“Увертюра” хамтлагийн гурван жилийн ой энэ сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт хуучнаар “Ард” кино театрын “Од” театрт болно. Энэ үеэр тэд “Удиртгал” цомгийнхоо баярыг тэмдэглэх гэж байгаа билээ. Тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бужигнаад л, гүйгээд л явж байна. Цомгийн баяраа бид тоглолтоороо нээх болохоор том хэмжээний тоглолт шиг л бэлтгэж байна шүү. Бэлтгэл ажил 80 хувь хангагдсан.
-Цомгийн баярын үеэр ямар үйл ажиллагаа болох вэ?
-Нийтдээ хоёр цаг үргэлжилнэ. Эхний цаг нь тоглолтоор үргэлжлэх бол дараагийнх нь багахан хэмжээний босоо хүлээн авалттай.

-Цомог хэвлэлтээс ирсэн үү?
-Ирсэн. Тоглолтын өдрөөс үзэгчдийн хүртээл болгоно.
-Зохион байгуулагчаар хэн ажиллаж байгаа вэ?
-“Анир” студийн захирал Б.Алтанхуяг ах зохион байгуулж байгаа. Манай хамтлаг энэ студийн дэргэдэх гэж явдаг шүү дээ. Ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байна. Тайзны зургийг “G” интертаймент, “Алтай Халиун” группт ажиллаж байсан Г.Аюушжав гүйцэтгэнэ.
-Тоглолтод урилгаар уран бүтээлчид оролцох уу?
-“Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяагаас өөр уран бүтээлч оролцохгүй. Учир нь энэ бүсгүй бидэнтэй “Дөрвөн цагийн тал” дууг хамтарч дуулсныг уншигчид санаж байгаа биз ээ. Ер нь бид тоглолтдоо цомогт орсон найман дуугаа дуулна. Үзэгчдийн хандлагаас шалтгаалж өөр дуу ч дуулах байх. Нэмж нэг зүйл хэлэхэд энэ тоглолт ашгийн бус болж байгаа. Тоглолт үзэхээр ирж байгаа хүмүүс ч бидний ойр дотны хүмүүс байна.

