Энэ сарын 20-ны дотор оторчдыг байршуулахыг даалгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаатай холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох хүмүүст албан даалгавар өгчээ.
Тодруулбал, аймгийн Засаг дарга нарт ирэх өвөл, хаврын  бэлчээрийн даацыг тохируулан, даац хэтэрсэн аймаг, сумын мал, малчдыг бэлчээрийн  даац хангалттай орон нутагтай гэрээ байгуулан отроор өвөлжүүлж, хаваржуулах нөхцлийг хангахыг даалгаад байна. Түүнчлэн отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ сарын 15-ны дотор хуралдуулан, аймаг дотроо болон бусад аймаг, сумын нутагт өвөлжүүлэх чиглэлийг тогтоон, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэн энэ сарын 20-ны дотор тодорхой бүст байршуулах шаардлагатайг тусгажээ. 

Манай улсын хэмжээнд энэ онд 44 сая мал өвөлжих тооцоо гарсан. Өнгөрсөн хавар 14,1 сая төл хүлээн авсан бол одоогоор 50,3 сая мал намаржиж байгаа юм байна. Үүнээс дотоод, гадаад дахь хэрэгцээгээ тооцож хасалт хийгээд 44 сая мал өвөлжих тухай тооцоо гаргасан аж. 44 сая малын хэрэгцээг тооцвол 1.250.000 мянган тонн байгалийн хадлан, 35 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх шаардлагатай.  Манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд зуншлага сайн байсан ч 1,5 сая мал отрын бүс нутгаар өвөлжих юм байна. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, аймаг нь отрын бүс нутагт багтдаг хэдий ч Улаанбаатар, Төв аймаг, Хэрлэн баян улаанд төвлөрөөд байдаг. Иймд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг гэрээ хэлцэлд орж оторлох бүс нутгаа тодорхой болгох нь зүйтэйг мэргэжилтнүүд онцлов.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top