Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, шог зураач Л.Мөнхбат бие даасан анхны “Цаг ирвээс” үзэсгэлэнгээ маргааш нээх гэж байна. “Улаанбаатар” музейд 12:00 цагт нээгдэх тус үзэсгэлэнд 120-иод бүтээл багтсан бөгөөд дандаа нөхөрсөг шогоор дүрслэгдсэн гэнэ. Тэрхүү дүрслэлд нь Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд асан С.Батболд зэрэг олны танил олон эрхэм багтжээ. Л.Мөнхбатыг уран бүтээлчид нь Лумо хэмээн авгайлдаг. Энэ нэрэндээ ч тэр их хайртай гэсэн. Тэрбээр өмнө нь АНУ, ХБНГУ, Япон зэрэг оронд бусад уран бүтээлчидтэйгээ хамтран бүтээлээ толилуулж байсан аж. Гэхдээ 1990 онд ХБНГУ-ын урлагийн сургууль төгсөхдөө элэг нэгтнүүддээ зориулж анх удаа үзэсгэлэнгээ гаргасан ч түүнийгээ нэг их тоодоггүй юм билээ. Эрхэм уншигч таныг “Цаг ирвээс” үзэсгэлэнг цагаа товлон байж саатан сонирхож сэтгэлийн их хөөрлийг хүртэнэ гэдэгт итгэж байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )