Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өчигдөр “Алтан ураг” бүжгэн жүжгээ тайзнаа дахин амилууллаа. Чуулгын уран бүтээлчид тус жүжгийг 1996 онд анх тайзнаа тавьж байсан ч 2000 оноос хойш дахин тоглоогүй юм. Харин энэ жил Чингис хааны мэндэлсний 806 жилийн ойд зориулан ийнхүү сэргээн тавьж байгаа нь энэ. Жүжиг эхлэхээс өмнө үзэгчид тус театрын зүг яаравчлан алхах нь түүхэн жүжгээ ихэд санасных биз. Жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн түүхтэй. Харин найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажилласан. Гол дүр Тэмүүжинд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухад бүжигчин А.Даваахүү, Бөртэд Н.Мөрөн, Тоорил хаанд Д.Эрхбилгүүн, Хуагчин хатанд гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, Билгүүдэйд Э.Ганзориг, Дармаалаад бүжигчин А.Батхүү нар тун чадварлагаар тоглосон. Энэхүү бүжгэн жүжгийн агуулга нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээсэн ба Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч, Их Монгол улсаа байгуулсан хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлсэн юм. Тэр ч бүү хэл ардын бүжигт тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн хэлбэрээр хийсэн хоёр дахь томоохон бүтээл болсон.
Энэхүү жүжгийн хөгжмийг Б.Шарав гуай бичихдээ жил орчим хугацаа зарцуулсан гэв. Харин үзэгчид хэрхэн хүлээн авч буйг Б.Лхагвасүрэн гуайгаас асуухад “16 жилийн өмнөх үзэгчид өнөөдөр амьдралыг өөрөөр харж байгаа. Тэр адил энэ жүжгийг өөр өнцгөөс харсан нь мэдээж. Харин шинэ үзэгчид түүхээрээ ихэд омогшин үзэж байна” гэв. Тэгвэл бүжигчдийн ур чадварыг С.Сүхбаатарын сэтгэлгээнээс сонсоход “Бүтээл бүр дахин тоглогдох бүртээ шинийг илэрхийлдэг. Тиймээс өнөөдрийн бүжигчид ч түүнийг илэрхийллээ. Монголын бүжгийн урлаг ч хөгжиж байгаагийн илрэл” гэж хариуллаа. “Алтан ураг” өнөөдөр дээрх театрт дахин тоглогдоно. Уншигч та бүхэнд тус жүжгийн фото сурвалжлагыг хүргэж байна.
У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )