Энэ удаа “Индэр” булан иргэний цахим үнэмлэх сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг хүргэж байна. Орон нутгийн сонгууль эхлэхээс өмнө шинэ цахим үнэмлэхийг орон даяар тарааж дуусгахаар ажиллаж байгаа билээ. Харин үнэмлэхээ авсан иргэд зурагныхаа талаар таагүй сэтгэгдэлтэй байна.
-Цахим үнэмлэхээ авсан уу. Авсан бол хэр сэтгэл хангалуун байна вэ?
Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн С.Жаргал:
-Цахим үнэмлэх гэдэг тухайд таалагдаж байгаа. Харин зураг бол үнэхээр хангалтгүй. Манай гэр бүлийн хүний зураг гэхэд хачин л юм гарсан байна. Тэр зургийг боломжтой аятайхан гаргаж болоогүй юм уу хаашаа юм. Иргэний шинэчилсэн бүртгэл гэхээр нь бүртгүүлнэ гэж ойлгосон болохоос цахим үнэмлэхний зураг авахуулна гэж мэдээгүй. Тэгсэн тийм хачин юм авчихсан байна билээ. Тухайн үед ямар ч мэдээлэл өгөөгүй. Нэг л өдөр цахим үнэмлэх тань гарсан, ирж аваарай гэсэн. Толгойны тал нь хар өнгөтэй, нүүрний тал хэсэг нь муруй ч юм шиг. Яг л гудамжинд гараад үс нь ургачихсан архичин шиг гарсан байна билээ шүү.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Даваадорж:
-Үнэмлэхээ авсан. Хэн нь мэдэгдэхгүй толгойгоор тасдсан зураг байна билээ. Анх иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж байна, бүртгүүлээрэй л гэсэн болохоос биш Иргэний шинэ цахим үнэмлэхний бүртгэл явагдаж байна гэж мэдээлээгүй шүү дээ. Шинэ үнэмлэхний бүртгэл гэж хэлсэн бол ядаж зураг авах байх гэж бодоод үс толгойгоо янзална даа. Зүгээр л бүртгүүлнэ л гэж ойлгосон. Тэгсэн он дамнаад нэлээд удсаны дараа хэвлэлт нь хойшилж хойшилж гарлаа. Ингэж хариуцлагагүй хандаж байгаа байхгүй юу. Зүгээр нэг электрон аргаар уншуулж зургийг нь харчихдаг байсан бол өөр хэрэг. Гэтэл бүхэл бүтэн хэвлээд биедээ авч явах ёстой байдаг. Үнэмлэх гэдэг чинь хүний нэрийн хуудаснаас ч илүү чухал Монгол улсын иргэн гэдгийг нотлох бичиг баримт шүү дээ. Зургийн хувьд үнэхээр дийлэнх нь хангалтгүй авсан зурагтай байгаа. Мэргэжлийн зурагчин хөлсөлж 2 сая гаруй иргэний зургийг авах нь ч хаашаа юм. Иргэний бүртгэлийн ажилтнууддаа стандарт тогтоогоод аятайхан авахуулж болох байсан уу гэвэл болох байсан. Бараг бүртгэлийн ажилтнууд нь ч хэвлээд гаргаад ирнэ гэж мэдээгүй юм биш үү. Түүнээс хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаад хүний үсийг янзлаад авчихаж болно шүү дээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Өнөржаргал:
-Зургандаа сэтгэл хангалуун бус байгаа. Бусад нь ч яахав. Иргэний үнэмлэх гэдэг бол тухайн хүнийг хаана ч илтгэх чухал бичиг баримт. Хүн бүр л аятайхан зураг авахуулахыг хүсдэг биз дээ. Гэтэл иргэний цахим үнэмлэхний зураг гэж ганц ч хэлээгүй. Нэгэнт юм хийж байгаа бол хийсэн шиг хийх ёстой. Миний зураг их л инээдтэй гарсан. Хүнд харуулахаас ч ичиж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Э.Лхагвадорж:
-Үнэмлэхээ авсан. Зураг жоохон онцгүй гарсан байсан. Гэхдээ өөрсдийн маань зураг болохоор яахав дээ. Хуучин үнэмлэхний зургаас жижигхэн онцгүй л юм билээ.
Чингэлтэй дүүргийн иргэн Н.Шинэхүү:
-Хүмүүс зураг нь онцгүй гарсан гээд байгаа. Гэхдээ миний зураг хуучин үнэмлэхнээс арай гайгүй гарсан байна билээ. Сэтгэл хангалуун байгаа. Манай гэр бүлийнхэн ч гэсэн байгаагаараа л гарсан байна билээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Мягмарнаран:
-Миний хувьд үнэмлэхээ аваагүй л байна. Гэхдээ тэр бүртгэлээр аваад байсан зургийг цахим үнэлэхний зураг гэж мэдээгүй. Хачин юм гарсан байгаа байх.
Завхан аймгийн иргэн Н.Уянга
-Үнэмлэхний зураг авахуулна гэж мэдээгүй шүү. Гэхдээ яахав бага зэрэг хөөчихсөн юм шиг гарсныг эс тооцвол байгаагаараа л гарсан байна билээ.
Төв аймгийн иргэн М.Бадамхорол:
-Өө, ёстой тэнэг гарсан байна билээ. Арай дэндүү. Зураг авахад хариуцлагагүй хандсан. Цахим үнэмлэх дээр хэвлэнэ гэж хэлээгүй шууд авчихсан шүү дээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )