Яг энэ мөчид 2012 оны 12 сарын 21 болоход 2 сар 10 хоног 19 цаг 37 минут 30 секунд үлдэж байна.
Дэлхийн сүйрэл дөхлөө хэмээн “цуурч” байгаа энэ үед зарим сэргэлэн нөхдүүд хоргодох байранд анхаарч байна хэмээн гадаадын сайтууд дээр бичжээ.
Хоргодох байр гэхээр л дайн байлдааны үеийн зураглал бидний санаанд бууна. Харин одоо хэдийгээр тайван цаг ч зарим нэг боломжийн амьдралтай хүмүүс ямар нэгэн байгалийн гамшгаас сэрэмжлэн гэрийнхээ хажууд хоргодох байртай болохыг хичээж байгаа аж.
Мэдээллүүдээс харахад, Европ болон АНУ-д хувийн хоргодох байр барьж байгуулах ажил нилээн эрэлт хэрэгцээтэй байгаа бололтой. Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий технологийн тусламжтайгаар газар дор бараг л бүхэл бүтэн суурин байгуулчих нь холгүй байгаа аж.
Хоргодох байрны асуудал Америкт бүр “Хүйтэн дайны” үед эхэлсэн ба одоо хэдэн мянгаараа хувийн хоргодох байрууд байдаг юм байна. Alpine Survival Group компани америкийн зах зээл дээр хувийн хоргодох байр барих талаар тэргүүлдэг аж. Мөн Radius Engineering, Hardened Shelters, Utah Shelter Systems, NorthWest Shelter Systems зэрэг компаниуд энэ чиглэлийн ажил гүйцэтгэдэг юм байна.
Гэвч эдгээр компаниудын барьдаг бат бөх хана, улаан товчлуур бүхий сейфэн хаалгатай “айдсын өрөө” шиг зүйлс нь хөндлөнгийн хүний халдлагаас хамгаалахаас бус байгалийн ямар нэгэн гамшгаас сэргийлнэ гэхэд учир дутагдалтай юм. Иймд газар доорх хоргодох байр л илүү найдвартай аж.
Хоргодох байрыг подвалд эсвэл гараж, саун гэх мэт гэртэйгээ залгаж барьсан объектуудын доор барьж байгуулбал илүү тохиромжтой юм. Манайд бол гэр хороололд амьдрагсад илүү боломжтой энэ талаар, хэрэв залхуурахгүй бол. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нэг их гүнзгий газар ухах ч шаардлагагүй гэнэ. Дэлбэрэлтийн долгион, цөмийн цацрагжилтаас хамгаалахад 50 см бетон, мөн тийм хэмжээний хөрс байхад л хангалттай аж.
Одоогийн энэхүү байгалийн гамшгуудын тухай шуугиж байгаа цаг үед аврагдах хамгийн найдвартай арга нь хоргодох байр байж болохоор, бүр байг гэхэд дараа нь жимс ногоогоо хадгалдаг зоорь болгоод ашиглачихаж болно.
Гадаадын зарим оронд энэ чиглэлээр бизнес хийдэг компаниуд бий болчихож. Жишээ нь нэг компани гэхэд, Калифорни мужийн Мохава цөлд 132 хүний багтаамжтай хоргодох байр байгуулахаар төлөвлөж байна гэнэ. Тэнд тусдаа өрөөнүүдээс гадна дасгалын танхим, эмнэлэг, компьютерийн танхим гээд янз бүрийн үйлчилгээний газрууд байх бололтой. Нэг хүн дунджаар 50 мянга орчим доллар төлөх аж. Хамгийн сонирхолтой нь аль эрт бараг тал хувь нь захиалагдчихсан гэсэн.
Мөн Vivos компани ийм төрлийн хоргодох байрыг бүх мужуудад байгуулан, дэлхийн сүйрлээс дөрвөн мянга гаруй хүнийг аврах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ганцхан Америк ч иргэдийнхээ төлөө санаа тавиад байгаа биш аж. Хятадад газар хөдлөлтийн үед иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилгоор олон тооны газар доорх хоргодох байр байгуулаад байгаа ба тэдний нэг нь хүн ам ихтэй том хот Нанкины төвд нээгдсэн байна.
Юкатан хойг болон Италид ийм зориулалттай бүр бүхэл бүтэн хотхон байгуулагдсан аж.
Дашрамд, нэг их сүртэй биш ч гэсэн “сонин” давхцлыг сонирхуулъя. /зөвхөн арын тоонуудын нийлбэр/
Он сар өдөр үйл явдлын нэр
2001 9 11 /АНУ-ын “Ихэр цамхагийн” сүйрэл/
+
2011 3 10 /Японы Цунами+АЦС дэлбэрэлт/
2012 12 21 /Дэлхийн төгсгөл хэмээн “цуураад” байгаа өдөр/
Эцэст нь хэлэхэд, “Муу хүн дайнд хөөрөв” гэгчээр нэг их сүржигнээд, хөөрөлд автаад байлгүй, зүгээр л нэг аятайхан зоорьтой болоод авчихыг бодоорой...
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )