Би “алаан” дунд амьдарч ирсэн. Амьдрал гэдэг чинь “алаан” байхгүй юу. Өдий жоохон 16 насандаа хүний нутагт очоод...” гээд л эх орондоо их талын эрэмгий хүү болж мэндэлсэн, их газарт өглөөний хөх луу болж төрсөн их аварга маань нулимс дуслуулж байлаа.
Одоогоос 10-хан жилийн өмнө эр эмгүй, хөгшин залуугүй бүх л Монголчууд даяараа Арлын жижигхэн Япон орны 1500 жилийн түүхтэй сумо бөхийг шимтэн сонирхож, Монгол хөвгүүдээрээ, манлайд гялалзаж сор нь явсан Дагваа аваргаараа бахархаж явсан цаг саяхан. Одоо ч гэсэн тэр ертөнцөд талын хөх салхи угалзалж байна. Тэр жинхэнэ Монгол бахархал, Монгол омогшил. Гэвч өнөөдөр тэр их хүүгээ бид хэтэрхий их буруугаар ойлгож дутуу үнэлж явсан юм шиг. Хүн төрөлхтөнд мартах юм мартахгүй зүйл ч бас бий. Монголчууд бид нээрээ л "мартамхай" ард түмэн бололтой...

Монголын сор болсон эрхмүүдийг хоймортоо урьдаг "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг үзлээ, бахадлаа, бас дахин бахархлаа, огшлоо, уйллаа. Ам нээвэл, уушиг нээдэг шиг Аварга маань их сайхан илэн далангүй, ард түмнийхээ өмнө өөрийгөө дэлгэлээ. Их аварга Д.Дагвадоржийн ертөнцөөр аялж байхад түүний сэтгэлийн мухарт байдаг хонгил бүрээр зорчих шиг л боллоо. Үлгэрт гардаг шиг Монгол баатар юм та.
Гайхалтай олон ялалтууд, сумо бөхийн оргилд хүрсэн, дараа нь тэр оргилоос хэрхэн буусан гээд олон л зүйлийг тэрээр өгүүлж эх орон, элгэн саднаа их санасан тухайгаа ч нуусангүй. Гэвч Монгол хүний тухай сэдэв хөндөхөд тэрээр сэтгэлдээ байсан бүх гоморхлоо хэлэх шиг нулимс унагасан. Саяхан л түүнээр омогшиж, бахархаж явсан ард олон нь эгшин зуур л түүнээс нүүрээ буруулаа юу гэлтэй бодол өөрийн эрхгүй төрсөн. Өвсийн чинээ зүйлийг бухлын дайтай болгодог нь сэтгүүлч сэтэртэй доншуучидтай шар хэвлэлийн "алдаа" гэлтэй. “Сэтгүүлчид ээ, ичээч” гэж Б.Лхагвасүрэн найрагчийг хэлэхэд яахын аргагүй нэг бодол төрж л суулаа.
Хэвлэлийн эрх чөлөө ярьж чөлөөт сэтгүүл зүй нэрийн дор хүссэнээ бичиж, бүхнийг хараар будаж, цагаанаар амилуулж болно гэж ойлгодог сэтгүүлчид бид ч дээ... гэх бодол. Тал нутгийн босоо хүү Их Аваргынхаа уйлахыг үзлээ. Бид үнэхээр мартамхай хүмүүс юм. Амьддаа бие биенээ хайрлая.
"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн зочин Их аварга Д.Дагвадоржийн амьдралын замнал, амжилт, алдаа, оноо, дотоод сэтгэлийн нууцыг дэлгэн харуулсан нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү...
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )