Маргааш ”Дэлхийн хүнсний өдөр” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдөр ”Дэлхийн хүнсний өдөр” болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацаас Р.Мөнхбат, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Чулуунбат нар мэдээлэл хийлээ.

   1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага анхныхаа хурлыг хийсэн байдаг. Харин 1979 аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1981 оноос жил бүрийг өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон аж. Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.  Уг байгууллагад дэлхийн 191 орон, нэг гишүүн байгууллага /Европын холбоо/ нэгдсэн бөгөөд манай улс 1973 онд гишүүнээр элссэн юм. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажлын гол чиглэл нь иргэдийг тогтвортой, эрүүл аюулгүй хүнсээр хангахад оршдог ажээ. Мөн гишүүн орнуудынхаа хөдөө аж ахуйн техникийн чадавхийг бэхжүүлж ажилладаг байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтарч ажилладаг аж. Хэдийгээр манай улс уг байгууллагад элссэн ч 2009 оныг хүртэл БНХАУ-ын Бээжин хотоос чиглэлтэй ажилладаг байжээ. Харин 2009 оноос хойш Монгол дахь суурин төлөөлөгчийн газраа байгуулж дэвшилттэй ажиллаж эхэлсэн бөгөөд гурван жилийн хугацаанд 12,5 сая америк долларын санхүүжилтээр 10 гаруй төсөл хэрэгжүүлжээ. НҮБ-ын Хөдөө аж ахуйн газрын захирал Хосе Грациано Дя Силва манай улсад энэ сарын эхээр айлчлал хийхдээ ерөнхийлөгч, Шадар сайд, Ногоон хөгжил болоод Үйлдвэр хөдөө аж ахуй, Гадаад хэргийн яамны сайд, хоршоологч үйлдвэрлэгчидтэй уулзсан юм. Уулзалтаар олон сая мал, өргөн уудам үржил шимтэй нутагтаа тулгуурлаад зүүн азийн бүстэй холбогдох цаашид улаан буудайн экспортлогч орон болох тухай ярилцсанаас гадна хоршоологчдыг дэмжих, төрийн үйлдвэрлэлээс гадна хувийн үйлдвэрлэл хоршооллыг дэмжих, дотоодоос гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ экспортлогч орон болох тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм байна. Уг өдрийг тохиолдуулан маргааш дэлхийн бүсийн орнуудын шилдэг фермерийг шалгаруулах чуулга уулзалтад манай улсаас “Түмэн шувуут” ХХК оролцож байгаа аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top