“Алтыг нь авчихаад, авдрыг нь хаях” гээд байгаа юм биш биз...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

Ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хэлэлцэж байгаа билээ.

Энэ үеэр олон асуудлуудын тухай хэлэлцэгдэж байсан ба гавьяаны амралтдаа гарах багш нарт олгодог тэтгэмжийн талаар багасгах, хасаж танах тухай яригдаад байгаа нь Монголын боловсролын салбарт хүчин зүтгэж яваа олон мянган багш нарын бухимдлыг төрүүлж байна. 

Энэ оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар батлан, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр тогтсон билээ.

Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана. Мөн боловсролын туслах ажилтан гэдгийг томъёолоод сургуулийн нярав, нягтлан, засварчин, тогооч, манаач, үйлчлэгч гээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж дэмждэг бүх хүмүүсийг хамруулан 25 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэртээ гарахад нь  36 сарын хөдөлмөрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно. Энэ нь төрийн өмчийн сургуульд ажиллаж буй багш, ажилчдад  эхэлж хэрэгжинэ хэмээн баталж боловсролын салбарт ажиллаж байсан 17 мянган хүний магнайг тэнийлгэн маш ихээр баярлуулсан.

Гэтэл энэхүү шийдвэрээ хэрэгжиж эхлээ ч үгүй байхад нь одоо болих гээд ч байгаа юм шиг сонин зүйлс яригдаж байгаа нь эрх мэдэлтнүүд маань орон гаран, уймраа авгайчууд шиг таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Тухайн үедээ одоогийн шалтаг тоочоод цааргалаад байгаа нөхдүүд ч дэмжин кноп дарж батлалцаж байсан байлгүй. Үнэхээр л хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй байсан юм бол яах гэж тэр үедээ баталцгаасан юм бэ? Арай, худлаа сонгуулийн шоу хийсэн юм биш биз...

Тэр үед уг хуулийн төслийг санаачлагчдын нэг Д.Оюунхорол гишүүний өгүүлснээр жилд 6400 багш тэтгэвэрт гарна гэж тооцоолоход улсын төсөвт 2013 оноос эхлэн 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн үзэж байсан. Гэтэл сая ирэх оны төсөв хэлэлцэх үед жилд 5000 багш гавьяаны амралтаа эдэлж эхэлнэ гэвэл 50 тэрбум төгрөгнөөс наашгүй учраас хэрэгжүүлэх  боломжгүй гэсэн зүйлс сонсогдон гайхаш төрүүлэв. Яаж тооцоолохоороо бүхэл бүтэн арифметикийн нэг орны зөрөөтэй дүн гардаг байнаа. Хэн нь үнэн, хэн нь худлаа тооцоолоод байгааг тоондоо сайн хүмүүс л тогтоох байх.

Мөн багш нарт илүү тэтгэмж олговол бусад төрийн албан хаагчид барьцахаас айж байгаа гэнэ. Хэрэв үнэхээр тэгж бодож, болгоомжилж байгаа бол багш нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний ажлын ачааллын талаар тодорхой ойлголтгүй байгаа юм шиг.

Багшийн хөдөлмөр бол маш сайхан, буянлаг атлаа үнэхээр их сэтгэлзүйн ачаалал үүрдэг хүнд ажил. Амьдралын наад захын жишээ авч үзье. Нэгдүгээр ангид шинээр орсон ганц хүүхэдтэй айлд хичээл давтуулахтай холбоотой бараг л “дайн” болдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгвэл тийм “нов ногооноороо” байгаа 30-40 “товарищ”-д ганцхан хүн хичээл заадаг гээд төсөөл дөө. Тэр хүн ганц өдөр, ганц жил биш, бүхэл бүтэн 20-30 жил иймэрхүү нөхцөлд хичээл зааж байгаад гавьяаны амралтаа эдлэх боллоо. Гэтэл түүнд тэтгэмж олгохгүй бол ямар эмгэнэлтэй вэ...

Багш нарын ажлын орчин асар их дуу шуугиантай, тоосжилт ихтэй, шохойтой байнга харьцдаг гээд тоочоод байвал олон сөрөг талтай. Энгийн хүмүүс хааяа багш нартай уулзах гэж сургууль дотор орж ирээд 5-10 минут болох хооронд “Пөөх, ийм аймшгийн шуугиан дунд та нар яаж байж чадаж байнаа” гээд “үгээ хэлээд” гарцгаадаг. Багшийн ажлын орчны үнэн дүр төрх энэ.  Тэгвэл тэдэнтэй оффист налайгаад сууж байдаг нөхдүүд ямар нүүрээрээ барьцана гэж... Бас багш нар тэдний үр хүүхдийн төлөө өөрсдийн бүхий л амьдралаа зориулж байна. Цөөн бус тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ сургуульд бүрэн даатгаад өөрсдөө хариуцлага үүрэлгүй тааваараа явцгаадаг. Ингэснээр багшийн ажлын ачаалал улам ихэсдэг.

Ингэж тэдний хамаг залуу халуун нас, эрч хүч, шим шүүсийг нь үр хүүхдүүддээ зарцуулчихаад, өтөлж өвгөрөн, эрүүл мэндээр сульдсан үед нь дэмжиж туслахын оронд тэтгэмжийг нь хасах талаар ярилцаж байгаа нь хэтэрхий хүний үнэргүй, "алтыг нь аваад авдрыг нь хаяж” байгаа хэрэг бус уу бид!...

Өөрөөрөө биш шавиараа бахархаж ЗОВЛОНГОО мартдаг

Өргөн түмний үрсийг гэсээр ЖАРГАЛАА мартдаг

Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа АМЬДРАЛАА мартдаг

Самбар, шохой, ном дэвтэр дунд АР ГЭРЭЭ мартдаг

Түмний үрсийн төлөө

Тархиараа ЗУЛ өргөдөг ачтан бол – БАГШ...

Д.Мягмарсүрэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top