Индэр: Хүүхдийн 20 мянган төгрөг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Хүний хөгжил сангаас иргэн бүрт сард нэг удаа олгогддог байсан 21 мянган төгрөгийг өнгөрсөн зургадугаар сараар төгсгөл болгоод байсан. Харин өнгөрсөн сард Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр хүүхэд бүрт сард 20 мянган төгрөгийг олгох болсон юм.  Энэ удаагийн хүүхдийн мөнгө олголт шимтгэлгүй, мөнгө авах банкаа иргэн өөрөө сонгох боломжтойгоороо онцлог. Индэр булан энэ удаа “Хүүхдийн 20 мянган төгрөг” сэдвээр иргэдийн үгийг хүргэж байна.

үүхдийн мөнгө дахин олгох боллоо. Энэ нь иргэдийн амьдралд нэмэр болохуйц мөнгө байж чадаж байна уу. Мөнгөө хэрхэн зарцуулах нь зүйтэй юм бол?

ХУД-ийн өндөр настан Н.Чимэг:

-Хүүхдэд мөнгө олгох нь зөв шүү дээ. Харин авах, авахгүй хүмүүс гэж яригдаад байгаа. Төрөөс хэний ч хүүхдийг ялгалгүй дансыг нь нээгээд мөнгө өгөх бол зүйтэй гэж бодож байна. Нэгэнт Монгол улсын иргэн юм чинь. Харин мөнгийг хэрхэн зарцуулах нь тухайн эцэг, эхээс хамааралтай байх л даа. Өмнө нь бага ч гэлгүй гурван мянгыг авч л байсан. Тэгэхээр 20 мянга болоод ирнэ гэдэг их л мөнгө. Ер нь 20 мянгыг бага гээд байх эрхгүй. Би сая ач, зээ нарынхаа бичиг баримтыг бүрдүүлээд банкинд өгчихлөө. Банк өргөдлийг дор нь авч байна. Мөн мөнгө шимтгэлгүй олгогдоно гэж байна. Хүүхдийн мөнгө авч байсан, хадгаламжтай байсан бол тэр нь гараад ирж байна. Шинэ төрсөн хүүхдэд данс нээгээд л өгч байна даа.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Б.Энхцэцэг:

-Манай хүүхдүүд анх удаа хүүхдийн мөнгийг авах гэж байна л даа. Өмнө нь хүүхдийн  мөнгө олгодог байхад төрөөгүй байсан юм. Хэрэгтэй хүндээ их хэрэгтэй мөнгө. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Монголд бол хэцүү ш дээ. Энэ мөнгийг өгсөн нь зөв гэж бодож байна. Харин эцэг, эхчүүд мөнгийг нь хүүхдийнхээ боловсролд зориулах нь зөв. Миний хувьд хүүхдийнхээ ирээдүйг бодоод хадгаламж нээлгэчихлээ. “Боловсрол ирээдүй” гэсэн хүүхдийн хадгаламжид насанд хүртэл нь хадгалахаар боллоо.

ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн Я.Анхтуяа:

-Хүүхдийн мөнгийг боловсролд нь зориулж байвал үнэтэй шүү дээ. Нийгмийн баялаг үр хүүхдээс л эхэлж байгаа юм чинь. Өнөөгийн нийгэмд хүүхдийн мөнгө олгох нь зөв гэж бодож байна. Миний хувьд хүүхдийнхээ мөнгийг боловсролд нь зориулах гээд дансанд хадгалдаг. Тодорхой хэмжээнд нэмэр болдог шүү.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Даваадорж:


-Хэрэгтэй хүндээ хэрэгтэй мөнгө шүү дээ. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг гэр бүл байгаа. Мөнгө хэрэггүй хүн гэж ч юу байх билээ. Мөнгө зарцуулахад жоохон асуудалтай байгаад байдаг. Гэхдээ яахав хүмүүс банкинд хадгалах илүү сонирхолтой болчихсон. Амьжиргааны түвшнээсээ хамаараад янз бүрээр л зарцуулдаг байх. Ер нь хадгаламж дараа нь ашигтай болов уу гэдэг үүднээс банкинд хадгалуулна даа.

Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Д.Хишигжав:

Нийгмийн амьдралаа бодоод үзэхээр хүүхдийн мөнгө зохих хэмжээнд хэрэг болчихоод байна. Харин өмнөх 21 мянган төгрөг шиг хавтгайруулж олговол халамжийн л орон болохын шинж. Ажиглаж байхад амьдралын түвшнээсээ шалтгаалаад дийлэнх нь хадгалуулж байх шиг байна. Ингэх нь зөв. Эдийн засгийн өсөлтөө бодоод үзэхээр хүүхэд 16 нас хүрэхэд түүгээр юу авч хүрэлцэх бол гэдэг нь эрсдэлтэй л дээ. Гэхдээ ямар нэг хэмжээгээр хэрэгтэй зүйлд нь тухайн үедээ хэрэг болох байх шүү. Хавтгайруулж биш хүүхдэд олгох нь зөв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top