“Ромео Жульетта хоёр” сонгодог мюзикль Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Уильям Шекспирийн алдарт “Ромео, Жульетта хоёр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн сонгодог мюзиклийг Францын хөгжмийн зохиолч, хөгжимчин, найруулагч Жэрад Пресгурвич 2001 онд туурвин олны хүртээл болгосон нь өдгөө ч дэлхий дахиныг байлдан дагуулсан хэвээр байгаа билээ. Энэхүү бүтээл нь орчин үеийн урлагийн ертөнцөд нэгэн шинэ давалгаа үүсгэсэн төдийгүй, хүүхэд залуучууд, бүх насныханд театрын урлагийг танилцуулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн театрын сор бүтээл болсон гэж олон улсын урлаг судлаачид үнэлдэг юм.

“Ромео, Жульетта хоёр” мюзикль нь анх олны хүртээл болсон даруйдаа Европ дахиныг байлдан дагуулж, улмаар 14 орны хэл дээр орчуулагдан тавигдаж байсан бөгөөд “СОНГОДОГ МЮЗИКЛЬ” продакшн уг бүтээлийн зохиогчийн эрхийг албан ёсоор авсны дагуу ийнхүү 15 дахь орон болон Монголынхоо үзэгч түмэнд толилуулахаар бэлтгэж байна.

Мюзикль монгол хэлээр дуулагдах төдийгүй ингэснээр Азид анх удаа, анхдагч дэг жаяг, бүрэн эхээр нь тоглосон орон болж, дэлхийн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх нэгэн шинэ үйл явдал болохоороо онцлог юм.

Түүнчлэн энэхүү мюзиклийг туурвихад дуурь, драмын урлаг, рок попын төлөөллөөс бүрдсэн зуугаад уран бүтээлчид оролцох бөгөөд тэдний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Монголын урлагийн ертөнцөд цоо шинэ хуудас нээгдэнэ гэдэгт уран бүтээлчид итгэлтэй байна.

Мюзиклийг туурвихад ЮНИТЕЛЬ ГРУПП ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Монгол Францын Соёлын төв, УДБЭТ, ДУЭТ болон БЦДБЧ-ын уран бүтээлчид, рок попын дуучид, поп опер чиглэлийн хамтлагууд хамтран ажиллаж байна.

Дашрамд дурьдахад “СОНГОДОГ МЮЗИКЛЬ“ продакшны уран бүтээлчид 2008 оноос Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог урлагийг танилцуулах ажлыг эхлүүлэн, Европын хөгжмийн нэрд гарсан, шинэ үеийн зохиолчдын бүтээлийн дээжээс 2008, 2010, 2011 онд хөгжимт театрчилсан тоглолт зохион байгуулж ирсэн болно.

Ийнхүү албан ёсны эрхтэйгээр, Монголд анх удаа бүрэн эхээрээ тавигдах “Ромео, Жульетта хоёр” мюзикль нь 2012 оны 12-р сард УЛААНБААТАР ПАЛАС-ын Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top