“Хөгжилтэй” санал бүхий хуулийн төсөл

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

Саяхан УИХ-ын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн нэг болох Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд орсон зарим саналууд нь амьдралаас хол хөндий, хэрэгжүүлж хянахад бэрхшээлтэй санагдахаар ажээ.

Жишээ нь, Г.Баярсайхан гишүүний гаргасан Зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглоно гэсэн санал байна. Үнэн хэрэгтээ тамхи татах нь байтугай юмнуудаа чөлөөтэй хийх гэж хүмүүс зочид буудалд мөнгө төлж ордог баймаар юм. Өөрөөр хэлбэл, өөр хаана ч эдэлж чадахгүй эрх чөлөөг тэнд мэдрэх гэж... Гэтэл тамхи татмаар санагдвал яах юм, гадаа гарч татчихаад буцаж орж ирэх үү? Тэгээд ч хэрэв үнэхээр хоригломоор санагдаад байвал тамхи татахыг нь архи уухтай нь хамт хориглохгүй л бол үнэн үлгэр болно. Нөгөө согтуу гарууд нь мартаад өрөөндөө татаад, эсвэл гадаа тамхиа татна гэж гараад “тасарч” унтаад хөлдүүс болох биз. Харин үүний оронд зочид буудлуудад тавигдах шаардлагыг өндөржүүлж, өрөө бүрт агааржуулагч, утаа сорогч тавиулбал арай хэрэгжих нь хялбар байлгүй.

Дараагийн бас нэг “инээдтэй” гэхээр санал нь,  хөдөө ой модонд тамхи татахыг хориглоно гэсэн санал байна.  За яахав, батлаад цаасан дээр хориглочихлоо гэж бодъё. Харин хэрэгжилтийг нь хэн, хэрхэн, ямар арга замаар хянах нь үнэхээр бүдэг. Тамхи татах нь бүү хэл, ойгоос машин машинаар мод хулгайлахад нь барьж чаддаггүй болохоор энэ санал батлагдсан ч хэрэгжилт нь ёстой лөөлөө болох байлгүй. Ууланд түлээ хийж, түлшээ бэлтгэж байгаа хүмүүс тамхи татмаар санагдвал ажлаа хаячихаад гэр рүүгээ давхих уу?  Ккккк.... Харин үүний оронд ой модонд тамхи татах үедээ баримтлах аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй сурталчлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлбэл илүү бодитой болох биз.

Энэ мэтчилэнгээр энэхүү хуулийн төслийн тамхи татахыг хориглох саналуудыг нэгтгээд аваад үзвэл, шал дэмий, элдэв байршил зааж нуршиж байхаар ерөнхийд нь ганц базаад “орон гэртээ болон баар ресторанаас өөр газар тамхи татахыг хориглоно” гээд л болчих юм шиг...

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top