Дуучин Ч.Амаржаргал: Ерээд оны сайхан дуунуудыг хамтдаа дуулцгаая

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Дуучин Ч.Амаржаргалыг монголчууд “Амин нүдэн”, “Үггүй хайр”, “Үймэрсэн сэтгэл”, "Зүрхний санаашрал" зэрэг олон сайхан дуунуудаар нь андахгүй. Тэрээр тун удахгүй “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Тиймээс Newsline.mn сайт энэ удаагийнхаа ярилцлагын зочноороо дуучин Ч.Амаржаргалыг урьж тоглолтынх нь талаар ярилцлаа.   

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тоглолт тань болох дөхөж байна. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Зочноор урьсанд баярлалаа. Тоглолтыг цомог дээр суурилуулж хийх нь бэлтгэлд дөхөм байдаг юм байна. Мөн тусалж дэмжиж байгаа олон хүний сайхан сэтгэлийн ачаар тоглолтын бэлтгэл амжилттай явагдаж байгаа.

-Монголчууд дуучин Ч.Амаржаргалыг дуулсан дуунуудаар нь сайн мэддэг. Харин та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би 1972 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Төрөлхийн хараагүй төрсөн учир бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1980-1990 оны хооронд 29 дүгээр тусгай дунд сургуулийг дүүргэсэн. Хүүхэд байхаасаа дуу хөгжимд сонирхолтой байсан учраас дөрөвдүгээр ангиасаа хүүхдийн хамтлагт манделин хөгжим тоглож байлаа. Мөн долдугаар ангиасаа цахиалгаан хөгжмийн “Аялгуу“ хамтлагийг байгуулж 4 жил гоцлол, соль гитарчнаар ажилласан. 1990 онд сургуулиа төгсчихөөд “Аялгуу” хамтлагтайгаа нэг жил гэрээгээр ажиллаж байсан. Энэ үеэс хамтлагтаа зориулж уран бүтээл хийх зорилгоор анхны аялгуунууд маань төрж байлаа. Одоогийн хүмүүст хүрсэн "Учрал", "Зүрхний санаашрал", "Үгүйлэгдсэн хайр" зэрэг дуунууд маань зохиогдсон.

-Хүүхэд наснаасаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэлээ. Урлагт нийтдээ хэдэн жил зүтгэж байна вэ?

-1987 оноос хойш нийтдээ 25 жил урлагт зүтгэж байна. Урлагтай амьдралаа холбосон хорь гаруй жилийн дотор 130 гаруй дуунд аялгуу хийсэн.

-Тоглолтоо хэзээнээс төлөвлөсөн бэ?

-Энэ хавар тоглолтоо хийе гэсэн бодолтой байсан. Харин МУГЖ С.Жавхлан “Амараа эгч ээ, эхлээд цомгоо сэргээж хүмүүст хүргэчихээд, цомгийнхоо үр дүнгээр тоглолтоо хийвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Миний хувьд ч тэр нь зөв юм байна гэж бодсоны үндсэн дээр сар шинийн өмнөхөн “Сэтгэлд нуугдсан харц” цомгоо гаргасан. Энэ удаагийн цомгийг маань МУГЖ Жавхлан ивээн тэтгэж, өөрийнхөө баг хамт олныг ажиллуулсан. Тэр ч утгаараа маш чанартай цомог гарсан байгаа. Мөн миний зохиосон дуунуудыг арваад дуучид дуулсан нь цомогт багтсан.

- С.Жавхлан гавъяат таны тоглолтод ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

- Тоглолтын ерөнхий найруулгыг хийж байгаа. Мөн хамтарч дуулна.

-Энэ удаагийн тоглолт таны хэд дэх тоглолт вэ?

-“Сэтгэлд нуугдсан харц” нэртэй энэхүү тоглолт маань миний ес дэх бие даасан тоглолт. Ер нь уран бүтээлийн ажлаа завсарлаагүй боловч дуулиан шуугиангүй тоглоод байсан талтай. Энэ хугцаанд 2 хуурцаг, 2 цомог гаргасан.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Дээр хэлсэнчлэн цомогт оролцсон уран бүтээлчид бүгд оролцоно. Тухайлбал МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, Л.Банзрагч, дуучин Отгонгэрэл, Гэрэлчулуун, Эрдэнэбаяр, Чинбаяр, Азжаргал, Эрдэнэдалай нар оролцоно. Мөн өөрийн нөхөртэйгөө хамтарч дуулна.

-90-ээд оны дунд үед дуучин Ч.Амаржаргал орон нутгаар их аялан тоглодог байсан санагдаж байна. Тухайн үеийн дурсамжуудаасаа хуваалцвал…?  

-1987 оноос эхлэн “Аялгуу” хамтлагтайгаа хөдөөгүүр цахилгаан хөгжим тоглон явж байсан. Харин 1993 оноос бие даан уран бүтээл хийж 2-3 удаа эх орноо тойрсон. Гэвч  Баян-Өлгий аймагт очиж чадаагүй. Очиж тоглох юмсан гэсэн бодол байдаг. Ер нь Амаржаргалын дууг сонсохыг хүссэн хүн бүрт дуугаа хүргэхсэн гэж бодож явдаг.

-Манай дуучдыг ажиглаад байхад Улаанбаатарт тоглочихоод, тэрхүү тоглолтоо орон нутгуудад тоглодог болж. Харин таны хувьд…?

-Миний хувьд ч гэсэн  “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй энэхүү тоглолтоо Улаанбаатарчууддаа толилуучихаад орон нутгаар тоглоё гэсэн бодолтой байгаа. Арваннэгдүгээр сараас биеллээ олох байх.

-Ямар ч тоглолтоос үзэгчид сюрприз хүлээдэг. Таны тоглолтын хувьд юу байх бол, нууцаасаа бага зэрэг задлавал ?

-Мэдээж үзэгчдээ хүндлэх үүднээс барих бэлгүүд байгаа. Тухайлбал рок попын алтан үеийнхэн урилгаар оролцож байгаа. Яг хэн хэн ямар дуу дуулахыг нууц хэвээр үлдээе.

-“Сэтгэлд нуугдсан харц” тоглолтыг олон түмэнд хүргэхээр ямар ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа вэ? 

-Тоглолтод маань ерөнхий ивээн тэтгэгч байхгүй. Гэсэн хэдий ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар ерөнхийдөө болж л байна. 

-Дуучин Ч.Амаржаргалын тоглолтыг хоног тоолон хүлээж суугаа үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Миний тоглолтод хүрэлцэн ирээрэй. 90-ээд оны сайхан дуунууд эгшиглэх учраас хамтдаа дуулцгаая гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. Монгол Бөхийн өргөөнөө энэ сарын 15,16-нд болох “Сэтгэлд нуугдсан харц” тоглолтонд тань амжилт хүсье. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Ярилцсан А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top