Сүүлийн үед кино урлаг эрчимтэй хөгжиж хошин урлагийн студи продакшнууд дэлгэцийн бүтээлд хүч үзэх болсон. Чанартай кино бүтээхэд хамгийн чухал зүйл бол яах аргагүй кино зохиол байдаг. Кино зохиол ховордож байгаа талаар Ардын уран зохиолч Т.Галсан гуай өөрийн бодлоо бидэнтэй хуваалцлаа.
- Кино төрөхөд хамгийн чухал зүйл зохиол байдаг шүү дээ. Сүүлийн үед Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай ч кино зохиол ховордсон. Энэ нь сайн зохиол төрөхгүй байгаа гол шалтгаан нь юм болов уу?
-Алт байхгүй бол хүүхнүүд ээмэг бөгж хийх арга байхгүй. Түүнтэй яг адил чанартай зохиол байхгүй бол сайн кино хийх ямар ч арга байхгүй. Монголын киноноос дэлхийн киноны эрдэнэсийн санд тэнцэх ганц л кино байдаг. Тэр кино нь “Цогт тайж”. Тэрхүү киноны зохиолыг аугаа их эрдэмтэн, гүн ухаантан Б.Ренчин бичээгүйсэн бол тэр гадны найруулагч кино хийх эрдэмтэй ч гэсэн монгол ахуй, Монголын түүх, Монголын их эмгэнэлийг мэдэж чадахгүй шүү дээ. Уг киног бүтээхийн өмнөхөн Сталин Катюша, танк хоёроор дайсныг дарж болохгүйг мэдсэн гэдэг. Тиймээс ард түмнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн цагт дайсан юу ч биш юм байна гэж үзэн ЗХУ-ын 15 улсад та нар дайсныг буруутгаж, эх орны үзлийг бадраасан зохиол бич гэжээ. Харин манай улс 16 дахь нь байсан учраас яг тэр эгзгийг ашиглан уг зохиолыг бичсэн байдаг. Хэрвээ үүнээс нэг жил хожидсон бол “Цогт тайж” кино өдийд байхгүй байх байлаа. Тэгэхээр юмыг цагт нь амжуулна гэдэг гайхалтай. Мөн алтан зохиолоор хийвэл алтан кино болж, мөнгөн зохиолоор хийсэн бол мөнгөн кино л болно.
-Сүүлийн үед кино урлаг эрчимтэй хөгжиж, дэлгэцийн бүтээлүүд маш олноор төрөн гарч байгаа. Та зохиолч хүний хувьд дүгнэлт хийж л суудаг байх даа?
-Ер нь тамирчин хүн богинын зайнаас марафон гүйлтээр холын зам туулдаг л даа. Тэгэхээр залуу уран бүтээлчид ч гэлтгүй тэр дасгалын үедээ яваа нэг хэсэг нь байна. Тэд дээр үеийнхэн шиг кино хийхэд хөрөнгө мөнгө, мэргэжлийн том баг ажиллах боломж нь хомс байгаатай холбоотой. Ер нь зохиол тааруу бол ямар ч сайн жүжигчин жүжиглэж, найруулагч найруулаад, орчин үеийн киноны ид шид, хослол зургийг ашиглаад ч гайхамшигтай бүтээл болохгүй л дээ. Зарим нэг хүмүүс америк кино их үзвэл алуурчин болно, солонгос кино их үзвэл солиотой болдог гэж ярьдаг л даа. Би Америкт кино үзсэн л дээ. Зайлуул манай гэнэхэн үзэгчдэд зориулсан тулаантай киног манайх авчраад байдаг болохоос биш тэндээ жинхэнэ хүнлэг ёс, ертөнцийг аврах сэтгэлгээг харуулсан тийм л кино гардаг юм билээ. Гэтэл манайд нүүдэлчдийн соёл нэлээн хумигдаж, суурьшил иргэний аж төрөх ёс орж байгаатай холбоотой юмуу хоёр гурван өрөөнд л хоёр хадам хэдэн хүргэн бэрүүд нь хэрэлдсээр байгаад дуусчихдаг кино ч гарах болсон байна. Тиймээс кино урлаг маань хүний сэтгэлийг ариусгах ариун үүрэг нь алдагдах вий. Тэгвэл үзэгчид хүлээж авахгүй. Хотын хогийг харах ямар уйтгартай билээ. Шинэ цас орсны маргааш ямар сайхан байдаг билээ. Угаараар амьсгалж явахад ямар дотор багтрам билээ. Гэтэл агаараар амьсгалж ойн азоноор амьсгалах ямар сайхан билээ. Яг үүнтэй адилхан ард түмнийхээ харанхуй цээж рүү гэрэл ортол зовлон жаргалаа мартаж, тэмцэж амьдрах ухааныг өгтөл уран бүтээл хийгдэх ёстой. Иймэрхүү санаатай кинонуудыг залуу үе маань хийх байх гэдэгт итгэж явдаг.
-Кино зохиолчид ховордоо юу даа гэмээр зүйл ажиглагдаад байгаа. Таны бодлоор?
-Ерөөсөө киноны баг задарчихсан байна л даа. Нэг сайн хүнд үүрэг оногдоход л бүгдийг хангачихдаг. Дээр үед Монгол кино үйлдвэр жилд зургаан уран сайхны кино хийдэг байлаа. Тиймээс зохиолоор гачигдаж байсангүй. Яагаад гэвэл С.Дашдооров ажилдаа очих албагүй ганцхан кино үйлдвэрийг зургаан уран сайхны киноны зохиол бэлдэх хоёрыг бэлэн нөөцөнд байлгах үүрэгтэй. Тэгээд Дооров маань Ж.Лхагваа, Д.Батбаяр гэсэн их олон зохиолчдыг тэр зүг рүү татан оруулдаг байв. Тун болохгүй бол Дооров маань дор хаяж хоёр кино бичдэг. Тэгтэл манайхан мөнгөнд шунаж ганцаараа их олон кино хийж кино үйлдвэрийг хувьчлаад авчихаж гэх маягийн хүртэл ярьдаг байсан юм. Нийгмийн захиалгаар уран бүтээлчдэд томилолт өгнө. Жишээ нь миний “Мөнгөн буйл” киноны зохиолыг бичихээр “Дуган Хад” амралт руу УГЗ, их найруулагч Р.Доржпалам бид хэд наадмын үеэр даалгавар аваад тийшээ явж байлаа. Тэгээд наадмаар ямар бөх түрүүлэх вэ гэж мөрийцтөл би гаж сэтгэдгээрээ аваргуудыг биш Ганбаатарыг түрүүлнэ гээд хэлчихгүй юу даа. Гэтэл Ганбаатар дөрвөн аваргыг хаяж түрүүлж байсан. Энэ үеэр арилжаа наймааны эсвэл ариун цагаан хөдөлмөрийн олз хоёрын хоорондын ялгааг гаргасан сэдэв байх юм шүү гэж тогтсон юм. Тэгээд энэ зохиолоо инээдмийн аястай бичиж байлаа. Харин одоо уран бүтээлчдэд боломж олгон гэрээ хийгээд явуулах байтугай биччихсэн бэлэн зохиол хэнд байгааг мэдэхгүй, уялдаа хэлхээгүй ажиллаж байна шүү дээ. Балжиннямаас эхлээд Шаравдорж, Дамдин, Нагнайдорж гэх мэтчлэн аварга арслан, далай даян найруулагч нар амьд мэнд байж л байна. Одоо цагт жүжигчдийн чадвар маш сайн болсон ч сайн зохиолгүй учраас хошин шогийн дэлгэцэнд л марзаганаад л байж байна шүү дээ.
-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл орхигдох боллоо?
-Бидний үед хүүхдийн уран бүтээлийг захиалдаг байлаа. Балжинням, Нямдаваа хоёр над дээр ирээд нэг нууц юм хийе гэж байна. Тэгтэл сургуулийн өмнөх насныхны амьдралаас сэдэвлэсэн хүүхдийн кино хийе гэлээ. Тэгээд бид гурав долоо хоногт л “Дэгдээхий нас” киноны зохиолыг гаргачихсан. Нямдаваа энэ юун тухай юм бэ гэж асуухад нь “Энэ цаг үе, үр хүүхдээ ойлгодоггүй юм гэсэн утгатай юм шүү” гэвэл ихэд цочиж, эсэргүү санаа байна гэж билээ. Уг нь хүүхэд орчноо цэцгийн мандал болгох юмсан гэсэн чин хүсэлтэй гэтэл цэцэрлэгийн багшаас эхлээд аав ээж нь тэр хүүхдийн сэтгэлийг ойлгодоггүй. Тэгэхээр томчууд бид чинь хүүхдийнхээ сэтгэлийг ойлгодоггүй юм уу даа л гэдэг санааг энэ “Дэгдээхий нас” киногоороо харуулсан. Сайн зохиолыг зохиолч хүнээс л авах ёстой. Надад бичсэн бэлэн хүүхдийн зохиолууд ч байна. Гэтэл надтай уулзаж, зохиол асууж байгаа нэг ч найруулагч алга. Ахмад үеийнхэн залуу үе хоёрын хооронд зөндөө их зай гарчээ. Одоогийн ид хийж бүтээж яваа залуус маань дөнгөж 30 гарч яваа. Гэтэл бид 80 гарчихсан тэгэхлээр шинэ сэтгэлгээ, шижигнэсэн алхааг нь хуучин тархи, хулуутай хөл хоёр маань гүйцэхгүй байх шиг байна шүү /инээв/. Хүн бүр хүүхэд насыг дайрч гардаг мөртлөө хүүхдэд зориулсан уран бүтээл хийхээр ашиг олдоггүй гэж боддог юм уу даа. Ахмад үеэсээ суралцаж, холбоотой л байх хэрэгтэй байгаа юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
Э.САРНАЙ
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 2 )
Дагз
Эргүү ацнууд