Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг баталсан билээ.Тэгвэл өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайдын хамт авч хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа танилцууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дараах таван зорилтыг тавьжээ.
1.Монгол хүн эх орондоо чанартай өндөр нарийн мэргэжлийн эрүүл мэндийн туламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх
2. Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах
3.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх
4.Хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах
5.Бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах
Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд судалгаа хийнэ
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд үндэсний хэмжээний үнэлгээ, судалгааг эхлүүлэхээр болжээ. Үүнд эрүүл мэндийн салбар байгууллагууд, сургуулиуд оролцох юм. Эмнэлгийн үйлчилгээ, эмч сувилагчийн харилцаа, хандлага үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрдэггүй, үзүүлж байгаа тусламж үйлчилгээ чанаргүй зэрэг алдаа дутагдал ажиглагддаг тул энэхүү судалгааг хийхээр болсон байна. Тухайлбал, мэс засал, осол гэмтэл, хавдар, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд дотор гэсэн зургаан чиглэлд аюулгүй байдлыг тодорхойлж чанарыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Уг судалгаагаар эрүүл мэндэд авч хэрэгжүүлэх үндэсний хэмжээний зорилтоо тодорхойлох ажээ. Судалгааг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ. Эрүүл мэндийн салбар судалгааны зорилтод тулгуурлан бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэлээ.
10 мянган иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
ЗГ-ын эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх нэг сарын хугацаатай аян эхлүүлэхээр болжээ. Үүнд Нийслэлийн бүх дүүргийн 10 мянга орчим иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хамрагдах аж. Мөн тухайн харьяаллын иргэдийг өрхийн эмчийн хяналтад бүрэн авах, үе шаттайгаар эрүүлжүүүлэх, хяналт байнга явуулах боломжтой гэлээ. Дээрх 10 мянган иргэнийг хамруулахдаа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны өрхийн орлогыг орлуулан тооцох аргаар тодорхойлсон өрхийн эмнэлгүүд, нийгмийн халамжийн төвүүдэд бүртгэлтэй өрхүүдийг сонгожээ.
Иргэн төвтэй, ээлтэй, итгэл даах байгууллага болох төслийн уралдаан зарлажээ
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн байгууллагуудын соёл, иргэд үйлчлүүлэгчдэд хандах харилцаа, байгууллагын дотоод, гадаад орчин, уур амьсгал, зан үйлийг өөрчлөх замаар иргэн төвтэй, ээлтэй, итгэл даах бүрэн чадвартай байгууллага болгож өөрчлөх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Ийм болгож чадах төслийн баг, байгуулллагуудын дунд төслийн уралдаан зарлаж байгаа гэв. Ингээд төслөө ирэх сарын 1-нд хаах ба үүнээс шалгарсан төслөөр эрүүл мэндийн салбарыг иргэдэд ээлтэй, иргэн төвтэй зан байгууллага болгон өөрчлөхөөр болжээ.
Эрүүл мэндийн сайдын дэргэд “Иргэний хяналтын зөвлөл” байгуулж байна
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хажууд Иргэний хяналтын зөвлөл байгуулагдаж эхэлжээ. Иргэний хяналтын зөвлөл нь Монгол улсын хууль тогтоомж, Эрүүл мэндийн хууль тогтоомжууд, Эрүүл монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрүүд, эрүүл мэндийн сайдын тушаал, сайдын зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих сайн дурын оролцоотой байх аж. Зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй, зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, хорт хавдар эрүүл мэндийн асуудалтай хүмүүсээс бүрдэж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд телевизийн дэлгэцээр орон нутгийн эмч мэргэжилтэн, иргэдтэй шууд ярилцдаг болно
Эрүүл мэндийн сайд ирэх долоо хоногоос орон нутаг дахь эрүүл мэндийн салбарын эмч ажилчид, иргэдтэй шууд холбогдон ярилцаж, санал бодлоо солилцох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
152 клиник сувилалаас 66-д нь зөрчил илэрчээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хувийн клиник сувилалуудад шалгалт хийжээ. Шалгалтыг нийслэлийн бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 152 клиник сувилалд хийсэн байна. Эдгээрийн 66 сувилалаас тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нь заагаагүй, зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан, зөвшөөрөл авсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй, тухайн зөвшөөрөл авсан хаягтаа байхгүй, аж ахуйн нэгж болоод эрүүл мэндийн салбарын хуулийг зөрчиж, нөхцлүүдээ хангаагүйн улмаас зөвшөөрлийг нь түдгэлзүүлжээ. Харин дахин нягталж тодорхой хугацаанд алдаа дутагдал, зөрчлөө аригахыг үүрэг, даалгавар болгосон байна. Ингээд зөрчлөө засаж залруулаагүй бол клиник сувилалуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг ЭМЯ-ны сайд үүрэг болгожээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )