Үндэсний статистикийн хороо, Германы эдийн засгийн судалгааны институт хамтран өрхийн панел судалгаа явуулж эхлэхээр болжээ.
Уг судалгааны зорилго нь баруун аймгийн аж байдалд зуд хэрхэн нөлөөлдөг, өрхүүд зуд болон бусад таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авдаг, таагүй үйл явдлууд шилжих хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл цуглуулан шинжилгээ хийхэд чиглэх ажээ. Судалгаанд Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 1768 өрх хамрагдах юм байна. Энэхүү айл өрхүүдээс боловсрол, эрүүл мэнд, шилжих хөдөлгөөн, ажил эрхлэлт, өрхийн бизнесийн үйл ажиллагаа, орлого, зарлага, хадгаламж, зээл, мал аж ахуй эрхлэлт болон бусад аж ахуй эрхлэлт, өрхийн орон сууцны нөхцөл, хүүхдийн биеийн жин, өндрийн харьцаа гэх мэт дөрвөн маягт, 25 бүлэг, 585 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулах юм. Судалгааг гурван жилийн турш Үндэсний статистикийн хорооны мэргэшсэн судлаачид авах бөгөөд сард 120-184 өрх хамруулахаар төлөвлөжээ. Судалгааны мэдээллийн санг бүрдүүлэхэд Үндэсний статистикийн хороо ажиллах бол мэдээллийн боловсруулалтаа Германы эдийн засгийн хүрээлэнд хийх аж. Судалгааны үр дүнгээр цаг уурын хүндрэл өрхийн амьжиргаанд нөлөөлөх нь, хүндрэл бэрхшээл ба хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, эрсдэл хүлээх чадвар ба эрсдлийн менежмент, өрхийн хэрэглээ орлого, хөрөнгө нийгмийн харилцаа ба эрсдлийн менежмент, эрсдэлтэй нөхцөл дэх эдийн засгийн тогтворгүй байдал ба тэгш бус байдал, хүндрэл бэршээл ба ядууралд өртөх босго, цаг уурын хүндрэл, бэрхшээл ба шилжих хөдөлгөөн, үндсэн үр дүн гэсэн есөн төрлийн шинжилгээний ажил бэлтгэн нийтэд мэдээлэх юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )