Өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2012 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хяналт, шалгалтын удирдамжийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 12-ноос 21-ний хооронд Нийслэлийн 9 дүүрэгт зургаан ажлын хэсэг дэд бүтцийн хяналтын чиглэлээр Нийслэлийн болон МХЕГ-ын 34 улсын байцаагч хяналт, шалгалт хийсэн үр дүнгээ нэгтгэн тайлагналаа.
Шалгалтыг Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байгууламжийн чанар, өргөх байгууламжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2011 оны 311 тогтоол, салбарын холбогдох норм дүрмийн хэрэгжилтийн байдлыг тухайн барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч, зургийн байгууллагад хийж, дүнгээ нэгтгэн гаргасан байна.
Шалгалтад есөн дүүргийн 594 объект барилга байгууламж, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер техникийн ажилчид хамрагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 29 компанийн 41 барилга хамрагдсан аж.
Нийтдээ тухайн барилга байгууламжийн чанар, өргөх байгууламжийн техник ашиглалт аюулгүй байдал,гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл, барилгын үндсэн хийц, бүтэц, техникийн нөхцлийн иж бүрдэлд барилгын зураг төсөлд магадлал хийсэн байдал, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх, угсралтын ажлын төлөв байдал, ил далд ажлын акт, талбайн журналын хөтлөлт, барилгад хэрэглэгдэж байгаа барилгын материалууд , зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа эсэх зэрэг 30 гаруй үзүүлэлтийг багтаасан хяналтын хуудаст газар дээр нь шалган тэмдэглэжээ.
Нэгдүгээрт, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэг дэх 5 цэцэрлэг, 8 сургуулийн хашаанд болон ойролцоо барилга барьж байгаа 20-иод барилгын үйл ажиллагааг онцгойлон шалгаж газар дээр нь үнэлэлт дүгнэл өгсөн байна.
Хоёрдугаарт, барилга байгууламжийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол аваар гарч байгаатай холбогдуулан хамгийн сүүлд гарсан найман осол дээр иж бүрэн шалгалт хийж дүгнэлт гаргасан ажээ. Тодруулбал, БГД-т баригдаж байгаа Мүүди ХХК, БГД, БЗД, Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа Хурд, иргэн Пүрэв, МАК, Мандал-Алтай, Натур хаус, Сөүл группын захиалгаар Төгсбүрэн, Булган-Гэмпэл, MS билл, H-зээрд, Төгс-үлэмж чанар, Сөүлийн компаниудад дүгнэлт гаргасан байна.
Хотын бүтээн байгуулалт, зуун мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотойгоор 72 байгууламж хамрагдсан бөгөөд 2012 онд шинээр угсрагдсан 316 липт, 49 склатр, гаднаас оруулж ирсэн 220 өргөх кран, 87 сагстай өргөгч, 72 барилгын өргүүрийг шалгалтад хамруулж бүх тоног төхөөрөмжид аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэжлийн байгууллагад бүртгүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
Шалгалтад 594 барилга байгууламж хамрагдсанаас:
- 168 нь буюу 27,8 хувь барилга байгууламж эхлэх , үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ. Тодруулбал, “BS” компанийн ундааны үйлдвэр, “Эка могул” компанийн конторын үйлчилгээ агуулахын барилгууд , “Сим педль” компаний барилгын материалын агуулах, дэлгүүр, “Ашиг шим” компанийн үйлчилгээний барилга, “Lux new solution” компанийн 700 айлын орон сууцны хороолол, “Зуншин” компанийн Хүслийн өргөө цогцолбор, “Бүрд” Констракшны 96 айлын орон сууц, “Испани харш”-ийн 96 айлын орон сууц, “Ган татанг” компанийн найман айл, цэргийн музейн 300 айлын орон сууц зэрэг 168 барилга байгууламж багтжээ.
-179 объект буюу 30,1 хувь нь барилга байгууламждаа зураг төслийн магадлал хийлгэж, баталгаажуулаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн
-29 объект ямар нэг тусгай зөвшөөрөлгүй угсралтын үйл ажиллагаа явуулсан төдийгүй эрх хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж 18 давхар барилга барих зөвшөөрөл авалгүй ажил гүйцэтгэсэн
-112 барилга буюу 18,8 хувь нь ус, дулаан, цахилгаан, цэвэр ус хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авалгүй барилга угсралт хийсэн
-174 объект нь 29,3 хувь нь тухайн барилга угсралтын талбайд явагдах шаардлагыг хангаж ажиллааагүй, угсралтын ажлын талбайн журнал хөтлөөгүй, хөтлөлт хангалтгүй, ил далд ажлын акт байхгүй, бичигдээгүй, бичигдэж байгаа ч шаардлагад нийцэхгүй зэрэг зөрчил илэрсэн
-254 барилга буюу 42,7 хувь нь захиалагчийн болон зохиогчийн хяналт огт хийгдээгүй
-121 нь буюу 20,3 хувь нь тухайн барилгын бүтээц болох цутгамал бетон, рам, хучилтын зуурмагаас дээж авч шахуулаагүй, үндсэн бетоны бэлдэцийг лоборториор баталгаажуулаагүй, дулаан техникийн шаардлага хангаагүй цонх хаалга материал бүтээцийг хэрэглэх, хэрэглэгдэж байгаа материалуудыг буруу газар хадгалах зэргээс технологийн горим бүрдүүлээгүй зэрэг зөрчил илрүүлжээ.
Мөн 54 бетон зуурагч авто насос хамрагдсанаас техникийн үялчилгээ хийх нормгүй, ажилд гарахдаа шалгадаггүй, аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй, аюулгүй байдлыг хангасан албан тушаалтангүй, ажлын талбайд мөрддөг норм, дүрэм байдаггүй, гэрчилгээгүй, сургалтад хамрагдаагүй, мэргэшээгүй гэсэн зөрчлүүд илрээд байгаа юм байна. Түүнчлэн Богд уул орчимд аялал жуулчлалын чиглэлээр Зайсан, Нүхт, Богинын ам, Бага тэнгэрийн аманд орон сууцны хороолол барих нөцлийг бүрдүүлж байгаа гэлээ.
Нийт зөрчлөөс техникийн бичиг баримтын бүрдэлт дутуу 5 хувь, онош магадлал хийгдээгүй зөрчил 8 хувь, зураг төсөл талбайн журмыг мөрдөөгүй, ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх байхгүй 27 хувь, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт хангалтгүй байгаа нь 18 хувь, техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан 48 хувийг эзэлсэн байна.
Зөрчил, түүнд авсан арга хэмжээ
-1337 төрлийн зөрчилд 174 заалттай 59 албан шаардлага, 70 дүгнэлт, барилга угсралтын ажлыг зогсоох тухай 176 акт гаргаж аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн 78,4 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
-Инженер болон ажилчдад Онол арга зүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.
Барилгын салбарт хийсэн дээрх шалгалтыг дүгнэхэд:
Барилгын тухай хуульд заасан эрх, үүргийн хэрэгжилт 62,5 буюу хангалтгүй түвшинд хэрэгжиж байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн барилгуудын угсралтын ажлыг хяналтын хуудсаар дүгнэхэд 6.7 хувь нь их эрсдэлтэй, 23.4 нь дунд эрсдэлтэй, 69.9 хувь нь бага эрсдэлтэй гарсан байна.
Чанарын шаардлага хангаж, дүрэм журмын дагуу баригдаж буй барилгуудаас дурдвал
Шалгалтаар зөрчил дутагдыг харахаас гадна ололт, дэвшилтийг байгууллага болгон дээр онцлон харж дүгнэлт өгсөн юм байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21, 22-р хороон дахь сургуулийн барилгын ерөнхий гүйцэтгэгч Бридж констракшн ажиллаж, дотооддоо Олон улсын ISO 2009 стандартын шаардлагад нийцсэн барилга угсралт хийжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Blue dragon, Анваард, БГД-ийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Делта констракшн, БЗД-ийн нутагт Гангар инвест, Эко констракшн, Тэдмэнт зэрэг компаниуд дотоодын хяналт шалгалтын журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэлээ. Түүнчлэн, Улсын ерөнхий байцаагчийн 2009 оны гуравдугаар сарын 24-ний албан шаардлагын дагуу барилгын талбайд бетон зуурмаг зуурах асуудал үндсэндээ зогссон гэсэн дүгнэлт гаргажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )