намайг дуучин Д.Оюунтүлхүүртэй хамтран дуулдаг “Зүүдний учрал” дуугаа охин Анхилуунтайгаа дуулахад үзэгчид сайхан хүлээж авсанд талархаж байна. Бид хоёр тоглолтын бэлтгэл ажил хийх үеэс хамт дуулна гээд шийдчихсэн байсан. Тэгээд ч миний охин аавынхаа дуунуудыг мэддэг болохоор нэг их бэлдээгүй. Хамт хоёр удаа л дуулсан.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top