-Олны танил уран бүтээлчдээс хэн хэн ирэх вэ?
-Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, яруу найрагч Д.Ган-Очир зэрэг уран бүтээлчид ирнэ.
-Гурван жилийн хугацаанд танай хамтлаг ямар өөрчлөлтийг бий болгов?
-Монгол үндэснийхээ цэвэр поп операг бий болгохын төлөө л зүтгэсээр ирсэн. Үүнийгээ л нийтэд хүртээхийн төлөө мэрийж байна. Анх манай хамтлагийн уран бүтээлийг сонсогчид нэг их таатай хүлээж авдаггүй байлаа. Харин өнөөдөр тэс өөр болсон байна. Аль нэг тоглолтод оролцоход үзэгчид хамт дуулаад л. Тодорхой хэмжээний хүрээлэлтэй ч болж.
-Танай хамтлагийг байгуулагдах үед үзэгчид нийтийн дуу руу хошуурдаг байсан. Энэ их нөлөөлсөн байх даа?
-Тийм. Тэгээд ч анх “Нюанс” хамтлаг поп опера урсгалаар уран бүтээл хийдэг байсан ч үзэгчдэд нэг л таалагддаггүй байсан. Тиймээс энэ урсгалын уран бүтээлийг хүмүүс нэг их ойлгодоггүй байсан байх.
-Та нар гурван жилийн хугацаанд хэчнээн орноор тоглов?
-Тоолж үзээгүй. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан болон төрийн айлчлалаар гадаадын олон орноор тоглосон. Эх орноо ч бараг сум аймаг алгасалгүй тойрсон. Очоогүй хоёр л аймаг байгаа.
-Хэзээ гүйцээх гэж байна вэ?
-Ямар ч байсан цомгийнхоо баярыг хийе. Түүний дараа болно биз дээ. Урлагийн буянаар олон газраар явж байна аа.
-Тайлан тоглолтоо хэзээ хийх вэ?
-Бодож л байна. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг биз дээ. Тун удахгүй хийнэ ээ.
-Та нар урын сандаа хэчнээн уран бүтээлтэй вэ?
-40 орчим. Үүнээс 10 гаруй нь клиптэй болсон. Мөн бидний ганцаарчилж гаргасан цөөн уран бүтээл бий. Хамгийн сүүлд Д.Сосорбарам ахын шүлэг, хөгжмийн зохиолч "том" Б.Жаргалсайханы ая "Жаманс" дууг өөрийн болгохоор ажиллаж байна. Утга нь "Хүн энэ амьдралд төрөх, үхэх нь үнэн. Хамгийн гол нь тэр үед зөв амьдрах хэрэгтэй" гэдгийг илэрхийлдэг. Түүний дараа "Монгол опера" нэртэй хоёр дахь цомгийн ажилдаа орно.
-Энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ руу төрийн айлчлал хийхэд танай хамтлагийнхан хамт явсан байх аа?
-Тийм. Сайхан явж ирсэн. Өмнө нь бид тэр айлчлалыг тийм сүртэй, зохион байгуулалт өндөр болдог гэж бодоогүй байсан. Тэр улсад манай улсын Ерөнхийлөгч айлчлахын тулд тус улсад суугаа манай улсын бүрэн эрхт элчин сайд хоёр жил хөөцөлдөж байж зөвшөөрүүлсэн гэсэн. Үүний дараа албан айлчлал байдаг бол удаах нь Ерөнхийлөгчийн айлчлал. Хамгийн сүүлд хувийн айлчлал болдог гэсэн.
-Тоглолт нь ямар театрт болсон бэ?
-Баруун Берлин хотод байдаг “Ураня” театрт нэг удаа тоглогдсон. Үзэгчдийн ихэнх нь элэг нэгт түмэн минь байсан.
-Та нарыг хэрхэн хүлээж авав?
-Сонин юм болсон. Бид өөрсдийгөө нэг их үнэлдэггүй болохоор тэгж хүлээж авна гэж бодоогүй. Гэтэл тоглолт дууссаны дараа Монгол, Герман залуус бидэнтэй уулзаж “Цомог, плакатаа өгөөч. Танай хамтлагийн “Өнө мөнх эх орон” дууг сонсох дуртай. Та нарыг энэ тоглолтод оролцоно гэж сонсоод шөнөжингөө машинтай давхисаар байгаад ирлээ” гэсэн. Бид эндээс явахдаа хэдэн СD-нд дуунуудаа эвлүүлээд авч явсан минь оносон. Түүнийгээ плакаттайгаа гардуулсан.

-Танай хамтлаг энэ сарын 4-нд байгуулагдсан юм уу?
-Үгүй. Есдүгээр сарын 21-нд байгуулагдсан. Хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын төрсөн өдөр энэ өдөр болдог юм. Төрсөн өдөртөө тэр бид гурвыг урихдаа хамтлаг байгуулах саналаа хэлсэн. Бид ч дуртай хүлээн авснаас хойш гурван жил болж. Энэ хугацаа нэг их биш ч гэлээ урлагийн оргил өөд мацсаар явна.
-Хамтлаг байгуулагдсанаас хойш жаргал зовлон их л тохиолдож байсан байж таарна. Бяцхан дурсамж хөндөөч?
-Бид нөхөрлөөд найман жил болж байна. Түүнээс хойш хамтлаг байгуулагдлаа. Сайхан л байна. Гэхдээ эрчүүд юм хойно хааяа нударга зөрүүлэх, хэн хэндээ туних, эрхлэх үе байна аа.
-Та нарт тоглолтын урилга их ирж байна уу?
-Ирдэг. Тэр бүхнийг нь ч хүлээж авч чаддаггүй.
-Гэхдээ та нарын дууны жанр бага зэргийн тоглолтод нийцдэггүй байх аа?
-Тийм. Бид ихэвчлэн хүндэтгэлийн тоглолтод нээлт эсвэл хаалтад дуулдаг. Тэдгээр тоглолтын зохион байгуулагчид нь ч мэддэг болсон.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )