Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Тэмүүлэнбаатар” компани газрын зөвшөөрөлгүй барилга барьсныг НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтэс шалгаж, буулгах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор өнөөдөр тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад тодруулга авлаа.
-Ямар үндэслэлээр барилгыг нураах болсон юм бэ?
-Манай барилгыг хууль бус газрын зөвшөөрөлтэй гэж Хотын дарга Э.Бат-Үүл үйл ажиллагааг зогсоож, цахилгааныг тасалсан байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл ярьсан. Мөн барилга дээр ирж олон нийтийн дунд танай барилгыг нураана, төр хохирлыг иргэдэд олгоно гэсэн. Хохирол хаанаас гарах сонин биш. Хэн энэ барилгыг бариулсан юм бэ? Би өөрийн өмчлөлтэй газар дээрээ барилга барьсан. Ганц эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаа юм шиг хоёр намын хооронд оруулчихсан. Би нам бус хүн. Байгууллагуудаар явахад манай нам, танай нам гэж өмнөх ажлаа үгүйсгэж, дараагийн ажлаа хийсэн болж харагдах журмаар би дунд нь хохирч байна. Харин оршин суугчдын цахилгааныг тасалсан байсан ч өгөөд байна. Анх манай компани 2007 оноос барилга барьж 2010 онд оршин суугчдаа оруулсан. Нураах гээд байгаа энэ барилга орон сууцны хоёр дахь барилга. Өмнөх барилгын хажууд баригдаж байсан юм. Шинэ захирагчийнхаа хийсэн ажлыг үнэлж байна. Гэхдээ ганцхан очихдоо цахилгааныг залгаад, байгууллагын цахилгааныг тасалж, хаа гэсэн. Манай барилгын бүх бичиг баримт хуулийн дагуу байж, барилгын ажил явагдаж байсан.
-Хуулийн дагуу баригдаж байгаа тухай бичиг баримт, зөвшөөрлөө үзүүлсэн үү?
-Шууд нэвтрүүлэгт орж байх үеэр нь очиж “Манайх зөвшөөрөлтэй барилга” гэхэд Газрын албаны дарга болон холбогдох хүмүүс уучлаарай дараа нь энэ тухай уулзаж ярья гэсэн. Ингээд н.Гантөмөр дарга хүлээн авч уулзахдаа “Уучлаарай захирамжтай байсан юм байна. Үүнийг залруулъя” гэсэн. Тэгэхэд би залуу хүмүүс алдаатай оноотой ажиллахыг алийг тэр гэхэв гээд явсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргээс ”Танай барилгын зөвшөөрөл алга” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь тодруулахаар Нийслэлийн газрын албанд хандтал “Байхгүй л байна даа” гээд байв. Харин архиваас нь дутуу хагас бичиг баримт гарч ирсэн. Харин одоо давхар нэмж барьсан гээд байгаа.
-Одоог хүртэл яагаад өмнөх барилгын оршин суугчид байрныхаа гэрчилгээгээ аваагүй юм бэ?
- Үүнийг хөөцөлдөж хоёр жил явлаа. Таван давхар баригдах ёстой барилгыг долоон давхар болгож барьсан гэж зарласан. Скизээр батлагдсан нь зургаан давхар байсан юм. Долоон давхар барихдаа эрх бүхий байгууллагад хандаж байгаад долоон давхар болгосон. Иймд би дээрх асуудлаар шүүхэд хандах гэж байгаа.
-Мэргэжлийн хяналт хүлээж аваагүй, оршин суугчид нь гэрчилгээгээ аваагүй байхад яагаад оруулах болов?
-Мэргэжлийн хяналтад хүлээлгэн өгөх гэж жил гаруй хугацаанд хөөцөлдсөн. Гэтэл иргэд мөнгө авчихаад гээд байхаар нь оруулсан. Энэ бол үнэн. Комисс хүлээж аваагүй байгааг мэдэж байгаа биз дээ гэхэд “мэдэж байгаа” гэхээр нь оруулсан. Би нэгэнт мөнгийг нь авсан юм чинь оруулахгүй гээд яах байсан юм. Барилга хууль ёсных байсан болохоор оруулсан.
-Нураах гээд байгаа барилга хэчнээн төгрөгний үнэлгээтэй барилга юм бэ?
-Би үнэлгээний байгууллагад үнэлүүлэх гээд өгчихсөн байгаа. Миний хувьд санхүүгийн тооцооны баталгаа бий л дээ. Гэхдээ албан ёсоор үнэлгээний газраар үнэлүүлж байж мэдэгдэнэ гэж бодож байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )