Офелиягийн нэгдүгээр дүрд Б.Ганчимэг, орлон тоглогчоор Д.Ганцэцэг сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Гамлет” жүжгийн эмэгтэй гол дүр Офелиягийн дүрийн шалгаруулалт хэдхэн минутын өмнө болж 17 оноогоор Б.Ганчимэг ялалт байгууллаа.

Шалгаруулалтаар нэг ялагч тодрох байсан ч шүүгчдийн саналаар Д.Ганцэцэгийг орлон тоглогчоор сонгов. Ингэснээр тэд тус жүжигт давхар тоглох эрхтэй болж байгаа юм. Тус дүрд УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа, М.Тогтохжаргал, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Т.Хулан, Б.Одончимэг, Н.Цэнгэлжаргал, Д.Ганцэцэг, А.Ганчимэг ХБНГУ-ын урлагийн сургууль төгссөн чөлөөт уран бүтээлч Г.Ариунболор нар өрсөлдсөн юм. Оролцогчид Офелиягийн галзуурдаг хэсгийг сонгосон байлаа. Энэ нь тухайн жүжигчний ур чадварыг илүү шаарддаг тул ийн сонгосон байна.   

Шүүгчээр тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ассент найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Б.Ганхуяг, бүжиг дэглээч Х.Төгсөө, нарийн бичгийн дарга Р.Оюунтөгс нар томилогдсон байв. Энэхүү шалгаруулалтыг ерөнхий найруулагч Н.Наранбаатар санаачлан нийслэл, орон нутгийн мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарласан билээ. Өмнө нь соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиол “Шөнө амталсан нулимс”, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн дүрийг үүний адил сонгон шалгаруулж хийж сонгож байсан билээ.

Дашрамд дуулгахад “Гамлет” жүжгийн гол дүр С.Болд-Эрдэнэ түүний ээж Гертрудад гавьяат жүжигчин У.Уранчимэг, Плонид Б.Жаргалсайхан тоглохоор болсон билээ. Мөн тус жүжгийн тендер зарлагдахад найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин нартай Н.Наранбаатар өрсөлдөж ялан найруулах үүргийг хүлээсэн юм.

Энэ үеэр Б.Ганчимэгээс тодруулга авсан юм.

Б.Ганчимэг: У.Уранчимэг эгч надад маш их тусласан


-Юуны өмнө танд баяр хүргэе. Дүрээ хэр бэлдэв?

-Баярлалаа. Тендер зарлагдсанаас хойш буюу наймдугаар сарын 10-наас хойш бэлдсэн.

-Найруулагч, жүжигчдээс зөвлөгөө хэр авав?

-Гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч надад маш их зөвлөгөө өгсөн. Мөн Д.Ганцэцэг эгч өөрөө оролцох гэж байгаа хэрнээ надад туршлагаасаа харамгүй хуваалцсан.

-Дүрээ хэр судалж байна вэ. Сар гаруйн дараа нээлт болох гэж байна шүү дээ?

-Дүрдээ ажиллаж эхэлснээсээ хойш судласан. Эхний хугацаанд дүрээ ойлгохгүй бэрхшээл гарч байсан. Гэвч У.Уранчимэг эгчийнхээ хүчинд дүрдээ орж чадлаа.

-Нээлтэд оролцоход бэлэн үү?

-Дахиад ажиллах хэрэгтэй. Түүнийхээ дараа л бэлэн гэж хэлнэ дээ.  

-Энэ дүрд өмнө нь Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд тоглосон. Түүнээс зөвлөгөө авсан уу?

-Түүнийг дүрдээ хэрхэн ажилласан талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар бидэнд хэлж байсан. Түүнээс өөр зүйл олж чадаагүй ээ.

-Өнөөдрийн шалгуулсан уран бүтээлчид Офелиягийн галзуурдаг хэсгийг сонгосон байна. Та яагаад бас энэ хэсгийг онцлов?

-Жүжигчний ур чадварыг шалгадаг хэсэг бол энэ. Үүнд тэнцчих юм бол бусад хэсэг нь гайгүй. Тэгээд ч хялбар хэсгийг нь онцолбол шүүгчдийн үнэлгээ багасаж таарна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top