УДЭТ-ийн уран бүтээлчид “УДЭТеатрын өдрүүд-Аялан тоглолт” баруун бүсэд нэртэй аялан тоглолтоо өнгөрсөн сарын 7-23-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгээд ирлээ. 80 жилийн түүхтэй энэхүү мэргэжлийн урлагийн ууган байгууллага нь төраас баримтлах соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээлээр үйлчлэхээр ийн аян замдаа гарсан билээ. Ийн тоглосон нь мэргэжлийн урлагийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог өргөжүүлэх зорилгыг агуулж байгаа тул энэхүү аялан тоглолтыг 2002 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар байна. Энэ удаа тэд Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймагт тоглосон юм. Тоглолтын бүрэлдэхүүнд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Равдан, Б. Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар, Б.Отгонбат, Б.Эрдэнэцэцэг, Э.Батхүү болон залуу уран бүтээлчид, театрын найруулагч, удирдлагууд, арын алба нийлсэн 40 гаруй уран бүтээлчид оролцжээ. Тоглолтын хөтөлбөрт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Д.Мэндсайханы “Ээжээ” Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, Михалков “Бардам туулай” зэрэг үе үеийн үзэгчдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг жүжгүүд тоглогдсон байна. Тэд орон нутгийн үзэгчдэд сюрприз болгох зорилгоор аймаг бүрийн төв талбайд нээлтийн шоу зохион явуулж тасалбарынхаа үнэд 50-70 хувийн хөнгөлөлт үзүүлсэн аж. Нийт таван аймагт 51 удаагийн тоглолтыг зохион байгуулж 15000 гаруй үзэгчдэд хүрч үйлчиллээ. Тухайлбал “Бардам туулай” жүжгийг нийт 18, “Надаар тоглосон хайр”-ыг 11, “Ээжээ”, “Эхнэрээ зээлээч” жүжгийг найм, “Тамгагүй төр”-ийг хоёр удаа тоглосон байна.
У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )