Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад ШӨХТГ-ын дарга О.Магнай, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, МШХХТГ-ын дарга Ц.Жадамба, Мобиком корпораци ХХК-ний ерөнхий захирал Д.Болор, Жи-Мобайл ХХК-ний ерөнхий захирал Д.Басбиш нар оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө үүрэн телефоны оператор компаниудад хэрэглэгчдийн ярианы төлбөрийг шударгаар тогтоож ярианы төлбөр болох мөнгөн дүнг ярьсан хугацаанд нь тохируулж унадаг болгохоор шаардлага тавьж, ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон тухай мэдээлж байсан. Тухайлбал, эхний ээлжинд “Төлбөрийг секундээр тооцъё” гэсэн саналыг үүрэн телефоны операторуудад хүргүүлээд байгаа. Харин үүрэн телефоны оператор компаниуд энэ тухай саналаа илэрхийлсэн юм. Дээрх шаардлагын хүрээнд үүрэн телефоны оператор компаниудын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан бөгөөд дараах тохиролцоонд хүрсэн байна. Ингээд үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчдийн техникийн болон төлбөр тооцооны системийн өөрчлөлтийн боломж, хугацааг харгалзан үзээд ирэх оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэгчдэд секундын алхамтай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлж, уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна эхний 1 минут нь секундын алхамтай багц үйлчилгээ бүтээгдэхүүнийг бүх үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид зах зээлд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн дараа төлбөр хэрэглэгчдийн үйлчлүүлсэн хугацаа болон төлбөр төлөлтийн түүхийг харгалзан үзэж найдвартай хэрэглэгчдийг ирэх сарын нэгнээс эхлэн барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөхөөр боллоо. Түүнчлэн цаашид барьцаа төлбөргүй зарим төрлийн үйлчилгээг санал болгохоор шийдвэрлэлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )