Монгол улсын Засгийн газраас сар бүр хүүхдэд 20,000 төгрөг өгөхөөр болсон билээ. Энэ ажлын хүрээнд 170,000 хүүхдээд 59 орчим тэрбум төгрөгийг олгох гэж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн сан хамтарсан ажлын хэсэг байгуулан энэ удаагийн хүүхдийн мөнгийг хялбар аргаар олгохоор болжээ.
Өөрөөр хэлбэл иргэн та хүүхдийнхээ мөнгийг авахдаа дурын банкийг сонгоно. Улмаар дурын банкны, дурын салбартаа очиж бүртгэлийн маягтыг бөглөх л үүрэгтэй ажээ. Хэрвээ та өргөдөл буюу бүртгэлийн маягтыг бөглөөгүй бол таны хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй гэж ойлгож болно. Өргөдлийн маягт бүх банкны салбарт байгаа бөгөөд, онлайн хувилбараар өргөдлийг бөглөх боломжой юм байна. Улмаар таны бөглөсөн маягтыг үндэслэн хүүхдийн нэр дээр данс нээгдэж сар бүр тогтмол мөнгө нь орж байх юм. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд дээр нэг л данс нээгдэнэ.
Өргөдөл гаргахдаа иргэн та хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон өөрийнхөө цахим үнэмлэхийг авч ирэх хэрэгтэйг анхаарах хэрэгтэй.
Хүүхдийн мөнгийг авахад ямар нэгэн суутгал, үйлчилгээ үзүүлсэн төлбөр авахгүй ажээ. Хэрвээ хүүхдийн тань мөнгөнөөс ямар нэгэн шимтгэл авсан бол үүнийг Монгол банк, эвсэл яаманд хандах боломжтой аж.
Энэ сарын хүүхдийн мөнгө 20-ны өдөр орох юм байна. Тэгэхээр иргэн та өргөдлөө энэ хугацаанаас өмнө өгөөгүй бол хүүхдийн мөнгийг нөхөн олгоно гэсэн ойлголт байхгүй.
Харин гадаадад байгаа Монгол улсын иргэн элчин сайдын яамандаа хандан хүүхдийнхээ мөнгийг авах боломжтой болж байгаа ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )