12-р сарын 21-нд дэлхийн төгсгөл ирнэ гэдэг нь цуурхал

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Өнөөдөр манай улсын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал, Нарны физикийн лабораторийн судлаач, Газар хөдлөлт судлалын секторын эрхлэгч, Бага гариг судлаач, эрдэмтэд  “Монгол ньюс” мэдээллийн төвд ирэх 12-р сарын 21-нд дэлхий сөнөнө, муу хүмүүс үхнэ, гурав хоног харанхуй байна, маш хүйтэн болно гэх зэрэг сөрөг мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тайлбар хийлээ.

Манай улсын болон дэлхийн эрдэмтдийн үзэж буйгаар дээрх сөрөг зүйлс болохгүй гэдгийг Шинжлэх ухааны баримтад тулгуурлан тайлбарласан юм. Эрдэмтдийн хэлж буйгаар дээрх яриа нь хэсэг бүлэг хүмүүсийн цуурхал гэдгийг санууллаа. Хэдийгээр үгээ хэлэх нь нээлттэй ч нийгмийг айдаст автуулж түүнээсээ сэтгэл ханамж авдаг бүлэг байгаа нь харамсалтай гэдгийг онцлон хэлэхийн зэрэгцээ энэ хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэлээ. Ийм байдлаар дэлхийд ч цуурхал тараагсад гарч хэд хэдэн удаа дэлхий сөнөнө гэсэн ч дэлхий сөнөөгүйг эрдэмтэд бодит жишээ татан тайлбарлалаа. Тодруулбал, 2000 оны тавдугаар сарын 5-нд нарны аймгууд дэлхийн шугамд давхцаж дэлхий сөнөнө гэж цуурхсан ч дэлхий сөнөөгүй гэлээ.

 Ирэх 12-р сарын 21-нд ямар нэг эрс тэс зүйл болохгүй ажээ. Учир нь ямар нэг байдлаар дэлхий сөнөх үндэслэл байхгүй бөгөөд дэлхий болон нарны орчимд байнгын станц ажиллаж хянаж байдаг байна. Сонирхуулахад нар энэ хэвээрээ 6-7 миллиард жил болно гэсэн судалгаа байдаг байна. Дээрх сөрөг мэдээлэл ямар нэг зөгнөл, таамаг биш цуу яриа юм хэмээн үгүйсгэлээ. Мөн Маяачуудын бүтээсэн цагалбар буюу календар дуусч байгаа нь дэлхий сөнөнө гэсэн үг биш. Харин ч энэхүү цагалбар цааш үргэлжлэх гэнэ.

Ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн болно гэсэн албан бус мэдээллийг тодруулахад “Мэргэжлийн зүгээс тайлбарлахад их сөрөг зүйл болохгүй. Гэхдээ энэ талаар цаг уурын мэргэжилтнүүдээс тодруулах нь зүйтэй. Манай орны хувьд зарим нутагт өвөлдөө -50 хэм хүрдэг. Энэ түвшинд л хүйтэрч болзошгүй. Харин -70, - 80 хэм хүртэл хүйтэрч сүйрэлд хүрэх үндэслэл байхгүй” гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top