“УС-15” орчмын халаалтын зуухтай хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “УС-15” орчмын халаалтын зуухтай хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбогдлоо. Ингэснээр “УС-15” орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанаар хангаж эхлэх юм.

Төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Засгийн газрын Цэвэр агаарын сангийн тэргүүн Н.Хүрэлсүх, Нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан  орлогч Д.Пүрэвдаваа тэргүүтэй албаныхан хүлээн авлаа. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар цахилгаан станц гэх мэт холбогдох байгууллагын төлөөлөл  байлцлаа.

Дээрх ажил хийгдсэнээр “УС-15” орчмын 600 орчим айл өрх, 2 их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр, 2 цэцэрлэг, 11 жилийн 2 дунд сургууль, 500 хүүхдийн халамжийн төв гэх мэт нийгмийн олон чиглэлийг хамарсан 70 гаруй барилга объектуудыг холбох аж. Эдгээр газар халаалтын улиралд 22 мянган тонн түүхий нүүрс түлж өвөлждөг байсан бөгөөд нийслэлийн агаарт хаягддаг байсан хортой хийнүүд буурна. Тухайлбал СО3 буюу нүүрс төрөгчийн дутуу ислийн хэмжээг 148 тонн, NO4 буюу азотын давхар ислийн хэмжээг 261 тонн, SO2 буюу хүхрийн давхар ислийн хэмжээг 86 тонноор бууруулна гэж тооцжээ. Мөн халаалт доголддог, хөлдөлт үүсдэг гэх мэт ашиглалтын үед тохиолддог байсан олон хүндрэл бүрэн шийдвэрлэгдэнэ гэж байлаа. Горим ажиллагааны хувьд 12Д магистралиас 500мм диаметртэй 1 дүгээр хэлхээний 420 метр урттай шугам татаж, 10 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулаан дамжуулах төвийг барьж холбох юм байнаа. “УС-15”-ыг холбох дулааны нөөц гаргахын тулд стадионы орчим, ээрмэлийн үйлдвэрийн урд талын орон сууцны хорооллыг өөр шугамд шилжүүлэх 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй шинэ шугамуудыг УБДС ХК-ийн хөрөнгөөр хийж байгаа аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top