Дуучин Д.Намсрайноровын бие даасан хоёр дахь “Сэвлэг шиг, Бүүвэй шиг” нэртэй тайлан тоглолт энэ сарын 10, 11-нд Монгол “Бөхийн өргөө”-нд болох гэж байгаа билээ. Энэ талаар өнөөдөр дээрх өргөөний өмнөх талбайд тусгайлан барьсан монгол гэрт хэвлэлийн хурал зарласан юм. Хуралд тус тоглолтыг зохион байгуулж буй “Дунд Урт” продакшны захирал, яруу найрагч, тоглолтын эзний нутгийн ах Ц.Жамбалсүрэн, зохион байгуулагч гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ нараас гадна мэдээж тоглолтын эзэн Д.Намсрайноров оролцсон юм. Тэрбээр хоёр жилийн өмнө одоогийн тоглолт зарласан өдрөө “Хонгор чамдаа” бие даасан анхны тоглолтоо үзэгч олондоо өргөн барьж байсан. Түүнээс хойш тэрбээр олон шинэ уран бүтээл бий болгож “Сэвлэг шиг, Бүүвэй шиг” цомгоо гаргасан юм. Тэрхүү цомогтоо орсон дуугаа ямархан чанартай бүтээл болсноо сонсогчдод толилуулах гэж ийн тоглохоор бэлтгэж байна. Мөн өмнөх тоглолтдоо дуулсан цөөн бүтээл сонгож дуулах гэнэ. Гэхдээ хөгжмийн найруулгыг нь поп стильд оруулж дуулснаараа сонсогчдод улам сонирхолтой санагдах биз ээ. Нэмж хэлэхэд тэрбээр энэ өдрийг яагаад сонгосон нь бас л учиртай юм билээ. Тодруулбал 10-ын тоог бэлгэддэг гэсэн. Дараагийн тоглолтуудаа ч энэ өдрийг товлож тоглох болно хэмээсэн. Залуухан, хөдөлмөрч дуучиндаа улам их амжилт хүсье.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )